Чингис хааныг хүмүүн бусын мангас, алуурчин талуурчин гэж ярьдаг нөхөд Дундад Ази чиг рүү нэлээд бий л дээ. Сонирхож анх

#1
Чингис хааныг хүмүүн бусын мангас, алуурчин талуурчин гэж ярьдаг нөхөд Дундад Ази чиг рүү нэлээд бий л дээ. Сонирхож анхаараад ч байх юмгүй, коммунист үзэл суртлаас л улбаатай зүйл. Олон сайхан туужийг нь багадаа уншсан кыргыз зохиолч, их хааны маань амидай Айтматов хүртэл тэгж ярьдаг байв. Энэ санаагаараа бичсэн роман ч түүнд бий. Тэр мэтийг өөгшүүлэн сурталчлагч Мухтар Шаханов гээч, Казахстанаас Кыргызстанд элчин сайдаар нэлээд удаан суусан эрийн “Чингис хааны авч одсон нууц” гэх бурангуй жүжгийг 2000-аад оны эхээр Бишкекийн драмын театрт үзээд ой гутсан сан. Дараа нь мань эр мөнөөхөө роман болгож дэлгэрүүлж, түүнийг нь Чингис Айтматов маань үгээ олохгүй магтсан юм даг.
Харин сүүлийн үед алуурчин гэхээ болиод, түрэг гэцгээх нь гаарав. Нөгөө цуутай яллагч Шаханов нь ч “Чингис хаан бол казах хүн” хэмээгсэдийн эгнээнд элссэн бөгөөд тийн улайм цайм гөрдөөчдийн нэгэнтэй 2019 оны намар Азийн зохиолчдын анхдугаар форум дээр нэг панелд таарч билээ.
Зөвлөлтийн үед Шинжаанаас дүрвэж ирээд коммунист намд зүтгэсэн, Казахстаны төрийн шагналт, Ардын уран зохиолч Кабдеш Жумадилов гээч өвгөн олон орны зохиолчид цугласан их хурлын индрээс:
-Чингис хаан монгол хүн биш гэдгийг зарлах цаг боллоо! Тэр ч байтугай, түүний армид ч монголчууд бараг байгаагүй, ихэнх нь түргүүд явсныг дэлхийд таниулах цаг иржээ! Мухали, Сүбэдэй зэрэг Чингис хааны хамгийн алдарт жанжид цөмөөрөө түргүүд байсан... гэж ирээд л сүржигнэсэн сэн. Хэрэв зээ тэр үеийн түүхэнд “хасаг” хэмээх хожуу нэршил дурдагдсан сан бол, бүгдийг нь “хасаг буюу өнөөгийн казах” байсан л гэх гээд буй нь илт.
Нэлээд урт яриа тул танхимд суугаа ганц монгол би яахаа ч мэдэхээ больсон сон. Том хурлын индрээс ийм улайм цайм гүжир яриа сонсохоор үнэндээ балмагддаг юм билээ.
Хамгийн зэвүүцэлтэй нь “XIII зуунд монголчууд 150 мянган цэрэг гаргах чадвартай байсан нь үнэн юм бол, яагаад тэд өнөөдөр дөнгөж гуравхан сая байгаа юм бэ? Тэдний хүчирхэг түүх гэдэг бол шал худлаа, зохиомол домог” гэсэн доромж үг хэлсэнд миний тэвчээр алдарч, Ардын уран зохиолч гуайг үгээ дуусгамагц олны алга ташилтаас өрсөж “Fuck you!” гээд хашгирсан. Ашгүй, хэн ч алга ташсангүй, бүгд над руу харахад, тэр өвгөний насыг ч бодохооргүй болтлоо тийн бухимдсандаа гэнэт ичсэн ч энэ үйлдэлдээ одоо ч харамсдаггүй. Угаасаа би илтгэлээ өмнө нь тавьчихсан, ахин индэрт гарч тэр үгийг нь няцаах боломжгүй тул үүнээс өөрөөр эсэргүүцлээ илэрхийлэх арга байгаагүй л дээ.
