Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль - 2021

#1
Нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардсаныхаа дараа хэлсэн ОНЦЛОХ 5 ЭШЛЭЛ
Image
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа. Үүний дараа нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудаасаа танилцуулж, иргэдэд хандан үг хэлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус бүрийн хийсэн мэдээллээс онцлох 5 эшлэлийг хүргэж байна.


ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ ТӨР УЛСТАЙ БОЛОХ ЁСТОЙ
Image
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу маш хариуцлагатай институтын тэргүүн юм.
Хүн биш хууль засагладаг төр улстай болох ёстой.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
Монголын ард түмний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.
Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг гэдэг бол бурхны хишиг. Монголын иргэн бүр үүнээс ижил тэнцүү хүртэх ёстой.


ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ АЛХАХ ГУРВАН САЛАА ЗАМЫН НЭГИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ГЭДГИЙГ БИД ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАТАЙГААР ОЙЛГОХ ЁСТОЙ
Image
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:

Бид бүгдээрээ агуу түүхт үндэстнийхээ нэг хэсэг. Нэг нь нөгөөгөө нөхдөг цул ард түмэн.
Энэ бол улс төрийн намын нэгийг сонгох сонгууль биш. Гурван нэр дэвшигчийн хэн нэгнийг сонгох гэж буй сонгууль ч биш. Ирээдүй рүүгээ алхах гурван салаа замын нэгийг сонгох сонгууль гэдгийг бид туйлын хариуцлагатайгаар ойлгох ёстой.
Бид эрчимтэй орчин үеийн нэгдмэл үнэт зүйлтэй, эрх чөлөөт нийгмийг байгуулахыг зорьж байна.
Монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй хэвийн амьдралыг эргүүлэн авчрахад миний зорилго оршиж байна.
Ковидизмоор далдалсан дарангуйллыг зогсооно.


ШИНЭ ҮЕДЭЭ, МЭДЛЭГ, ЧАДВАР ТЕХНОЛОГИД ИТГЭЖ 21-Р ЗУУНЫ ҮЕИЙН ШИНЭ МОНГОЛЫГ БАЙГУУЛНА ХЭМЭЭН АЖИЛЛАХ ЁСТОЙ
Image
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат:

Өнөөдөр Монгол Улс туулсан замаа эргэж хараад шинэ үедээ, мэдлэг, чадвар технологид итгэж 21-р зууны үеийн шинэ Монголыг байгуулна хэмээн ажиллах ёстой.
Монголын төрийн нэгдмэл байдлыг хадгалж, Монголын төрийн гурван салаа мөчрийн уялдааг хангаж, Монголын төрийн гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэхээр бид сэтгэл шулуудаад байна.
Монголчууд бид шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт итгэж байна.
Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол бидний хамгийн эхний алхам бол нам ба нам бус, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ багийг байгуулан ажиллах болно. Энэ бол нэг намын бус Монголын баг байх болно.
Бид Монголын малчид чадна. Монголын залуус чадна. Монголын инженерүүд чадна. Монголчууд бид чадна гэсэн уриаг дэвшүүлсэн.


Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль - 2021

#2
Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчдийн CV
Image
Морьд эргэлээ, монгол сонгууль эхэллээ. Юуны өмнө бие бялдар, харизм, характер өөр гурван нэр дэвшигчдэдээ хараа хурц, оноо цэцэн, уухай цээл байх болтугай гэж нэгэн ерөөл өргөе.

Нэмээд зургадугаар сарын 9-ны өдөр зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох монголчуудын сонголт мэргэн бөгөөд зөв байхын бас нэгэн ерөөл дэвшүүлье. Х.Баттулгаас тамгыг нь шилжүүлж авах тэр бөхийн нэр хэний хэн бэ?


У.ХҮРЭЛСҮХ

Гол уриа: БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ
Image

Гол амлалт: Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Хараат бус хууль хяналтын байгууллага, шүүх прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх тал дээр анхаарна. Ёс бус үйл ажиллагааг зогсооно. Хүн бус хууль засагладаг байх ёстой.

Төрсөн нутаг болох Хэнтий, Дорнодоос сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн түүнд ялахаас өөр сонголт үлдээгүй. Ялагдвал түүний улс төрийн карьер УИХ-ын сул гишүүн төдийгөөр дуусна. Гурван сонгууль дараалан АН-д алдсан ялалтыг эргүүлэн авчрах их үүрэг намынх нь түүхэн ойтой давхцаж байна. Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг гэвэл тэр яах аргагүй өнөө цаг үедээ МАН-ын болон Монголын улс төрдөө л шонхор. Намдаа ялалт авч ирэх карьер болон харизмтай хүн У.Хүрэлсүхээс өөр МАН-д алга байна.

