Хэрэв Google-ийн AI ашигласан хайлтын үр дүн таныг буруу мэдээлэл бүхий эх сурвалж руу хөтлөөд байвал танд нэг сайн мэдээ байна. Хэрэв та хайлтын асуултдаа ямар нэгэн хараалын үг оруулбал, Google үр дүнгийн хуудасны дээд хэсэгт байрлах AI Overview (AI тойм)-ийг харуулахгүй.
Жишээлбэл, “Йелийн их сургуулийн оюутны тоо хэд вэ?” гэж хайвал AI-ийн үүсгэсэн хэсэг хариулт болгон гарч ирнэ. Харин “Йелийн их сургуулийн оюутны тоо хэд вэ, новш гэж?” гэж хайвал зөвхөн ердийн цэнхэр холбоосууд бүхий үр дүн гарч ирж, AI-ийн тойм алга байх болно.
Энэ нь интернет хэрэглэгчид Google-ийн AI үр дүнг идэвхгүй болгох аргуудыг олж илрүүлсэн анхны тохиолдол биш. Өмнөх аргууд нь хайлтын хаягийн мөрөнд тодорхой тэмдэгтүүд нэмж бичих гэх мэт илүү төвөгтэй байв. Харин “Зүгээр л холбоосуудаа өгөөч, новш гэж” хэмээн Google-ийг хараан зүхэх арга нь илүү амархан бөгөөд сэтгэл ханамжтай мэт санагдаж байна.
Бидний таамаглаж буйгаар, хэрэв хүмүүс AI тойм гарч ирэхээс зайлсхийх аргуудыг тогтмол хайж байгаа бол тэдэнд үнэндээ энэ онцлог хэрэггүй гэсэн үг биш үү? Google-ийн хайлтын үр дүн хэзээ ч төгс байсангүй, интернет ертөнц муу эх сурвалжуудаар дүүрэн. Гэхдээ AI тойм хайлтын үр дүнгийн дээд хэсэгт гарч ирснээр хэрэглэгчдэд албан ёсны мэт харагддаг ч бодит байдал дээр буруу мэдээллийг улам нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна.
Энэ нь Siri-гийн ChatGPT-тэй нэгдсэнээс болж муудсан явдалтай ижил. Өмнө нь Siri хариултаа мэдэхгүй үед хэрэглэгчийг шууд интернет рүү илгээдэг байсан. Харин одоо ChatGPT-гийн үүсгэсэн, заримдаа худлаа мэдээлэл бүхий хариулт санал болгодог болжээ. Гэхдээ энэ бүхнийг хэрэглэгчдийн хүсэл сонирхол үл харгалзан тулгаж байна. Google Docs-оос эхлээд X, Instagram хүртэл хаа сайгүй AI товч, хайлтын хайрцаг, цэснүүд нэмэгдэж байна. Энгийн түлхүүр үг ашигласан хайлт хийх гэдэг тийм ч хэцүү зүйл гэж үү?
Google AI тойм хачирхалтай хариулт өгч олныг шуугиулж байв. Тухайлбал, бяслаг пиццанаас хальтрахыг зогсоохын тулд цавуу ашиглах, гэдэсний эрүүл мэндийг сайжруулахын тулд хайрга идэхийг санал болгож байсан. Google-ийн загвар энэ мэдээллийг Reddit-ийн сэтгэгдлүүдээс авсан гэж үздэг. AI нь егөөдөл, хошигнолыг таних чадваргүй.
Ars Technica энэ шинэ арга буюу “Цоорхой”-г анх мэдээлсэн. Үүнийг Google AI загвараа хэт болгоомжтой чиглүүлдэгтэй холбоотой гэж таамаглаж болно. Жишээлбэл, xAI-ийн Grok хараалын үг ашиглах, мэдрэмтгий сэдвийг чөлөөтэй хэлэлцэхэд бэлэн байдаг бол Google-ийн Gemini илүү хянуур, цензуртэй ханддаг. Google магадгүй Gemini-г хараалын үгийг давтахгүй байхаар сургаж, ийм үг орсон үед AI тоймыг хайлтаас хасахаар тохируулсан байх боломжтой.
Google AI тоймууд нь вэбсайтуудын хандалтыг бууруулдаггүй гэж мэдэгдэж байсан. Учир нь хэрэглэгчид товч хураангуйг уншаад, сонирхолтой санагдсан мэдээллээ эх сурвалжаас нь дэлгэрэнгүй үзэх болно гэж тайлбарласан. Гэхдээ энэ логик нь хэвлэл мэдээллийн компаниудад тайвшрал өгсөнгүй. OpenAI, Perplexity зэрэг компаниуд контентыг нь том хэлний загварт оруулан ашиглаж байгаа хэмээн шүүхэд өгөөд байна.
Эцэст нь, Google энэ аргыг хаах нь тодорхой. Гэхдээ тэр хүртэл AI тоймоос залхаж байгаа бол үүнийг тойрох хялбар аргыг мэдэж авлаа. Google-ээс зүгээр л “Новш гэж, холбоосуудаа өгөөч” гэж шаардахад л хангалттай.
gizmodo.com