Би багаасаа л амьтан тэжээхийг их хүсдэг хүүхэд байсан. Гэхдээ амьтан тэжээх оролдлогууд маань одоо бодоход ихэнх нь бүт

#1
Би багаасаа л амьтан тэжээхийг их хүсдэг хүүхэд байсан. Гэхдээ амьтан тэжээх оролдлогууд маань одоо бодоход ихэнх нь бүтэлгүйтжээ😅 Анх хүүхдийн паркаас туулай аваад гэртээ авчирсан чинь хамаг мебель идээд байхаар нь аргагүйн эрхэнд Богд ууланд тавьсан. Бас маш олон янзын загас тэжээх гэж үзсэн. Манай Сант сургууль Нацагдоржийн номын санд байрладаг байхад нэг давхарт нь загасны дэлгүүр байдаг байсан. Тэр загасны дэлгүүрээс төрөл бүрийн загас аваад аквариумдаа хийнэ. Нэг өдөр жижиг акул худалдаж аваад алтан загаснуудтайгаа хамтад нь хийчихсэн чинь өглөө босоход алтан загаснууд байхгүй бөөрөнхий юмнууд хөвөөд байхаар нь их гайхсан.

Тэгсэн чинь бүх алтан загасыг маань шөнө идчихсэн байсан. Түүнээс хойш дахиж загас тэжээгээгүй. Дараа нь маш хөөрхөн нугасны дэгдээхийтэй болсон. Нугасыг маань Жо гэдэг бөгөөд хар өнгөтэй, алгын чинээ биетэй, түүндээ маш их хайртай байсан. Заавал миний хүзүүнд хошуугаа нааж унтдаг, эрх нугас байж билээ. Нэгэн зуны халуун өдөр байрныхаа найзуудад хайртай нугасаа үзүүлнэ гэж авч гараад, найздаа үзүүлэх гээд гаран дээр нь тавих гэсэн чинь нугас маань үсрээд газарт уначихсан. Тэгээд амьтны эмнэлэг авч явах гэсэн боловч бүх эмнэлгүүд хаалттай, нугас маань тэр оройгоо үзэж чадалгүй тэнгэр рүү явсан. Бараг бүтэн долоо хоног өөрийгөө буруутгаж, нугасныхаа хойноос уйлаад, гэрийнхээ хойно байдаг модны дор бяцхан оршуулга хийж байснаа санадаг.

Тэгээд ч гандан буураагүй. Жаахан байхад хүмүүс кардонон хайрцаг нь дотор тахианы дэгдээхий зардаг байсан. 500 төг гэдэг байлуу даа. Дур мэдээд гурав дөрвөн тахианы дэгдээхий гэртээ аваад ирнэ. Яагаад ч юм ерөөсөө удаан насалдаггүй байсан болохоор дахиж авахгүй гэж шийдсэн. Нэг өдөр харин аав маань хөдөө явж байсан чинь нэг шувууны дэгдээхий машины цонх мөргөсөн гээд гэртээ аваад ирсэн. Бид хэд нөгөө дэгдээхийгээ шар будаагаар хооллох гэтэл огтоосоо идээгүй. Аргаа бараад мал эмнэлэгт үзүүлсэн чинь эмч “Наадах чинь шонхорын дэгдээхий байна. Махаар хооллох хэрэгтэй.” гэж хэлсэн. Тэгээд шонхорын дэгдээхийндээ Жак гэдэг нэр өгөөд зуны 3 сар хөлийг нь эдгэтэл гэртээ асарч тэжээсэн дээ.

