Королевийн мөрөөдөл буюу Зөвлөлтийн сансарын алтан үе

#1
Королевийн мөрөөдөл буюу Зөвлөлтийн сансарын алтан үе

Одоогоос 50 гаруй жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд томоохон өөрчлөлт гарсан юм. 1961 оны 4 сарын 12-нд Зөвлөлтийн сансарын нисгэгч Юрий Гагарин сансарт нисч, "эх дэлхий маань цэнхэр өнгөтэй байлаа" хэмээх түүний үг дэлхий даяар цуурайтав. Харин уг үйл явдлын ар талд нэг ч удаа нэр нь дурсагдаагүй нэгэн суут эрдэмтэн байсан нь Зөвлөлтийн сансарын технологийн ерөнхий зохион бүтээгч Сергей Павлович Королев юм. Тэрээр Америктай хийж байсан сансарын судалгааны өрсөлдөөнд голлох үүргийг гүйцэтгэжээ.

Дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсөн, анх удаа сансарт амьд амьтан нисгэсэн, мөн анхны хүн, анхны эмэгтэй нисгэгч сансарт ниссэн, анх удаа хүн задгай сансарт гарсан үйл явдлууд ч түүнтэй холбоотой. Энэ бүхний ард янз бүрийн саад бэрхшээл тулгарч байсан ч гайхалтай эрч хүч, удирдан зохион байгуулах авьяас чадвараараа тэр бүхнийг даван гарчээ. Королев эрх мэдэлтнүүдийн хүлээсэнд цаг ямагт баригдаж байсан ч агуу мөрөөдөл өвөрлөж байсан юм.

Image


1. Нууцлаг ерөнхий зохион бүтээгч

Зөвлөлтийн сансарын технологийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн Королевийн амьдрал туйлын нууцлаг байв. Архивт хадгалагдаж буй сонингийн шарласан хуудсуудыг эргүүлж үзвэл түүний оролцсон хэмээгдэх сансарын төслүүдийн тухай мэдээлэлд нэр нь нэг ч удаа дурсагдаагүй байдаг. Харин нас барснаас нь хойш 2 хоногийн дараа хэвлэгдсэн гашуудлын мэдээгээр түүний нэр анх удаа сонин хэвлэлд дурдагджээ.

Королев 1907 онд Украйны Житомир хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. 19 насандаа нисэх технологт суралцахаар Москвад ирсэн байна. Тухайн үед пуужин хөөргөх явдал дэлхий даяар залуусын сонирхлыг татдаг зүйл нь болоод байв. Эрдэмтэд ч сансарын технологийн үндэсийг тавьж, суурь онолуудыг боловсруулж эхэлжээ. Тэдний нэг зөвлөлтийн сансар судлалын эцэг Константин Эдуардович Циолковский хүн төрөлхтний сансарын аялалыг анх удаа шинжлэх ухааны үндэстэйгээр дүрсэлсэн уран зөгнөлт кино бүтээж, залуусыг сансарт тэмүүлэхэд нөлөөлжээ.

Image


Кинонд хүн анх удаа сансарт нисч, жингүйдэлд орж, саран дээр бууж, хүчилтөрөгчийн баллон бүхий хувцас өмсөн дэлхийгээс 6 дахин бага хүндийн хүчийг мэдэрч байгаа тухай өгүүлдэг. Уг киноны шүтэн бишрэгчдийн нэг залуу Королев удалгүй пуужингийн судалгаа хийх багийн ахлагч болов. Тэрээр 1933 оны 8 сарын 17-нд GIRD09 пуужинг амжилттай хөөргөжээ. Зөвлөлтийн анхны пуужинд тооцогдох 18 кг жинтэй уг пуужин 400 м өндөрт хөөрсөн байна.

Түүний энэ амжилт үнэлэгдэж 28 насандаа шинээр байгуулагдсан пуужингийн судалгааны төвийн дэд тэргүүний албанд томилогдов. Гэвч тухайн үед ид өрнөж байсан Сталины хэлмэгдүүлэлт түүнийг тойрсонгүй, 1938 оны 6 сард цагдаа нар гэрт нь дайран орж баривчлав. Хамт ажиллаж байсан нэгний мэдүүлгээр xилс хэрэгт яллагдан Сибирт цөлөгджээ. Цаг агаарын ширүүн нөхцөлд хийж байсан цөллөгийн хүнд хүчир хөдөлмөрийн улмаас зүрх нь өвчилсөн байна. Мөн хянагч нарын харгислалд өртөж эрүүгээ ч хугалуулж байв.

