
Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус бүрийн хийсэн мэдээллээс онцлох 5 эшлэлийг хүргэж байна.
ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ ТӨР УЛСТАЙ БОЛОХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу маш хариуцлагатай институтын тэргүүн юм.
Хүн биш хууль засагладаг төр улстай болох ёстой.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
Монголын ард түмний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.
Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг гэдэг бол бурхны хишиг. Монголын иргэн бүр үүнээс ижил тэнцүү хүртэх ёстой.
ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ АЛХАХ ГУРВАН САЛАА ЗАМЫН НЭГИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ГЭДГИЙГ БИД ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАТАЙГААР ОЙЛГОХ ЁСТОЙ

Бид бүгдээрээ агуу түүхт үндэстнийхээ нэг хэсэг. Нэг нь нөгөөгөө нөхдөг цул ард түмэн.
Энэ бол улс төрийн намын нэгийг сонгох сонгууль биш. Гурван нэр дэвшигчийн хэн нэгнийг сонгох гэж буй сонгууль ч биш. Ирээдүй рүүгээ алхах гурван салаа замын нэгийг сонгох сонгууль гэдгийг бид туйлын хариуцлагатайгаар ойлгох ёстой.
Бид эрчимтэй орчин үеийн нэгдмэл үнэт зүйлтэй, эрх чөлөөт нийгмийг байгуулахыг зорьж байна.
Монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй хэвийн амьдралыг эргүүлэн авчрахад миний зорилго оршиж байна.
Ковидизмоор далдалсан дарангуйллыг зогсооно.
ШИНЭ ҮЕДЭЭ, МЭДЛЭГ, ЧАДВАР ТЕХНОЛОГИД ИТГЭЖ 21-Р ЗУУНЫ ҮЕИЙН ШИНЭ МОНГОЛЫГ БАЙГУУЛНА ХЭМЭЭН АЖИЛЛАХ ЁСТОЙ

Өнөөдөр Монгол Улс туулсан замаа эргэж хараад шинэ үедээ, мэдлэг, чадвар технологид итгэж 21-р зууны үеийн шинэ Монголыг байгуулна хэмээн ажиллах ёстой.
Монголын төрийн нэгдмэл байдлыг хадгалж, Монголын төрийн гурван салаа мөчрийн уялдааг хангаж, Монголын төрийн гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэхээр бид сэтгэл шулуудаад байна.
Монголчууд бид шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт итгэж байна.
Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол бидний хамгийн эхний алхам бол нам ба нам бус, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ багийг байгуулан ажиллах болно. Энэ бол нэг намын бус Монголын баг байх болно.
Бид Монголын малчид чадна. Монголын залуус чадна. Монголын инженерүүд чадна. Монголчууд бид чадна гэсэн уриаг дэвшүүлсэн.