Сүүлдээ Жакын хөл нь эдгээд, хаа сайгүй нисч, хөшиг унагаагаад, гэрт тогтоож суулгахын аргагүй болсон. 3 сар хамт шонхортойгоо байчихсан, дасчихсан болохоор тавьж явуулмааргүй санагдаж байснаа тод санаж байна. Тэгэхэд ээж маань тэнгэрийн амьтныг тэнгэрт нь тавьж явуулах хэрэгтэй, энэ чинь л Жакийг хайрлаж байгаагийн илрэл гэж намайг аргадсан. Жакийг тагтнаасаа нисгэхэд урд талын байрны орой дээр суугаад над руу удаан гэгч нь харж байснаа бүрмөсөн нисээд одсон. Ингээд тэжээвэр амьтантай болох олон удаагийн оролдлогууд ар араасаа бүтэлгүйтсэн байдаг юм. Харин нэг цагаан сараар хамаатны ах маань дөнгөж төрсөн нохойн гөлөг үзүүлэх үү гээд би ч бөөн баяр болж очоод, гөлөгийг нь хараад л яадаг ч байсан тэжээнэ гээд шийдчихсэн. Аав, ээж хоёр гэртээ нохой тэжээе гэвэл зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан болохоор “Сайн найзын маань төрсөн өдөр ирэх долоо хоногт болно. Манай найз гөлөгтэй болмоор байна гээд байсан. Долоохон хоног төрсөн өдрийг нь болтол гэртээ байлгачихъя тэгэх үү?” гэж худлаа хэлээд анх гэртээ Викиг авчирч байж билээ. Нэг долоо хоног, хоёр долоо хоног, бүр сар өнгөрлөө. Төрсөн өдөр байдаггүй ээ.

Сүүлдээ ч худлаа хэлсэн минь баригдлаа. Гэхдээ Вики аль хэдийнээ манай гэр бүлийн хайрыг татчихсан байсан болохоор оройтчихсон байсан л даа🥰 Анх Вики маань манайд ирэхдээ нүдээ ч нээгээгүй жижигхэн хөөрхөн гөлөг ирсэн. Энэ хорвоод нүдээ нээгээд хамгийн анх харсан хүн нь манай ээж. Тэгээд өөрийгөө нохой гэдгээ мэдэхээ байгаад, ээжийг маань өөрийнхөө ээж гэж боддог, эрхэлдэг, надтай барьцдаг болчихсон. Ингээд амьдралынхаа 14 жилийг Викитэй хамт өнгөрүүлжээ.

2 жилийн өмнө “Хөх Тавилан” киноны зураг авалтаар Говь-Алтайд очсон хамгийн анхны шөнө Вики маань амьсгал хураалаа гэсэн дуудлага ирсэн. Амьдралдаа маш цөөхөн мэдэрч байсан асар их гунигийг тэгэхэд мэдэрч билээ. Одоо ч энэ тухай бодоход хоолой зангирч байна. Тэр үед би ээждээ “Викиг оршуулалгүй хүлээж байгаарай. Би заавал очно, заавал хүлээгээрэй.” гэж хэлээд кино найруулагчаасаа надад хоёрхон хоног өгчих гээд гуйсан. Тухайн үед бараг дөч гаруй кино уран бүтээлчид Говь-Алтайд оччихсон, маргааш нь зураг авалтаа эхлэхэд бэлэн байсан үе л дээ. Бүх хүнийг хоёр хоног хүлээлгээд хаяад явахад хүмүүсийн уур их хүрсэн байх. Хүн өнгөрчихсөн биш дээ, нохойн араас юун сүртэй юм гэж бодсон зөндөө хүмүүс байсан.

Гэсэн ч миний хувьд киноноосоо хасагдсан ч хамаагүй, 14 жил хамт байсан нохойгоо өөрөө л заавал нутаглуулна гээд шийдчихсэн байсан болохоор Алтайгаас Улаанбаатар руу онгоц байхгүй гэхээр нь өглөө үүрээр хот руу явах замын автобусанд суугаад 24 цаг давхиж ирж байсан. Нохойгоо өөрөө нутаглуулах үед Вики маань миний хувьд тэжээвэр амьтан байхаа болиод аль хэдийнээ амьдралд маань хүн шиг орон зай эзэлдэг болчихсон байсныг мэдэрсэн. Нохой бол гэр бүлийн нэг гишүүн гэдэг үгний утгыг тэгэхэд жинхэнэ утгаар нь мэдэрч билээ. Хайртай амьтан чинь дэргэд чинь байгаад танд эрхэлж байгаа бол та маш их азтай байна. Тэднийгээ хайрлаж, халамжилж, тэдэнд цаг гаргаж, эзэн шиг эзэн байгаарай.




Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

ULAANBAATAR WEATHER