Голден Стэйт Уорриорс багийн довтлогч Дрэймонд Грийн Миннесота Тимбервулвст тав дахь тоглолтод хожигдож, улирал нь өндөрлөсний дараа багаа дүгнэж, ирээдүйн тухай илэн далангүй ярилаа.
Гол тоглогч Стеф Карри бэртлийн улмаас оролцоогүйг дурдаад, үүнийг шалтаг болгохоос татгалзав. Тэрээр “Тэд биднийг хожсон. Бэртэл гэдэг бол тоглоомын нэг хэсэг. Талбай дээр байгаа тоглогчидтой л тоглодог. Тэд тэгж л хийсэн” хэмээн онцлов.
Туршлагатай тоглогчийн хувьд тэрээр плейоффт амжилт гаргахад эрүүл мэнд, жаахан аз их үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Миннесотаг ялалт байгуулсан хэмээн шударгаар үнэлсэн байна.
Багийн ерөнхий хөгжил дэвшлийн талаар асуухад Грийн: “Бид улирлын турш ахиц гаргасаар байсан. Гэхдээ эцэст нь хангалтгүй байлаа. Бидний дээд хэмжээ яг энэ л байна. Бид хоёр дахь шатны баг, хоёр дахь шатнаас хасагдсан баг. Үнэн нь энэ” гэжээ.
Цаашдын талаар ярихдаа тэрээр Голден Стэйтийн ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа Жимми Батлер гол бүрэлдэхүүнд орсон нь урам зориг нэмсэн байна. “Бид дахин нэг боломжийг ашиглах бүрэн чадамжтай. Энэ зун хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийнэ гэж итгэж байна” хэмээв.
Мөн тэрээр залуу тоглогчид болох Брандин Подземски, Жонатан Куминга, Мозес Мүүди нарыг онцолж, тогтмол байдал, өсөлт хөгжил нь улирлын туршид гайхалтай байсан хэмээн магтжээ. “Тэд бүгд үнэхээр ахиц гаргасан. Ирэх улиралд дараагийн том алхмаа хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Нас ахих нь өөрт нь, Каррид эсвэл Батлерт саад болно гэсэн санааг Грийн няцаажээ. “Жил ирэх тусам бид хөгширнө. Гэхдээ би өөрийгөө улам сайжирч байна гэж мэдэрч байна. Карри ч мөн адил. Жимми ч гэсэн илүү сайн болж байна” гэж тэр онцолжээ.
Хувьдаа юуг сайжруулах вэ гэсэн асуултад, тоглолтын явц дахь алдааг багасгаж, довтолгоондоо шинэ үүрэгтээ нийцүүлэх талаар ажиллана гэв.
Грийн багийн өрсөлдөх чадамжид бүрэн итгэлтэй хэвээр. “NBA бол өөрчлөлт дунд оршдог лиг. Чи багаа шинэчилнэ, дараагийн алхам хийхийн тулд юу хэрэгтэй байна, түүнийгээ л хийнэ” хэмээв.
Түүнчлэн Миннесота багийн тоглолтыг үнэлэхдээ Жулиус Рэндл, Энтони Эдвардс нарыг онцолж, “Тэд энэ жил түрүүлэх бодит боломжтой. Бүх шаардлагатай зүйл нь бий. Гүн бүрэлдэхүүн, сайн хамгаалалттай” гэж дүгнэв.
Улирлыг хожигдлоор дуусгасан ч тэрээр сэтгэлээр унаагүй бөгөөд дахин хүчтэй буцаж ирэхэд анхаарч ажиллана гэж мэдэгдлээ. “Сайжрахын тулд хийх ёстой бүхнээ хийнэ. Баг маань ч тэр замаар явна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэрээр итгэл төгс хэлжээ.
talkbasket.net