Л.ТҮДЭВ VS П.ОЧИРБАТ

#1
Л.ТҮДЭВ VS П.ОЧИРБАТ
Image

Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ “Хэрвээ П.Очирбат биш, Л.Түдэв Монголын анхны Ерөнхийлөгч болсон бол...” гэж бодохгүй байж чаддаггүй юм. Ёстой л хорхой хүргэсэн, өнгөрсөн 28 жилийн хамаг гомдол цөхрөл, гутрал гутамшгийг уг ёзоороор нь уудлаад гаргаад ирэх юм шиг аазгай хөдөлгөсөн бодол доо.

Одоо бодоход, монголчууд яаж мунхрахаараа аугаа их соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Лодонгийн Түдэвийг хойш тавиад, уул уурхайн яамны хурган дарга байсан Пунсалмаагийн Очирбатыг сонгосон юм бол оо гэж санагдана. Гэвч үүнд учир шалтгаан байсан юм. Юун түрүүнд, ард нийтийн олонлог буюу нийгмийн ой санамж нь өөрсөдтэйгээ ижилсэх чанарыг удирдагчаасаа хайдагтай холбоотой. Ийм олонлогоор бол П.Очирбат Лодонгийн Түдэвийгээ бодвол хол илүү давуу талтай нэр дэвшигч байсан юм. Бүр тодорхой хэлбэл, П.Очирбат тухайн үеийн олон нийтэд таалагдах хэмжээний харизмтай, харин Л.Түдэвийн хувьд олон нийтээс арай өөр буюу элит түвшний хэмжүүрт таацах нэгэн байсан хэрэг. 1993 онд ард түмний олонх өөрсөдтэй нь ижил төстэй, хэнэггүй, хээгүй нь дэндсэн, гүндүүгүй нөхөр гэж итгэж найдаад л П.Очирбатыг сонгочихсон. Түүнээс биш, тэр үеийн сонгогчдод сонгогчийн боловсрол, улс төрийн нарийн ширийн мэдлэг, туршлага ч гэж үнэндээ байсангүй.

Тэгвэл аугаа их Л.Түдэвийг, тухайн үеийн МАХН-тай хамт далаар нь цэвэр тавьсан П.Очирбат гэж чухам хэн байв аа. Л.Түдэвтэй өрсөлдөх үедээ П.Очирбат дээр дурдсан шиг яамны хурган дарга байхаа болиод, Монголын төрийн тэргүүн гэгдэж байсныг хэлэх хэрэгтэй. Төрийн тэргүүн гэдэг буг ч байсан, бурхан ч байсан үл хөндөх зүйл хэмээн үзэхээс гадна сонгуулиар хэн нэгнийг сонгох, солих тухай ойлголт хараахан хэвшээгүй байлаа. Тиймээс ч төрийн тэргүүнтэй суудлынх нь төлөө өрсөлдөж байгаа Л.Түдэв төр эргүүлэхээр санаархаж буй дайсан мэтээр төсөөлөгдөж байсанд гайхах зүйл үгүй. Тэр ч байтугай, “Л.Түдэв Ерөнхийлөгч болвол дайн болно” гэж хүртэл элийрдэг байлаа шүү дээ. Энэ мэтээс эхлээд П.Очирбатын ялалтад нөлөөлсөн олон шалтгаан, нөхцөл бий. Гэхдээ юу юунаас илүү П.Очирбат хувь хүнийхээ хувьд ард түмний олонход таалагдаж чадсан. Ялангуяа түүний монголчуудад нийтлэг байдаг гүндүүгүй гүдэс зан, шулуун шударга үг, хээ шаагүй бор бааз байдал нь дотносох сэтгэгдлийг төрүүлдэг байсан нь маргаангүй юм. Гэвч эндээс л бидний харамсал, халаглал хоёр эхэлсэн гэж болно. П.Очирбат бор бааз нэгэн биш ашиг хонжооч болохыг, гүндүүгүй хээгүй биш гүлдийсэн хомхой болохыг, өөриймсөг дотно биш хүнийрхүү хүйтэн болохыг бид хожимдож мэдэх болно.

1993 оныг хүртэл П.Очирбат улаан коммунистуудын эгнээнд, тэр дундаа бүр тэргүүн эгнээнд нь туг барьж явсан. Гэтэл 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь түүнийг биш, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэвийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр боллоо. Тэгмэгц П.Очирбат намаасаа нүүр буруулж, нөгөө талд очоод өрсөлдөгч нь болчихсон юм.

МАХН-ын бага хурлаас П.Очирбат, Л.Түдэв, П.Жасрай, Ц.Гомбосүрэн, Б.Даш-Ёндон нарын нэрийг санал болгожээ. Эхлээд Б.Даш-Ёндон нэрээ татаж авсан байна. Цаг орчим шаагилдсаны дараа заалнаас зарим хүнийг нэрээ татаж авахыг шаарджээ. УИХ-ын нэгэн гишүүн “Хагас жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдсон хүн одоо Ерөнхийлөгчид өрсөлдөх гээд суугаад байж яаж болдог юм бэ” гэж. Ухаандаа П.Жасрай гуайг нэр цохон хатгасан нь тэр. Ингээд П.Жасрай гуай нэрээ татав. Ц.Гомбосүрэн гуай “Л.Түдэвтэй би яаж өрсөлдөх вэ дээ” гэж хэлээд нэрээ татлаа. Ингээд П.Очирбат, Л.Түдэв хоёр үлдэж, 67 хувийн саналаар Л.Түдэв нэр дэвших эрх авсан байна.