Тухайн үед Королевийн зурж байсан ноорог зургууд хадгалагдан үлдсэн байдаг. Цөллөгийн хүнд нөхцөлд ч тэрээр шинэ загваруудыг төсөөлөн зурж, пуужин бүтээх хүслээ орхиогүй байжээ. 1944 оны 7 сард Королев гэнэт суллагдав. Түүнийг Герман руу илгээж, шинэ төрлийн байлдааны зэвсгийн судалгаа хийхийг даалгасан байна. Дэлхийн 2-р дайны төгсгөл үе, Герман улс дэлхийд анхны баллистик пуужин бүтээж, дайнд хэрэглэж эхлээд байв. Германы V2 пуужин 1 тонн жинтэй тэсрэх бодисыг 300 км зайд тээвэрлэх чадалтай, хамгийн сүүлийн үеийн шилдэг зэвсэг байжээ.

Image


Тухайн үед Королевтой хамт уг пуужингийн судалгаанд оролцож явсан инженер Борис Чертов одоо ч амьд мэнд бий. 99 настай тэрээр зөвлөлтийн сансар судлалын түүхийн амьд гэрч юм. Тэрээр "бид V2 пуужинг анх хараад харамсах, бас бахархах сэтгэгдэл төрж байсан, Герман улс пуужингийн технологиор биднээс 5-6 жилээр түрүүлж байсан" хэмээн ярьж байна. Хамгийн сүүлийн үеийн пуужинтай танилцсан Королевийн хувьд технологийн хоцрогдлын шалтгаан нь түүний цөллөгт өнгөрүүлсэн цаг хугацаа байв.

Королевт V2-той адил хүчин чадал бүхий пуужин бүтээх даалгавар өгөгджээ. Гэвч түүний хүсэл эрмэлзлэл илүүг шаардаж байв. 3 жилийн дараа, 1948 оны 10 сарын 10-нд V2-той адил хүчин чадал бүхий Р1 пуужингийн туршилтыг амжилттай хийв. Эхний амжилтандаа урамшсан Королев пуужингийн хүч болон туулах зайг бага багаар нэмэгдүүлсээр байв. 5 жилийн дараа, 1953 оны 3 сарын 15-нд 1200 км зайг туулах чадвартай, 30 тоннын жинтэй Р5 пуужинг амжилттай хөөргөв.

Королевийн амжилт "хүйтэн дайн"-ы ид өрнөлтийн үед Зөвлөлтийн төрийн тэргүүнээр дөнгөж сонгогдоод байсан Хрушевийн анхааралд өртжээ. 1953 оны 8 сарын 12-нд Зөвлөлт улс анхны устөрөгчийн бөмбөгийг туршив. Энэ үед Хрушев цөмийн цэнэгт хошууг Америк хүргэх чадалтай пуужин бүтээхийг Королевт даалгана. Гэвч Америк хүртэл 6000 км, Р5 пуужингийн тусгалаас 5 дахин хол зайг туулах шаардлагатай. Королев уг даалгаврыг ердөө 4-хөн жилийн дотор биелүүлж, 1957 оны 8 сарын 12-нд шинэ загварын Р7 пуужинг хөөргөв. Пуужингийн үзүүр хэсэгт 5 тоннын жинтэй ачаа тээж, 6400 км зайд харвах боломжтой болжээ.

