Сүүлийн хэдэн долоо хоногийн турш интернет ертөнцөд Гизагийн пирамидын доор орших нууц хотын тухай мэдээлэл хурдацтай тархлаа. Тэтгэвэрт гарсан органик химич доктор Корадо Маланга болон албан тушаалаа хаясан судлаач, алсын тандан судлалаар мэргэшсэн доктор Филиппо Бионди нарын удирдсан баг Хафра пирамидаас хоёр километрийн гүнд 38,000 жилийн настай аварга байгууламжууд илрүүлж, тэдгээрийн дүр зургийг дахин сэргээсэн хэмээн мэдэгдсэн юм.
Италид зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Маланга, Бионди нар Synthetic Aperture Radar (SAR) технологийн дохиог тайлж унших шинэ аргачлал боловсруулсны ачаар Хафра пирамидаас гүн байгууламжууд илрүүлсэн хэмээн мэдэгдсэн. Тэдний хэлснээр, пирамидаас хоёр км-ийн гүнд долоон босоо хонгил, тэдгээрийг хүрээлэх мушгиа замууд, мөн 90 метр урт, өргөнтэй шоо хэлбэрийн хоёр байгууламж илэрсэн байна. Түүнчлэн, эдгээр хонгилын дээр хоорондоо холбогдсон таван байгууламж байгаа гэж үзжээ. Тэдний бүтээсэн дүрслэлд хиймэл оюун ухаанаар сэргээн зурсан зураг ашиглагдсан бөгөөд эдгээрийг эртний домогт хот эсвэл бүүр цахилгаан үүсгэгч байгууламж (өөрөөр хэлбэл, цахилгаан станц) байж магадгүй хэмээн таамаглажээ.
Гизагийн талбайн доор нууц байгууламж орших тухай цуурхал шинэ зүйл биш. Эртний Грекийн түүхч Херодот энэ тухай тэмдэглэж байсан бөгөөд дундад зуун болон Сэргэн мандалтын үед олонтаа сөхөгдөж байв. XIX зуунд Францын эрдэмтдийн дунд, XX зуунд Америкийн зөнч Эдгар Кейси тус цогцолборын доор “нууц бичгийн танхим” оршдог хэмээн түгээмэл болгосноор энэхүү санаа дахин олны анхаарлыг татсан. Харийнханд уг байгууламжийг хамаатуулсан цахилгаан станцын тухай таамаг ч мөн эрдэм шинжилгээний бус хүрээнд эртнээс тархсан байдаг.
Энэхүү пирамидын тухай шинэ таамаг олон нийтийн анхаарлыг татсан нь уг онолын санаачлагчдын шинжлэх ухааны зэрэг цолтой холбоотой. Маланга, Бионди нар өмнө нь Хафра пирамидагийн дотоод бүтцийн талаар хянан магадласан эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж байсан. Хэдийгээр тэдний шинэ мэдэгдэл хянан магадлалд ороогүй, Маланга нь харийнхны тухай ном бичсэнээрээ алдартай ч доктор цол, шинэ технологи гэх хослол олон хүний итгэлийг төрүүлсэн. Тэдний түүх вирус мэт тарж, InfoWars, Жо Роган, Пирс Морган зэрэг “үндсэн урсгалын археологийг” шүүмжлэгчдийн платформоор түгсэн.
“Эдгээр таамгууд олон нийтэд таатай сонсогдсон нь өмнө нь ч нууц хонгил, тасалгаа байдаг талаар олон удаа ярьж байсантай холбоотой. Харин энэ удаа тэдний эрдмийн зэрэг, өмнөх эрдэм шинжилгээний ажилтай холбогдсоноор илүү үнэмшилтэй харагдсан” гэж археологич, Кардиффын их сургуулийн профессор доктор Флинт Диббл тайлбарлажээ.
Гэсэн ч бусад судлаачдын зүгээс энэ онолд хэд хэдэн томоохон асуудал бий гэдгийг анхааруулж байна. Юуны түрүүнд, Гизагийн талбайн доорх хөрсийг шинжлэхдээ хэрэглэсэн аргууд нь шинжлэх ухааны баталгаагүй, бие даан баталгаажаагүй арга юм. SAR технологи ердөө хоёр метрийн гүнд мэдээлэл дамжуулж чаддаг тул хоёр км-ийн гүн дэх бүтцийн тухай өгүүлж буй нь эргэлзээ төрүүлнэ.

