НБА-гийн түүхэн дэх шилдэг дамжуулагчдын нэг Жон Стоктон зальтай, овжин тоглолтоороо нэгэн зэрэг хүндлэгдэж, шүүмжлүүлж ирсэн. Юта Жаззын домогт хамгаалагч хэзээ ч сүртэй тоглолт үзүүлдэггүй ч өрсөлдөгчөө яг хэрэгтэй мөчид сэтгэл зүйн хувьд дарамталж, жижигхэн залиуд ашиглан тоглолтын өнгийг өөрчилж чаддаг байв. Түүний арга барилыг багийнхан нь дэмждэг байсан ч өрсөлдөгчид тийм ч сайхан бодолтой байгаагүй.
Саяхан “The Dan Patrick Show”-д оролцсон Даллас Маверикс багийн дасгалжуулагч, НБА-гийн бас нэгэн дамжуулагчийн домог Жэйсон Кидд энэ талаар сонирхолтой байр суурь илэрхийллээ. Патрик түүнийг “Түүхэн дэх хамгийн шилдэг дамжуулагч хэн бэ?” гэж асуухад Кидд эргэлзэлгүйгээр Стоктоныг нэрлэж, түүний бөмбөг зөөх арга, дамжуулалт болон тоглолтын мэдрэмжийг онцлон магтсан.
Гэсэн ч яриа гүнзгийрэх тусам хөтлөгчийн асуусан нэг асуулт ярианы өнгийг өөрчилсөн юм: “Тэр бохир тоглогч байсан уу?” Кидд инээмсэглээд, “Тэр бол ухаалаг байсан” гэж хариулсан нь шуудхан “тийм” гэж хэлээгүй ч, Стоктон дүрмийг ухаалгаар тойрч чаддаг байсныг хүлээн зөвшөөрсөн дохио байв.
Стоктоныг Дрэймонд Грийн, Билл Лэймбир зэрэг илт хүч хэрэглэдэг тоглогчидтой зүйрлэх боломжгүй ч заль, нарийн арга техник ашиглан давуу байдал бий болгох тал дээр тэднээс дутахгүй байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Гэхдээ зарим тоглогчид түүнийг бүр “бохир тоглогч” гэж шууд нэрлэдэг. Тухайлбал, 1990-ээд оны хатуу тоглолттой үеийн довтлогч Вернон Максвелл түүнийг “НБА-гийн түүхэн дэх хамгийн бохир тоглогчдын нэг” хэмээн тодорхойлж байв.
Өнөөгийн НБА илүү хурдтай, авьяастай тоглогчидтой болсон ч, Жон Стоктоны үеийн тоглолтын арга барил сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг байнга догдлуулсаар байна. Түүний карьер баталж чадсан нэг үнэн бол: Амжилт гаргахын тулд хамгийн том биетэй, хамгийн сүртэй тоглогч байх шаардлагагүй, хамгийн ухаалаг нь л ялдаг.
thesportsrush.com