Image


Королев энэ их хүчийг хэрхэн бий болгов. Байконурын сансарын нислэгийн төвийн ойролцоо Р7 пуужингийн загварыг хөшөө болгон байрлуулсан байдаг. Түүний голлох онцлог нь хормой мэт дэрвийсэн хэлбэрт байдаг ажээ. Пуужингийн доод хэсэгт 20 хөдөлгүүрийг багцлан угсарсанаар Америк тивд хүрэх чадалтай аварга хүчийг бий болгосон байна. Үндсэн пуужинд 4 хөдөлгүүр суурилуулна. Тэдгээртэй адил хүчин чадалтай 4 хөдөлгүүр бүхий дэмжигч пуужинг мөн адил 4-ийг угсарч нийт хөдөлгүүрийн тоог 20-д хүргэнэ. Энэ нь шинэ төрлийн хүчирхэг хөдөлгүүр бүтээлгүйгээр хуучин хөдөлгүүрээр их хэмжээний тийрэлтийн хүч үүсгэх энгийн санаа юм.

Королев мөн бүх хөдөлгүүрийг нэгэн зэрэг жолоодох удирдлагын системийг бүтээжээ. Пуужингийн жин багасах тусам түүний туулах зай нэмэгддэг. Тэгвэл Р7 пуужингийн түлш нь түрүүлж дууссан дэмжигч пуужингууд замдаа салж, жинг багасгаснаар илүү хол зайг туулдаг байна. Уг пуужин түүхэн дэх анхны тив алгасагч баллистик пуужин юм. Ийнхүү Королев зөвлөлтийн цэргийн зэвсэглэл болон сансарын технологийн салбарт хамгийн чухал хүнд тооцогдох болов. Иймд барууны орнуудын болзошгүй халдлагаас сэргийлж, түүний тухай бүхий л мэдээллийг "маш нууц" ангилалд хамруулжээ.

Image


2. Дэлхийн анхны хиймэл дагуул

Р7-г бүтээх явцад Королев пуужинд хиймэл дагуул угсарч, сансарт хөөргөхийг Хрушевт санал болгосон байна. Хрушев хиймэл дагуул хэмээх сонсож дадаагүй үгэнд эргэлзсэн ч зөвшөөрөв. 1957 оны 10 сарын 4-нд Зөвлөлт улс "Спутник хиймэл дагуулыг сансарт амжилтай хөргөлөө" хэмээн зарлав. Хүний бүтээсэн зүйл дэлхийг тойрон эргэж байгаад дэлхий даяар гайхан цочирджээ. Королев хиймэл дагуулын 58 см диаметртэй их биед долгион үүсгэгч байрлуулсан байна. Дэлхийн хаанаас ч ердийн радиогоор түүний үүсгэсэн дохиог хүлээн авч, сансар судлалын түүхэн эгшинг мэдрэх боломжтой байв. Нөгөө талаас энэ чимээ барууны орнуудад зөвлөлтийн сансар судлал асар өндөр түвшинд хүрснийг илтгэв.

Image


Чулууг шидвэл татах хүчний нөлөөгөөр зуйван траектор үүсгэн газарт унана. Шидэх хурд, хүчийг ихэсгэвэл чулуу улам хол зайд унах болно. Харин 7.9 км/с хурдаар шидэж чадвал чулуу газарт уналгүйгээр дэлхийг тойрон эргэх болно. Королев энэ аймшигтай хурдыг пуужинд өгч чаджээ. Хиймэл дагуул нь шинжлэх ухаанд зориулагдахаас гадна барууны орнуудын хувьд байлдааны зэвсэгийн аюул байв. "Гадаад улсад, тэр дундаа дайсан улсад тэргүүлэх байр сууриа алдсан явдал бидэнд үнэхээр их айдас төрүүлж байна, учир нь тэд юуг ч хөөргөж магадгүй" хэмээн америкийн жирийн иргэд тухайн үед ярьж байжээ.

Америкчууд хиймэл дагуул хөөргөж, технологийн хоцрогдлоо арилгахаар шамдан ажиллаж эхлэв. Америкийн далайн цэргийн судлаачдын бүтээсэн Вангаард пуужинг 1957 оны 12 сарын 16-нд, Спутникээс 2 сарын дараа туршсан боловч хөөрч ч чадалгүйгээр дэлбэрсэн байна. Зөвлөлт улс хэрхэн хиймэл дагуул хөөргөж чадсан нь америкчуудад үнэндээ ойлгомжгүй зүйл байжээ. Хиймэл дагуулын ар талд Королев хэмээх шилдэг зохион бүтээгч байгааг мэдээгүй тэдэнд ид шиднээс өөр зүйл санаанд нь орж ирэхгүй байв.

