in

120 гэрлийн жилийн зайд орших гариг дээр амьдрал байж болох шинж тэмдэг илэрлээ

Дэлхийгээс 120 гэрлийн жилийн зайд орших K2-18b гариг дээр амьдрал байж болзошгүй гэж үзэж байгаа ч нарийвчилсан судалгаа шаардлагатай байна.

120 гэрлийн жилийн зайд орших гариг дээр амьдрал байж болох шинж тэмдэг илэрлээ

Гариг эрхсийн цаадах амьдралыг хайх эрэлд хүн төрөлхтөн олон нууцлаг шинж тэмдгүүдийг анхааран судалсаар ирсэн. Жишээлбэл, Ангараг гараг дээр илэрсэн метан хий, Сугар гарагийн үүлэнд илэрсэн фосфин хийн ул мөр зэрэг нь эрдэмтдийн сонирхлыг татсаар байсан ч бид одоогоор орчлон ертөнцөд ганцаар оршсоор байна.

Тэгвэл одоо судлаачдын баг анхны бодит “ул мөр” байж болзошгүй хамгийн хүчтэй нотолгоог танилцууллаа. Энэхүү илрүүлэлт нь нарны аймагт бус, харин Дэлхээс 120 гэрлийн жилийн зайд орших K2-18b нэртэй аварга том гариг дээр хийгдсэн байна. Энэ гаригийн агаар мандлыг давтан шинжлэх явцад нэгэн молекул их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоожээ. Энэ нь Дэлхий дээр зөвхөн амьд организмуудаас, тэр дундаа далайн замагнаас л үүсдэг молекул юм.

“Бид амьдралыг илрүүллээ гэж яарсан дүгнэлт хийх нь хэнд ч ашиггүй,” хэмээн судалгааны багийн ахлагч, Кембрижийн их сургуулийн одон оронч Никку Мадхусудхан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн ч, тэдний хийсэн ажиглалтыг хамгийн логик тайлбарлах нэгэн хувилбар бол: “K2-18b халуун далайгаар бүрхэгдсэн, амьдраль буцалсан гариг байх магадлалтай” гэжээ.

“Энэ бол хувьсгалт мөч. Хүн төрөлхтөн анх удаа амьдрал оршихуйц гариг дээр биосигнатурыг (амьдралын шинж тэмдэг) ажиглалаа” хэмээн тэрээр онцолсон байна.

Судалгааны үр дүнг “Astrophysical Journal Letters” сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн бөгөөд бусад эрдэмтэд үүнийг сэтгэл хөдөлгөм, бодолд хүргэхүйц анхны алхам хэмээн үнэлж байгаа ч шууд дүгнэлт хийхээс зайлсхийж байна.

“Энэ бол зүгээр нэг хоосон зүйл биш. Гэхдээ бас бид амьдрал оршдог гэж хэлэхэд эрт байна” хэмээн Жон Хопкинсийн их сургуулийн гарагийн судлаач Стивен Шмидт мэдэгджээ.

Хэрэв үнэхээр K2-18b дээр, эсвэл өөр хаа нэгтээ амьдрал байгаад, үүнийг батлах өдөр ирвэл тэр нь удаан, тэвчээр шаардсан үйл явц байх болно. Сан Антониогийн Өмнөд Хүрээлэнгийн гараг судлаач Кристофер Глайн хошигнон хэлэхдээ:
“Хэрвээ ET өөрөө бидэн рүү гараа даллаж байгааг харахгүй л бол амьдрал байгаа гэдгийг нотлох хангалттай баталгаа гэж хэлэхэд эрт байна” гэжээ.

K2-18b гаригийг анх 2015 онд Kepler сансрын дуран ашиглан нээсэн бөгөөд энэ нь манай нарны аймгийн гаднах түгээмэл хэлбэртэй гаригт тооцогддог ч, Дэлхийн ойролцоо ийм гариг үгүй тул судлахад хүндрэлтэй байсан юм. Энэ төрлийн гаригийг “суб-Нептун” гэж нэрлэдэг ба дотоод нарны аймгийн чулуулаг гарагуудыг бодвол том, харин Нептун болон хий давамгайлсан гаднах гарагуудыг бодвол жижиг хэмжээтэй байдаг.

2021 оны арванхоёрдугаар сард Жэймс Вэбб сансрын дуран хөөрснөөр эрдэмтэд эдгээр холын гаригуудыг илүү нарийвчлан ажиглах боломжтой болсон. Гариг тухайн одныхоо өмнүүр өнгөрөхөд, хэрвээ агаар мандалтай бол, тэр нь одны гэрэлд гэрэлтэн харагддаг. Агаар мандлын хийн найрлага нь энэ гэрлийн өнгийг өөрчилдөг ба үүнийг судалснаар химийн бүрэлдэхүүнийг тодорхойлдог байна.