Гэтэл үүний маргааш Баабар П.Очирбат дээр хүрч ирээд “Таны нэрийг манай хоёр намаас дэвшүүлэхээр шийдсэн” гэж хэлжээ. П.Очирбат тэр даруй зөвшөөрлөө бичгээр үйлдэж өгсөн гэдэг. Түүхийн ухааны нэгэн доктор МАХН-ын удирдах зөвлөлийн хурал дээр П.Очирбатыг зад шүүмжилж, Монгол, Хятадын харилцааны талаар баримталж буй бодлогод гаргасан алдааг нь ярихад намынхан нь алга ташин дэмжсэн байдаг.
Өмнө хэлсэнчлэн П.Очирбат улстөрчийн хувьд хэнийг ч ялан дийлээд гараад ирэхээр нэр цууд хүрчихсэн лидер байгаагүй юм.
Тус Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол телевиз анх удаа нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулав. Хоёр мэтгэлцээнийг шууд дамжуулан, үзэгчдийн асуултад хариулсан юм. Халз ярилцлагыг бүтэн оройжин шууд нэвтрүүлжээ. “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөр явах зуур л нэг завсарласан гэж байгаа. Ингэж завсарлах мөчид Л.Түдэв гуай студиэс нэлээд бухимдуу гарч ирээд “Цаасан цэцгийг үхсэн хүнд л өгдөг. Бүхэл бүтэн улсын телевиз байж амьд цэцэг олж чаддаггүй” хэмээн ундууцсан байна. Дараа нь “Халз мэтгэлцээн ийм байдаггүй. Би ч яахав, жирийн нэр дэвшигч. Улсынхаа Ерөнхийлөгчийг ингэж бүх ард түмний вопрос (оросоор хэлсэн)-т оруулж болдог юм уу” гэж шүүмжлэв. Ингэж ундууцсан нь түүнд нөлөөлж, халз мэтгэлцээний хоёрдугаар хэсэгт өрсөлдөгчөө шүүмжлэх, давшлах янз байдал үзүүлж эхэлжээ. П.Очирбат яриандаа “Соёл урлаг чихний чимэг” гэсэн утга санаатай үг хэлснийг өлгөн авч сүрхий дайрав. Харин Очирбат инээгээд л сууж байсан гэдэг. “Нууц амрагийн талаар юу гэж боддог вэ?” гэж асуухад Л.Түдэв “Огт байх ёсгүй” гэж эрс хатуу хариулсан бол П.Очирбат “Амьдралд байдаг л зүйл” гэж манжлахаа мартсангүй.
П.Очирбат ард түмэнд тохируулж, тэдэнд таалагдах үгийг л сонгож хэлж байсан бол Л.Түдэв ард түмнээсээ түрүүлсэн, хэтийдсэн зүйлсийг ярьж байв. Тухайлбал, тухайн үед нар салхи, усны хүчийг ашиглах тухай ярьсан нь тэр цагт үлгэр шиг л сонсогдож байлаа. Мөн өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч гэх мэт хачин жигтэй үгүүд хэлж, “Би сонгогдвол импортыг хязгаарлаж, монголчууд бүсээ чангална. Ингэж л бид өөрсдөө үйлдвэрлэгч болно” гэж ярьсан нь олон нийтэд үнэхээрийн таалагдахгүй байлаа. Тэр үед ард түмэн бүсээ чангалах тухай сонсохыг ч хүсэхээргүй байсныг Л.Түдэв ойлгоогүй юм. Харин эсрэг талд П.Очирбат ард түмэн юу хүсч байгааг маш сайн мэдэж байв. Дутагдаж гачигдахын дээс хоолойд нь тулж ирсэн ард түмэнд тэр алт, эд баялаг, элбэг дэлбэгийг амласан юм. П.Очирбатын сонгуулийн гол илгээлт нь “Гарам дээр морио сольдоггүй” гэсэн үг байсан юм.

Сонгуулийн өмнөх мэтгэлцээн дээр П.Очирбат “Манайд ядуурал, хоосрол байхгүй” гэх ухааны юм хэлэхэд нь Л.Түдэв илт уурсаж “Нэг айлын хоёр хүүхэд нэг шинэ гутлыг ээлжлэн өмсөх жишээтэй байхад ядуурал байхгүй гэдэг арай бодит байдалд нийцэхгүй” гэж сөргөж, өрсөлдөгч рүүгээ үгээр дайрч эхэлсэн байдаг л даа.

Халз мэтгэлцээний өмнөх судалгаа, тандалтаар Л.Түдэв 60 гаруй хувиар илүү явж байсан бол мэтгэлцээний дараа сонгогчдын санаа бодол эргэсэн байжээ.
Үндэстний тэргүүн сэхээтнээ “гомдоож” орхиод, илүүд үзэж сонгосон өнөөх П.Очирбат нь монголчуудад хожим нь тараа таниулж, тавилангаа харийнханд худалдсан даа. Манай анхны Ерөнхийлөгч гэж саймшраад орд харш хүртэл барьж өгснийг нь “мань мангар” нурааж хаяад газрыг нь зарчихсан гээд бодохоор гомдох ч багадна. Харин “Бурханаа бургасаар ороолгов” гэгчийн үлгэрээр Л.Түдэвийг сонгоогүй ард түмэн өнөөдөр л амаа барьж, аньсгаа чийгтүүлж, голоо гогодтол харамсаж сууна.

2018.12.15

(Д.Дамдинжав. "Сийлүү дардаг бажгар" нийтлэлийн хэсгээс.)


Return to “УЛС ТӨР, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ”

cron