Хиймэл дагуулын стратегийн шинж чанартай ач холбогдолыг анзаарсан Хрушев "бид дайсан орнууд руу цөмийн пуужинг хэзээ ч харваж чадна" хэмээн зарлав. 1958 оны 10 сард Америкийн сансар судлалын агентлаг НАСА үүсгэн байгуулагдсанаар сансарын технологийн хөгжүүлэлтийн ширүүн өрсөлдөөний эхлэл тавигдав. Королев тухайн үед ямар бодол өвөрлөж байсан бол. Москвагийн ойролцоо түүний гэр музей бий. Тэнд эхнэртээ бичиж байсан захидлууд нь хадгалагдаж үлджээ.

"Мөрөөдлөө алдсан хүн далавчгүй шувуутай адил, тийм биш гэж үү. Эрт дээр үеэс хүмүүс цэнхэр тэнгэрийг ширтэж мөрөөдсөөр ирсэн. Яг одоо хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэх мөч ирээд байна" хэмээх мөрүүд Спутникийг хөөргөхийн өмнөхөн бичигдсэн 7 хуудас захианд үлдсэн байна. Королев хэдийгээр улс төрийн шалтгаанаар цөмийн пуужин бүтээсэн боловч түүний жинхэнэ хүсэл сансар судлалыг энхтайвны зорилгоор ашиглахад чиглэж байжээ. Дэлхийн татах хүчийг ялж, сансарт хүний бүтээлийг нисгэсэн явдал түүний мөрөөдлийн эхний алхам нь байсан юм. Королев хүйтэн дайны үеийн эрх мэдэлтнүүдийн хүслийг гүйцэлдүүлэхийн хамт мөрөөдөлдөө хүрэхийг эрмэлзсээр байх болно.


Королевийн мөрөөдөл буюу Зөвлөлтийн сансарын алтан үе

#2
3. Хүн төрөлхтөнг сансарт хүргэсэн нь

1960-аад оноос Королев дараагийн шинэ даалгавар биелүүлэх ажилдаа оржээ. Тун удахгүй хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа сансарт нисэх болно. Шинээр бүтээсэн сансарын хөлөг Востокт сансарын нисгэгчийг суулгаж, Р7 пуужингаар хөөргөхөөр төлөвлөв. Сансарын хөлөг ойролцоогоор 90 минутын хугацаанд дэлхийг нэг бүтэн тойрно. Үүний дараа эсрэг тийрэлт үүсгэх хөдөлгүүрээр хурдаа сааж, пуужингаас салсаны эцэст дэлхийд эргэн ирнэ. Энэ үед тулгамдсан хамгийн том асуудал нь сансарын жингүйдлийн орчин хүний биед хэрхэн нөлөөлөхийг тодорхой мэдэхгүй байсан явдал байв.

Зарим эрдэмтэд жингүйдэлд орсон хүн ухаан мэдрэлээ алдах болно гэж үзэж ч байв. Иймд эрүүл мэндийн хувьд хамгийн сайн 3000 залуусаас сансарын анхны нисгэгчийг сонгохоор шийджээ. Шалгаруулалтад оролцогсод тухайн үеийн хамгийн шилдэг технологийн тусламжтайгаар сургуулилт хийв. Сансарын хөлөг хөөрөх үеийн ачаалал болон хүндийн хүчний өөрчлөлтийг даах туршилт, аюултай нөхцөл байдал тохиолдсон үед самгардахгүй байх үүднээс сэтгэлзүйн бэлтгэл ч хийв. Харин Королев цоо шинэ систем бүтээхээр эрчимтэй ажиллаж байв.

Москвагийн ойролцоо оросын сансарын нисгэгчийн хувцасны үйлдвэр бий. Тухайн үед Королевийн удирдлагад ажиллаж байсан гурван инженер одоо ч тэндээ ажилласаар байна. "Королевийн хүссэн зүйл бол сансарын нисгэгч ямар нэгэн аюулд өртлөө ч түүнийг эсэн мэнд дэлхийд авч ирэхэд туслах төхөөрөмж байсан юм" хэмээн Герман Леосев ярьж байна. Королев сансарын нислэгт шаардагдах бүхий л төхөөрөмжийг бүрэн автоматжуулахаар шийджээ. Нэр бүхий гурван инженерт оногдсон үүрэг бол системийн хамгийн чухал хэсэг болох сансарын хөлгийн суудлыг бүтээх ажил байв.