Хоёрхон сонголттой нүүр тулсан тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж, үхэх, сэхэхээ үзэхийг сонгосон. Ямар ч байсан их удирдагчийн замд нь саад болсон “Миеэ”-гээ ҮАБЗ-ийн туслалцаатайгаар цэвэрлэж, Х.Баттулгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дарж авлаа. Тэр ордны хананд зургаа үлдээхээс илүү түүхэнд нэрээ “сийлэх” хүсэлтэй.


С.ЭРДЭНЭ

Гол уриа: ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ
Image

Гол амлалт: 1992 оноос хойш анх удаагаа Монголын ардчилал устан үгүй болоход ойртлооЮуны өмнө монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй хэвийн амьдралыг эргүүлэн авчирна. Ковидизмоор далдалсан дарангуйллыг зогсоож, нураах болно.

Тэр үнэхээр амаргүй нөхцөлд өрсөлдөж байна. Түүнд эрх мэдэл, мөнгө, намд нь эв нэгдэл алга. Энэ цаг үед гудамжны нохдоос илүү журмын нөхөд нь түүн рүү хамгийн их хуцах болсон. Эрх мэдэлтэй үед нь дагаж намирсан нөхөд нь хүнд хэцүү цагт нь урваж, шарвахыг утгаар нь үзүүлж буй. Эсрэгээрээ алба тушаалтай байхад нь алалцаж явсан хүмүүс ганцаардаж явах үед нь гарбариад дэмжээд зогсож байна.

С.Эрдэнэд буцах зам үгүй. Намаа ялалтад хүргэж, ардчиллыг хамгаалах том даалгавартайгаар тулаанд орсон. Түүнийг ялахыг биш ялагдахыг нь анаад, хүлээгээд сууж байгаа хүмүүс Ардчилсан намд З.Энхболд, Ц.Туваанаас эхлээд цөөнгүй. Эсрэгээрээ С.Эрдэнэ ялагдвал Монголын ардчилал ялагдана гэж Э.Бат-Үүл, “бидон” Д.Ганбатаас анхааруулж, болгоомжлуулж байгаа нь зөндөө.

С.Эрдэнэ хэр хүчтэй улстөрч болохоо, Ардчилсан нам амьд байгаагаа харуулах сонгууль болж байна.


Д.ЭНХБАТ

Гол уриа: МОНГОЛ ЧАДНА
Image

Гол амлалт: Монгол Улс өөрийн туулсан замаа эргэж хараад, шинэ үедээ итгэж мэдлэг чадвар, технологид итгэж, XXI зууны үеийн шинэ Монголыг байгуулна. Бид Монголын малчид чадна, Монголын залуус чадна, Монголын инженерүүд чадна, монголчууд бид чадна гэсэн уриатай орж байна. Бидний зорилт нэг намын төлөө биш, нийт олны төлөө байна.

Д.Энхбат ялахаас илүү ХҮН танигдах тактик гэж хэлж болно. Түүний гол дэмжигчид нь сошиалынхан, тэр тусмаа жиргээнийнхэн. Ард түмний захиалга гэх Д.Энхбатын нэрийг нь бүү хэл зүсийг нь танихгүй хүмүүс хот, хөдөөд зөндөө байгаа. Амьдрал зөвхөн сошиалд өрнөдөггүй.

С.Эрдэнэд гомдсон, өширхсөн АН-ынхан Д.Энхбатыг дэмжихээ илэрхийлэх болсон. Тэгэхээр Д.Энхбат У.Хүрэлсүхийн биш С.Эрдэнийн санал хуваагч, С.Эрдэнийн гол өрсөлдөгч болно гэсэн үг.

Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэгч гээд титэм үг хэлээд, цэцэрхээд суудаг албан тушаал биш. ҮАБЗ-ийг даргална. Боловсролын хувьд мундаг байлаа гээд түүнд хүч хэрэгтэй. Тэр нь ХҮН байж чадах эсэх нь эргэлзээтэй. ХҮН болон Д.Энхбатын хувьд ялагдахад ч гомдолгүй, алдах юмгүй сонгууль юм.
Post Reply

Return to “УЛС ТӨР, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ”

ULAANBAATAR WEATHER
cron