K2-18b-ийг судлах явцад доктор Мадхусудхан болон түүний баг энэхүү гариг нь тэдний урьдчилан таамаглаж байсан “Hycean” (далай ба устөрөгч давамгайлсан) ангиллын гаригт хамаарах шинж чанаруудтай болохыг тогтоожээ. 2023 онд тэд энэхүү гаригийн агаар мандалд диметил сульфид (DMS) хэмээх маш чухал молекулын сул ул мөрийг илрүүлсэн байна. Энэ нь хүхэр, нүүрстөрөгч, устөрөгчийн элементээс бүрддэг ба Дэлхий дээр зөвхөн амьд организм, тэр дундаа далайн замгаас ялгардаг юм.

Жэймс Вэбб дурангийн өөр төхөөрөмж ашиглан дахин ажиглалт хийх боломж өнгөрсөн жил тэдэнд гарсан ба энэ удаа илэрсэн DMS молекулын дохио бүр ч хүчтэй байсан байна. Мөн түүнтэй төстэй диметил дисульфид хэмээх өөр нэг молекул ч илэрчээ.

“Энэ нь биднийг үнэхээр гайхшруулсан,” хэмээн доктор Мадхусудхан хэлжээ. “Бид маш их цаг зарцуулж энэхүү сигналыг үгүйсгэх гэж оролдсон.”

Гэвч аль ч аргачлалаар тооцоолсон ч тухайн молекулын дохио дахин дахин илэрч байсан тул эрдэмтэд K2-18b-ийн агаар мандалд DMS маш их хэмжээгээр байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд энэ нь Дэлхий дээрхээс мянга дахин өндөр хэмжээнд хүрч байж болзошгүй. Энэ нь түүний далай нь амьд биетээр дүүрэн болохыг илтгэж мэднэ.

Гэсэн ч бусад судлаачид болгоомжтой хандаж байна. Юуны өмнө K2-18b үнэхээр Hycean төрлийн, амьдрал орших боломжтой гариг мөн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн ням гарагт нийтлэгдсэн нэгэн судалгаанд Кристофер Глайн болон түүний хамтрагчид K2-18b нь халуун устай далай бус, харин магмын далайтай аварга чулуулаг гариг байж болзошгүй гэж тэмдэглэсэн байна. Түүний зузаан, халуун устөрөгчийн агаар мандал нь амьдрал орших нөхцөлд тохирохгүй.

Цаашид эрдэмтэд лабораторид туршилт хийж, эдгээр молекулын зан төлөвийг судлах хэрэгтэй болох бөгөөд эдгээр хийн молекулууд суб-Нептун төрлийн гариг дээр яг Дэлхий дээрхтэй адил байдлаар оршиж чадах эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

“Эдгээр онцгой гаригуудын мөн чанарыг бид саяхан л ойлгож эхэлж байна,” хэмээн Мэрилэндийн их сургуулийн гараг судлаач Мэттью Никсон онцолжээ.

Эрдэмтэд одоо Жэймс Вэбб дурангийн цаашдын ажиглалтыг хүлээж байгаа. Учир нь анхны олдворууд хожим илүү дэлгэрэнгүй өгөгдөл гарч ирэх үед үгүйсгэгдэх тохиолдол байдаг. НАСА-гийн зүгээс бусад оддын тойрог замд орших гаригуудад амьдралын шинж тэмдэг илрүүлэх зориулалттай илүү хүчирхэг дурангуудыг хөгжүүлж буй. K2-18b гаригийн учрыг бүрэн олж мэдэхэд хэдэн жил ч шаардлагатай байж болох ч, энэ нь үнэ цэнтэй байх болно гэж эрдэмтэд итгэж байна.

“Би ‘харийнхан байна!’ гэж орилох болоогүй байна,” хэмээн Корнеллийн их сургуулийн гариг судлаач Николь Льюис хэлээд, “Гэхдээ би үргэлж ‘харийнхан байна!’ гэж хэзээ нэгэн цагт орилох эрхээ хадгалж үлдэнэ шүү” хэмээн нэмж хэлжээ.

Харин Вашингтоны их сургуулийн астробиологич Жошуа Криссансен-Тоттон бол илүү их санаа зовниж буй. Учир нь АНУ-ын Трампын засаг захиргаа НАСА-гийн шинжлэх ухааны төсвийг 50 хувиар танаж, ирээдүйн сансрын дурангууд, амьдрал хайх төслүүдийг зогсоохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарсан. Хэрэв ийм зүйл болбол “харь гаригийн амьдрал хайх эрэл зогсох аюулд орно” гэж тэр анхааруулжээ.

Astrophysical Journal Letters

What do you think?

Leave a Reply

Египетийн пирамидын доор нууц хот байгаа гэж үнэн үү?

Египетийн пирамидын доор нууц хот байгаа гэж үнэн үү?