Image


Хөлөг дэлхийд эргэн ирэх үед нисгэгчийг хөлгөөс салгаж, шүхрээр буухад туслах төхөөрөмж бол хөлгийн суудал юм. "Буух үед нисгэгчийг сансарын хөлгөөс дор хаяж 100 м зайд шидэж чадах систем бүтээх нь бидний даaлгавар байсан" гэж Арнольд Валерий хэлэв. "Суудлын ажиллагааг бүрэн автоматжуулах шаардлагатай байсан. Бид өндөр найдвартай төхөөрөмжийг зөвхөн цахилгаан хэлхээний тусламжтайгаар бүтээсэн. Компьютер, электроник, тэр ч байтугай тооны машин ч бүтээгдээгүй байсан цаг үед шүү дээ" хэмээн Борис Михайлов дурсан ярьж байна.

Королев нисгэгчийг эсэн мэнд эргэн ирүүлэхэд шаардагдах бүхий л арга хэрэгслийг эрэлхийлж байв. "Тэднийг сансарт илгээж, эсэн мэнд буцааж ирүүлэх ёстой. Ийм хэмжээний хариуцлага үүрэх чадвар надад бий билүү. Тийм гэсэн итгэл төрөхгүй байна" хэмээн анхны нислэгээс хагас жилийн өмнөх захидалдаа бичиж байв. Боломжгүйг бодит зүйл болгосоор ирсэн суут эрдэмтэн тухайн үед хүний амь насны хариуцлагын хүндийг ухамсарлаж байжээ.

1961 оны 4 сарын 12, Королевийн сонгосон нисгэгч Юрий Гагарин сансарт хөөрөх болно. Хэт их сэтгэл хөдлөлд автах хугацааг богиносгох үүднээс сонголтыг нислэгээс дөрөвхөн хоногийн өмнө хийжээ. Королев залуу нисгэгчийг чанга тэвэрч, өөрийн хүслийг түүнд дайж явуулах болно. Сансарын анхны нислэгийн үед Гагарин Королев нарын харилцаж байсан дуу бичлэг хадгалагдан үлдсэн байдаг. Гагарин нислэгийн нөхцөл байдлыг илтгэж, Королев түүнээс ямархуу сэтгэгдэлтэй байгааг асууж байв. Удалгүй хамгийн их сэтгэл зовоож байсан жингүйдлийн байдалд оров. Гагарин "жингүйдэл үнэхээр гайхалтай юм, бүх зүйл хөвж, нисч байна" гэжээ.

Хүн сансарт амьд байж чадна. Энэ бол хүн төрөлхтөнд сансарын үүд хаалгыг нээсэн мөч байв. Гэвч анхны нислэг дуусахаас өмнө урьдчилан төлөвлөөгүй аюул тохиолдов. Дэлхийг бүтэн тойрсон сансарын хөлөг хурдаа сааж, пуужингаас салах ёстой байсан боловч тэдгээрийн хоорондох кабел салгагдсангүй. Пуужингийн хэсэг хөлгийн хамт агаар мандалд орж ирэх үед эргэлдэж, Гагариний биед дэлхийн татах хүчнээс 10 дахин их, аймшигтай ачаалалд орно. Энэ байдал кабел агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр шатаж, тасрах хүртэл 10 минут хугацаанд үргэлжлэв. Туршлагатай нисгэгч ч ийм ачаалыг илүү удаан тэсвэрлэхэд бэрх байдаг.

Image


Харин Гагаринг аварсан зүйл бол Королевийн санаачилсан хөлгийн суудал байв. Хурууныхаа үзүүрийг ч хөдөлгөх чадваргүй болсон Гагарин суудлын хамт унаж буй хөлгөөс аюулгүй зайд шидэгджээ. Гагариний газардах төхөөрөмжийн долгионыг барьж авлаа хэмээх мэдээлэл нислэгийг удирдах төвөөс ирэх үед инженерүүд (дээр дурдсан)-ийн санаа амарчээ. Энэ нь тэдний бүтээсэн суудал ямар нэгэн асуудалгүй ажилласныг илтгэнэ.