Жумадиловын яг араас үг хэлэх хуваарьтай асан, эхлээд Чингис хааныг гутаадгаараа алдаршсан ч одоо бол монгол хүн биш гэж орилдогоороо сүрхий товойж яваа Шахановыг бас л галзуу солиотой мэдэгдэл хийчих вий хэмээн Форум зохион байгуулагчид болгоомжилсон уу яасан, тэрүүхэн зууртаа хөөрхөн үймээн болж, эцэст нь зохион байгуулагчид надаас уучлал гуйгаад, “Энэ бол Казахстан улсын байр суурь биш, хувь хүний л санаа бодол шүү!” гэж нийт зохиолчдод дуулгасны дараа, нөгөө Шаханов нь гарч ирээд Чингис хааны талаар нэг ч үг дурсалгүй товчхон үг хэлсэн, ийм л паянтай панел болсон юм.
Казахстаны сошиал орчинд тэр дорхиноо л бөөн шуугиан дэгджээ. Нэг сэтгүүлч бүр намайг дунд хуруугаа гаргаж үзүүлсэн мэтээр бичиж, миний зургийг ч энд тэнд тавьж тохуурхцгаасан сурагтай. “Чингис хааныг монгол хүн гэх ямар ч нотолгоо байхгүй учраас хөөрхий зохиолч хэлэх үггүйдэж, дунд хуруугаа харуулав” гэж хүртэл шоолцгоосон юм байх. Бас өөр талаас нь харж, "Манай казахууд гадаадад хуралд очих юм бол өөрсдийгөө доромжлуулсан ч таг дуугүй л өнгөрнө. Энэ монгол зохиолч шиг бай!" гэхчлэн дэмжсэн бичвэрүүд ч гарсныг Сураш анд минь хэлсэн сэн.
Тэр мэт балай шуугианаас болоод хоёр өдрийн дараа “Казмедиа” хэмээх төвд киноны нээлт дээр явж байхад хүмүүс таньцгааж, Баян-Өлгийд төрсөн гэх нэг залуу гүйж ирээд гар барьж хамт зургаа авахуулав. Бас нэг жаахан хархүү казахаар баахан юм хэлснээ гар утсаа сарвайв. Тэгэхнээ Павлодарт дунд сургуульд багшилдаг авга ах нь утасны цаанаас:
-Чингис хаан монгол хүн, Монгол үндэстний эцэг гэдгийг дэлхий даяараа мэднэ дээ. Наад өвгөн чинь байнга л ийм юм ярьж явдаг, бүр улайран зүтгэдгээрээ зартай хүн. Тэр яриатай нь орхи! Би энд ирээд 20-иод жил болж байгаа ч, Монгол гэх юм бүхнийг өмөөрсөөр л өдий хүрлээ. Казахууд бүгд Монголын түүхийг гуйвуулж ярьцгаадаг улс биш шүү. Тайван сайхан аялж, сайн яваад хариарай! хэмээн монголоор ярьж билээ.
Тэр өдрүүдэд манай казах залуус ч захиа бичиж, “Буруу түүхээр тархиа ширлүүлсэн тиймэрхүү хүмүүсийг битгий тоогоорой. Бид Монголд төрж, монгол хэлээр ном уншиж өссөндөө их бахархдаг шүү!” хэмээн дэмжиж байсанд юу юунаас илүү баярласан даа.
Ховдод төрсөн Хамайн Жүкел тэрхүү форумын хаалтын цайллага дээр “Би чамайг аксакалтай эвлэрүүлье, очиж гар барь” гэхэд нь би “Аксакал гэж арай ондоо хүмүүс байдаг байх аа. Түүхэнд хэнээс ч илүү ул мөртэй, сударт бичигдэж үлдсэн аугаа өв соёлтой ард түмнийг үгүйсгэж доромжлоод явж байдаг ийм мунхаг амьтантай гар барьчихвал угаах гэж түвэг” гээд шууд татгалзсан...
Өнөөдөр мөнөөх Жумадилов гуай ертөнцийн мөнх бусыг үзсэн тухай мэдээ олж уншлаа. Сайн төрөл олох болтугай!
Image




Return to “ТҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ - HISTORY”

ULAANBAATAR WEATHER