Japan Advanced Institute of Science and Technology-ийн судлаачид ховор хавдарт өртдөг хоёр нутагтан, мөлхөгчдийн гэдэсний бичил биетэн хавдрын эсрэг нөлөөтэй эсэхийг шалгах зорилгоор мэлхий, тритон, гүрвэлийн гаралтай бактерийг хулганад туршсан байна. Нийт 45 омгийг урьдчилан сонгон үнэлэхэд 9 нь хавдрын өсөлтийг мэдэгдэхүйц дарангуйлсан гэж судалгаанд дурджээ.
Хамгийн хүчтэй үр дүнг Японы модон мэлхий (Dryophytes japonicus)-ийн гэдэснээс ялгасан Ewingella americana үзүүлсэн байна. Хулганад нэг удаа тарьсны дараа хавдрын хэмжээ буураад зогсохгүй, эмчилгээ хийсэн бүлэгт хавдар бүрэн арилсан тохиолдол ажиглагдсан гэж судлаачид мэдээлсэн.
Мөн E. americana тарьсан хулганад 30 хоногийн дараа дахин хавдрын эс суулгахад дараагийн 1 сарын хугацаанд хавдар үүсээгүй байна. Энэ нь зөвхөн түр зуурын дарангуйлал биш, дархлааны урвалыг өдөөсөн хамгаалах нөлөө байж болзошгүйг илтгэнэ гэж тайлбарласан.

Механизмын түвшинд E. americana нь хавдрын эдэд шууд нөлөөлөхийн зэрэгцээ дархлааны хариу урвалыг идэвхжүүлж, T эс, B эс болон нейтрофил (төрөлхийн дархлааны гол “цэрэг” эсүүд)-ийн оролцоог нэмэгдүүлсэн үр дүн гарчээ. Судлаачдын үзэж буйгаар энэ бактери нь хүчилтөрөгч багатай орчинд дасан зохицсон шинжтэй бөгөөд хавдрын ийм орчин нь ихэвчлэн дархлааны эсүүдийг сулруулж, зарим хими эмчилгээний үр нөлөөг бууруулдагтай холбоотой байж магадгүй.
Аюулгүй байдлын хувьд урьдчилсан амьтны өгөгдлөөр бактер цуснаас хурдан цэвэрлэгдсэн, удаан үргэлжлэх хордлого илрээгүй, эрүүл эрхтнүүдэд ноцтой нөлөөлөл ажиглагдаагүй гэж тэмдэглэсэн. Мөн хавдар багасгах үзүүлэлт нь зарим одоо хэрэглэгддэг эмчилгээ, тэр дундаа doxorubicin-той харьцуулахад илүү байсан гэжээ.
Гэхдээ энэ нь зөвхөн амьтны судалгааны шат бөгөөд хүний эмчилгээ гэж үзэх боломжгүй. E. americana нь хүн төрөлхтөнд халдвар үүсгэж болзошгүй бактерийн тоонд хамаарах тул клиникийн туршилт руу шилжихийн өмнө тун, хүргэлтийн арга, бусад хавдарт үзүүлэх нөлөө, бусад эмчилгээтэй хавсарсан үед гарах үр дүн, хамгийн чухал нь аюулгүй байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж судлаачид онцолжээ.