108 минут үргэлжилсэн сансарын анхны нислэг амжилттай дуусч, Гагаринг Москвад баатрын ёсоор угтав. Гагарин сансарын нислэгийн тухай илтгэж, Хрушевоос шагнал гардан авах үед энэ мөчийг хамгийн их хүсэн хүлээж байсан Королев тэнд байгаагүй юм. "Аав маань олны өмнө ил гарах эрхгүй учир иргэдийн жагсаалын хамгийн сүүлийн машинд сууж таарсан. Хүмүүс зайгүй шигжсэн байсан тул улаан талбайд ч орж чадаагүй, гэртээ эргэн ирж үйл явдлыг зурагтаар үзсэн" хэмээн Королевийн охин Наталья дурсан ярьжээ. Түүхийн сүүдэрт нуугдсан Королев дараа нь илүү том төлөвлөгөө боловсруулж эхлэх болно.

4. Королевийн мөрөөдөл

Анхны хиймэл дагуул хөөргөх, анхны хүнийг сансарт нисгэх өрсөлдөөнд ялагдсан Америк шинэ төлөвлөгөө боловсруулав. Ерөнхийлөгч Кеннеди 1960-аад ондоо багтааж саран дээр хүн буулгах Аполло төслийг 1961 танилцуулжээ. Энэ үед төмөр хөшигний нөгөө талд өөр нэгэн төсөл эхэлж байв. Үүнийг нотлох зүйл одоо ч Байконурын сансарын буудалд бий. 24м-ийн өндөртэй аварга тээвэрлэгч Н1 пуужинг угсрах үйлдвэрээс нислэгийн талбайд хүргэх зориулалттай юм. Сансарт анх удаа хүн нисгэсэн Королев шинэ төрлийн пуужин бүтээж эхэлжээ.

Р1-ийн дараа бүтээгдсэн Н1 пуужингийн өндөр 105 м, хөдөлгүүрийн тоо 30, зөвлөлтийн үеийн хамгийн том пуужин байв. Королев энэ аварга пуужингаар юуг хөөргөхийг хүсч байсан бол. Тухайн үед түүний удирдлагад ажиллаж байсан зохион бүтээгч Владимир Бугуровт нэгэн тэмдэглэлийн дэвтэр хадгалагдан үлджээ. Тэр бол Н1 пуужингийн төслийн үед хэрэглэж байсан нууц дэвтэр юм. Түүнд 1959 оноос хойш Королевийн оролцсон бүх төслийн тухай мэдээлэл бичигджээ.

Image


Гагаринг сансарт нисэхээс 2 жилийн өмнө бичигдсэн дэвтэрийн хуудсанд сонин хэлбэртэй сансарын хөлгийн дүрс олон тооцоо, томьёоллын дунд зурагдсан байдаг. Мөн хуудасны буланд "Бидний зорилго бол дэлхийг тойрон эргэх биш, саранд хүрэх ч бас биш, харин гариг хоорондын нислэг юм" хэмээн бичигдсэн байна. Королев Ангарагт хүн нисгэх талаар 1959 оноос эхлэн төлөвлөж байжээ. Түүний насан туршдаа нандигнаж байсан нэгэн ном бий. Королев өөрийг нь сансарт тэмүүлэхэд хүргэсэн Циолковскийн "Собрание сочинений" номыг олон дахин уншихдаа хуудас болгоны захад олон удаа тэмдэглэл хийсэн байдаг.

"Хүн төрөлхтөн эх дэлхийдээ мөнхөд оршин суухгүй, эхлээд агаар мандлыг нэвтэлнэ. Цаашид гэрэл, орон зайг мөшгөн хөөж, нарны аймгийг бүхэлд нь туулна" хэмээн уг номын эхний хуудсанд бичигдсэн мөрүүд Королевийн хамгийн дуртай үгс байв. Гариг хоорондын нислэг хийж, нарны аймгийг танин мэдэхийг хүссэн Циолковскийн мөрөөдлийг Королев өвлөн авч, бодит зүйл болгох нь түүний хувьд нэгэн насны амьдралынх нь зорилго байжээ.

