OpenAI компани шинэхэн код бичих автоматжуулсан туслах хэрэгсэл болох Codex-ийг танилцууллаа. Энэхүү шинэ систем нь ChatGPT-ийн хэрэглэгчийн хажуу талд байрлах самбар хэлбэрээр ажиллах бөгөөд мэргэжлийн программистгүйгээр ч нарийн төвөгтэй программ хангамж бүтээх боломжийг санал болгож буйгаараа анхаарал татаж байна.
Codex нь хэрэглэгчийн оруулсан асуултад үндэслэн код бичиж, файл уншиж, засвар хийж, команд ажиллуулдаг. Мөн хэрэглэгчийн кодын санг шалгаж, түүнд хариулт өгөх чадвартай. Гүйцэтгэлийн хугацаа ажлын төвөгтэй байдлаас шалтгаалан 1-30 минут байдаг аж. OpenAI-ийн мэдээлснээр энэ хэрэгсэл нь бүрэн хянагдахуйц бөгөөд хэрэглэгч терминалын бүртгэл, туршилтын үр дүнгээс дамжин түүний хийсэн бүх үйлдлийг хянан шалгах боломжтой юм.
Хэрэглэгч энэхүү кодыг өөрийн локал орчинд шууд нэгтгэх, эсвэл GitHub-д байрлуулах боломжтой. Ийнхүү Codex нь програм хангамж хөгжүүлэлтийн процессыг илүү хялбарчилж байгаа нь технологийн компаниудын автоматжуулалтын чиг хандлагатай нийцэж байгаа боловч, нөгөө талаас мэргэжлийн программистуудын ажлын байрны ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг дагуулж байна.
Тус хэрэгслийг хортой код, малвар хөгжүүлэхэд ашиглах магадлалтай гэсэн болгоомжлол ч бий. Гэвч OpenAI энэ талаар “Codex нь хортой програм бичих оролдлогыг таньж, татгалздаг хамгаалалттай” хэмээн мэдэгдсэн ч, эдгээр хамгаалалтын нарийн механизм одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Codex-ийг одоогоор судалгааны хувилбараар ашиглах боломжтой бөгөөд ChatGPT-ийн Pro, Enterprise, болон Team хэрэглэгчид үнэ төлбөргүй туршиж эхэлсэн. Ирээдүйд илүү өргөн хэрэглээнд зориулсан хувилбарууд, хэрэглээний хязгаар болон үнийн шинэ бүтэц танилцуулагдах төлөвтэй байна.
gizmodo.com