Маланга, Бионди нар шинэ илрүүлэлтийн технологи нээсэн бус, зөвхөн SAR дохиог өөр аргаар тайлж уншиж байна хэмээн мэдэгдсэн. Харин тэдний нийтэлсэн дохионы зураг болон түүний үндсэн дээр зурсан сэргээн босгосон дүрслэл хоорондоо тэс өөр харагдаж байгаа нь тэдний уран сэтгэмжээр хэтэрхий хөндлөнгөөс оролцсон болохыг харуулж байна. Үнэндээ, энэхүү технологи нь бүрэн хэмжээний 3D загвар үүсгэх чадамжгүй юм. Доктор Диббл нэгэн подкастдаа хэлэхдээ: “Энэ дүрслэл Total Recall киноны реакторын өрөөнөөс санаа авсан мэт харагдаж байна” хэмээн хошигносон.
Түүнчлэн, газар доорх радарын чиглэлээр мэргэшсэн профессор Лоуренс Коньерс (Denver их сургууль) Daily Mail-д өгсөн ярилцлагадаа “нууц хотын тухай мэдэгдэл бол хэтрүүлэг” хэмээн мэдэгджээ. Харин Египетийн нэрт археологич, хуучин Соёлын сайд Захи Хаваасс уг мэдэгдлийг “үндэслэлгүй” хэмээн тодорхойлж, ийм судалгааг хийх зөвшөөрлийг Хафра пирамидад өгөөгүй гэдгийг хэлсэн.
Судалгааны тайлбар болон бодит асуудлын тухайд, Алабамагийн их сургуулийн нэрт археологич, хиймэл дагуулын судалгаагаар Египетийн археологийг хөгжүүлж буй доктор Сара Паркэк “Спутникт авсан зургуудыг хүслээрээ өөрчилж болно… Эдгээр эрдэмтэд дохиог буруу тайлсан, харин SAR бол чулуун дундуур хардаггүй, цэг.” хэмээн мэдэгджээ.
Усны түвшин ба пирамидын доорх бодит байдал
Гизагийн талбайн доорх геологийн бүтэц, усны түвшин бол энэ мэт таамгийг үгүйсгэх хамгийн чухал нотолгоо юм. Сүүлийн 200 жилийн хугацаанд геохими, хиймэл дагуулын тандан судалгаа, сейсмийн судалгаа, муон скан, цахилгаан эсэргүүцлийн томографи, хэт авиан тест, газар доорх радар, соронзон хэмжилт зэрэг олон аргаар судалгаа хийгдсэн. Эдгээр нь өөр хоорондоо давхцан батлагдсан бөгөөд зарим нь шууд малталт, өрөмдлөгөөр батлагдсан.
Хамгийн чухал нь Гизагийн усны түвшин юм. 2019 онд Шарафелдин тэргүүтэй судлаачдын хийсэн нарийвчилсан судалгаагаар Гизагийн газрын доорх ус ердөө хэдэн арван метрийн гүнд оршдог болохыг тогтоосон. Энэ нь өнөөдөр ч Сфинкс болон бусад дурсгалууд хөрснөөс дээш “шүүрэх” усаар бага багаар элэгдэж байгааг харуулдаг. Хэрэв үнэхээр хоёр км-ийн гүнд аварга байгууламж байгаад байсан бол тэдгээр нь үргэлж усан доорх хотын нэг хэсэг байх ёстой — Амстердам, Венец бус, харин Аквамен-ий Атлантис шиг.
Ерөнхийдөө, ус бол пирамидын оршин тогтнолын түүхийн чухал хэсэг юм. Пирамид нь Африкийн чийглэг цаг үе төгсгөл болсны дараа буюу Сахарын бүс ногоон тал байсан үед баригдсан. 2022 онд Шейша тэргүүтэй судлаачдын хийсэн судалгаагаар Куфу (Хуфу)-гийн үед Нил мөрний нэг салаа шууд Гизагийн өндөрлөг хүртэл хүрдэг байсан нь чулуун материалыг тээвэрлэхэд онцгой дөхөм болсон нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, бидэнд харийнхан хэрэггүй, бидэнд ус л байхад хангалттай.
nationalgeographic.com