Гэвч Ангараг хүртэл дэлхийтэй хамгийн их ойртох үед ч сар хүртэлх зайнаас 150 дахин хол, 56 сая км зайтай. Төсөөлөхөд ч бэрх сансарын алс холын аялалыг Королев хэрхэн бодит зүйл болгохоор төлөвлөж байв. 500 тонн жинтэй, аварга хөлгийг дэлхийгээс хөөргөх боломжгүй. Иймд хөлгийн хэсгүүдийг тус тусад нь хөөргөөд сансарт угсрахаар төлөвлөжээ. Үүний тулд 75 тонн жинтэй ачааг тойрог замт хүргэх чадалтай Н1 пуужинг зохион бүтээсэн байна.

Image


Хөлгийн үзүүрийн шүхэр хэлбэртэй хэсэгт нарны зай угсарч, шаардагдах энергийг удаан хугацааны турш хангах, хөлөг доторхи хүлэмжинд хүнсний ургамал тариалахаар тус тус төлөвлөжээ. Мөн сансарын хөлгийн эх загварыг ч бүтээгээд байв. Гэвч алс холын гаригт хүрэхийг зорьсон Королевийн мөрөөдөл бодит төлөвлөгөө болох эхлэлийн шатандаа зогсох болно. Шалтгаан нь Хуршевт байв. Тэрээр алс холын гаригт хүрэхээс илүүтэйгээр америкийг даван гарахыг чухалчилж байсан юм. "Хэрэв уг төлөвлөгөө үргэлжлэн хэрэгжсэн бол 1985 он гэхэд хүн Ангарагт хүрэх бүрэн боломжтой байсан" хэмээн зөвлөлтийн сансар судлалын түүхийн амьд гэрч болсон Бугуров нотлож байна.

Сансарын аливаа төсөл эрх мэдэлтнүүдийн таалалд нийцээгүй бол хэрэгжих боломжгүй гэдгийг Королев ч сайн ойлгож байв. Иймд зорилгоо өөрчлөх болно. Москвагийн нисэхийн их сургуульд хүйтэн дайны үед бүтээгдсэн нэгэн сансарын хөлөг хадгалагдаж байна. Тэр бол Королевийн удирдлагаар бүтээсэн саран дээр газардах хөлөг юм. Хрушев америкчуудтай адил хугацаанд саран дээр хүн буулгах шийдвэрийг 1964 онд гаргажээ. Гэвч зөвлөлтчүүд Аполло төслөөс 3 жилээр хоцорч байсан учир яаравчлах шаардлагатай байв.

Саран дээр хүн буулгах зөвлөлтийн төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол сансарын нисгэгч Алексей Леонов юм. Саран дээр анхлан газардахаар аль хэдийн сонгогдсон байсан тэрээр тухайн үед газардах сургуулилтын багийг давхар удирдаж байжээ. Леонов 1965 оны 3 сарын 18-нд түүхэн үүрэг гүйцэтгэж, анх удаа задгай сансарт гарав. Дэлхийгээс 500 км зайд, сансарт 12 минутыг өнгөрүүлэх үед түүнийг хөлөгтэй цорын ганц утас холбож байсан юм. Энэ үйл явдал хүнийг саран дээр буулгах бэлтгэл ажлын хүрээнд хийгджээ.

Image


Шинэ пуужин бүтээх цаг хугацаа байгаагүй учир Королев саранд хүрэхэд Н1 пуужинг ашиглахаар төлөвлөжээ. 30 хөдөлгүүртэй, 3000 тоннын жинтэй уг пуужингаар сансарын 2 нисгэгч бүхий хөлгийг эхний шатны хөдөлгүүрээр хөөргөнө. 2,3-р шатны хөдөлгүүр хөлгийг тойрог замд оруулахад ашиглагдана. Харин 4-р шатны хөдөлгүүр хөлгийг саранд хүргэнэ. Хөлөг сарны тойрог замд орох үед сансарын нэг нисгэгч задгай сансарт гарч, газардах төхөөрөмжинд шилжин байрлана. Газардах төхөөрөмж сарны гадаргад ойртох үед сансарын нисгэгч цонхоор харж, буухад тохиромжтой газрыг сонгоно. Королевийн төлөвлөгөөний дагуу саранд америкчуудаас түрүүлэн газардах бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилсээр байв.

