Сүүлийн улиралд супер одуудыг эрэлхийлж явсан Голден Стэйт Уорриорс баг энэ зунаас стратегиа өөрчилж, багийн гүнзгий бүрэлдэхүүнийг бэхжүүлэхэд анхаарахаар болжээ. The Athletic-ийн мэдээлснээр, тус баг одоо Стефен Карри болон шинээр элссэн Жимми Батлерийн эргэн тойронд дэмжлэг үзүүлэх тоглогчдыг нэмэхийг гол зорилгоо болгохоор төлөвлөж байна.
Сүүлийн 16 сарын хугацаанд Уорриорс Леброн Жеймс, Пол Жорж, Лаури Марканен, бүр Кевин Дуранттай дахин нэгдэх хувилбар ч оролцсон олон томоохон тоглогчийн наймааг эрэлхийлж байв. Эдгээр оролдлогын үр дүнд улирлын сүүлчийн наймааны цонхоор Жимми Батлерийг Маяами Хит багаас авчрах томоохон солилцоо хийсэн.
Харин одоо туршлагатай хоёр супер одтой болсон тул багийн удирдлагууд дахин нэг топ тоглогч авчрахын оронд нөөц бүрэлдэхүүнээ өргөжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Голден Стэйтийг Милуоки Баксийн од Яннис Антетокумпотой холбосон цуурхал цөөнгүй гарч байсан ч ийм наймаа хийх боломж тун бага гэж эх сурвалжууд мэдээлжээ. Уорриорс баг хоёр удаагийн MVP-г өөрийн болгоход шаардлагатай наймааны хөрөнгө дутагдалтай байгаа аж.
Улирлын гол асуулт бол Жонатан Кумингагийн ирээдүй. Тэрбээр хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент болж байгаа бөгөөд багт үлдэх нь тодорхойгүй байгаа ч гэрээний нөхцөл нь зуны төлөвлөгөөнд нэлээд нөлөөлөхөөр байна.
Плей-оффын хоёр дахь шатанд хасагдсан ч багийн удирдлага болон эзэмшигчид байр суурь нэгтэй байгаа аж. Ерөнхий дасгалжуулагч Стив Керр, ерөнхий менежер Майк Данливи Жр. нар ирэх улиралд үүрэгт ажлаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа бол Дрэймонд Грийн ч мөн багтаа үлдэх хүлээлттэй байна.
Багийн эзэмшигч Жо Лэйкоб Батлерийн наймааг өндөр үнэлж, удирдлагуудаа дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
“Надад гайхалтай дасгалжуулагч, менежер байна. Майк үнэхээр гайхалтай наймаа хийсэн. Тэр үед бид .500-аас доогуур амжилттай, хаашаа ч хүрэхгүй мэт харагдаж байсан. Гэхдээ бид эхний шатанд ирээдүйтэй, хурд хүчтэй багийг хожсон нь үнэхээр гайхалтай ялалт байлаа. Энэ нь дараагийн шатанд биднийг бага зэрэг ядраасан байх. Магадгүй бидэнд хэтэрхий их ачаалал болсон ч байж мэднэ” хэмээн ярьжээ.
Миннесотагийн эсрэг эхний тоглолтыг дурсахдаа тэрбээр:
“Тэр тоглолтын эхэнд Стеф үнэхээр ‘буцалж’ эхлэх гэж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ яах вэ, амьдралд олон зүйл тохиолддог шүү дээ” гэж нэмж хэлжээ.
Уламжлалт өндөр хүлээлт хэвээр байгаа ч энэ зун Уорриорс баг философио өөрчилж, супер одуудын эрэл биш, харин тэнцвэртэй бүрэлдэхүүн бүрдүүлэхэд анхаарч, Стефен Карригийн оргил үеийн сүүлийн жилүүдийг бүрэн ашиглах, Жимми Батлерийн нөлөөг хамгийн дээд хэмжээнд хүргэхэд чиглэх бололтой.
Warriors Focused On Finding Right Role Players Over Pursuit Of Another Star In Offseason https://t.co/33YpaQu7fl
— RealGM (@RealGM) May 15, 2025
talkbasket.net