Image


Гэвч 1966 оны 1-р сарын 5-нд Королев ухаан алдан унав. Цөллөгт байх үед өвчилсөн зүрх нь амралтгүй ажилласан 22 жилийн ачааллыг даасангүй. Королев 9 хоногийн дараа хийгдсэн мэс заслын үед нас барж, 59 жил тээсэн мөрөөдөл нь тасарсан юм. Түүнийг зөвлөлтийн ард түмний хамгийн том хүндэтгэл болгон, улаан талбайд оршуулжээ. Зөвлөлтийн сансар судлалын тэргүүн шугаманд байсан Королевийн нэрийг тухайн үед л хүмүүс мэдэх болж, түүнтэй салах ёс гүйцэтгэхээр улаан талбайг зорьж байв.

Королевийг нас барсны дараа саран дээр газардах төлөвлөгөө үргэлжилж, Н1 пуужингийн туршилтыг 1969 оны 7 сараас эхлүүлэв. Гэвч дараалан хийсэн 4 удаагийн туршилт бүгд бүтэлгүйтэж, зөвлөлтийн сансар судлал маш том хөдөлгөх хүчээ алдсаныг илтгэв. Мөн оны оны 7 сарын 20-нд Аполло 11 хөлөг саран дээр газардаж америкчууд сансарын өрсөлдөөнд тэргүүлж эхэлсэн юм.

Марс-500 хэмээх төсөл 2 жилийн өмнө орост хэрэгжиж дууссан билээ. Төсөл Ангараг гариг руу хийх нислэгт зориулагдаж, удаан хугацааны аялалын үед сансарын нисгэгчдийн эрүүл мэнд, сэтгэлзүйд гарах өөрчлөлт, мөн нислэгийн үеийн хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсийг хэрхэн хангах талаар судалсан юм. Уг төсөл ч 50 жилийн өмнө Королевийн гаргасан санаачлагын үр дүн ажээ. Королев тухайн үед ийм судалгаанд ашиглагдах туршилтын модулыг ч бүтээж байсан байна.

Королевийн амьд ахуй үеийн дуу бичлэг хадгалагдаж байдаг. Бичлэгт "тун удахгүй сансарын аялал хүн төрөлхтний хувьд ердийн тээврийн хэрэгсэл нь болно. Бодит байдалд туйлын хурдан тээврийн хэрэгсэл байх болно. Ердөө хагас цагийн дотор л дэлхийн нөгөө өнцөгт хүрнэ гэвэл итгэмээргүй сонсогдож байна уу. 15 жилийн өмнө 200, 300 км/ц-ийн нислэг аймшигтай зүйл байсан. Тэгвэл одоо тийрэлтэт нисэх онгоц бүтээгдэж түүнээс ч илүү хурдалж байна. Иймд хэзээ нэгэн цагт гариг хоорондын аялал бодит байдал болно. Энэ бүхнийг би Зөвлөлт улсын төлөө, Зөвлөлтийн ард түмний төлөө, нийт хүн төрөлхтний ашиг тусын тулд зориулагдахыг хүсч байна" гэжээ.

Image


Одоогоос 50 гаруй жилийн өмнө, Зөвлөлт хэмээн нэрлэгдэж байсан улсын сансар судлалын алтан үеийн төлөөлөл болсон Королев хэмээх суут эрдэмтэн амьдарч байсан юм. Түүний мөрөөдөл, хүсэл эрмэлзлэлийг өнөөдөр дэлхийн сансар судалтай холбоо бүхий олон хүн үргэлжлүүлсээр байна. (Дашрамд дурдахад мэдээллийг 2 жилийн өмнөх эх сурвалжаас бэлтгэсэн тул цаг хугацаатай холбоо бүхий зарим мэдээлэл хуучирсан байж болохыг анхаарна уу)

Эх сурвалж, NHK
Post Reply

Return to “ЦЭРЭГ АРМИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”

cron