С.Молор-Эрдэнэ: Залуус тэнэг Элон Маск, NBA-ийн боловсролгүй тамирчдыг дэмий шүтэж байна

#1
С.Молор-Эрдэнэ: Залуус тэнэг Элон Маск, NBA-ийн боловсролгүй тамирчдыг дэмий шүтэж байна
Философич, Др.Др С.Молор-Эрдэнэтэй цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар товч ярилцлаа. Тэр хөл хорионы үеэр гурван хөх номоо бичиж хэвлүүлсэн бол одоо гурван шараа хэвлэлтэд өгчхөөд байгаа аж. Өмнө нь гурван цагаан, улаан номууд хэвлүүлсэн нь бестселлерийн жагсаалтад бичигдэж байв. Мөн “Хүн байх ба хүн болох” сэдэвтэй сургалт зохион байгуулж, төгсгөгчдөдөө сертификат гардуулаад удаагүй байхад нь бид ярилцлаа.
Image

-ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ КОРОНАВИРУС ИЛЧИЛЛЭЭ-
-Цар тахлын гэх хоёр жил өнгөрч байна. Энэ цаг хугацаанд өрнөсөн үйл явдлуудыг та философич хүний нүдээр хэрхэн харж байв?
-Нэгт философич хүний үүднээс, хоёрт шинжлэх ухааны талаас харсан. Юуны өмнө энэ тахал байсангүй. Хил дамнасан халдварт өвчин байж болох. Харин тахал гэж нэрлэвэл тохирохгүй. Мөн “Цар” гэж буруу нэрлэсэн. Олон улсын нэрлэгээ нь пандеми. Эпидэми гэвэл зөвхөн улс орон дотроо тархсан халдварт өвчин, хил даваад явчихвал пандеми болно. Цар гэсэн монгол үгтэй ямар ч хамаагүй. Тогоо, шанага шиг ойлголт төрүүлээд байна шүү дээ. За, титэм гэсэн үгтэй ч мөн хамаагүй. Коронавирусийн дижитал зураглалыг гаргаж ирвэл титэмтэй адилтгаж болмоор дүрснүүд харагддаг. Яг өөрийнх нь бодит зураг ч биш л дээ.
Энэ мэтчилэнгээр манай ард түмэн хүн төрөлхтний анагаах ухааны, шинжлэх ухааны мэдлэг, ойлголтоос ямар их хоцорсныг харлаа. Сайд нь “Монгол Улсад коронавирус оруулж ирэхгүйн тулд ажиллана, үүнийг хариуцна” гэж амлаж, улс төрийн оноо авч ч байх шиг. Тэр хүнтэй ямар ч хамааралгүй тархана л даа /Инээв, Сурв/. “Хүйтэн цаг агаартай учир манай оронд орж ирэхгүй” ч гэж ярьж байх шиг. Энэ чинь нэг төрлийн ханиад л юм чинь өвөл бүр хурдтай тархана шүү дээ /Инээв, Сурв/.
Ерөнхийдөө гуу жалганаас гараагүй ард түмэн гэдэг сэтгэлийн хөдлөл ихтэй. Боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь хааччихсан юм гэж гайхлаа. Гадаад, дотоодод вирусологи, микробиологиор сурч, доктор хамгаалсан олон хүн байдаг биз дээ. Тэр хүмүүсийн үг сонсогдсонгүй. Лам нар нь яах вэ дээ, сүм хийд чинь бизнесийн байгууллага ш дээ. Бизнесээ бодоод үрэл тараагаад эхэлсэн. Үгүй, ер нь үнэн инээдтэй байсан. Нөгөө талаар аймаар уйтгартай байлаа. Харамсмаар байсан. Нэг нэгийгээ ад үзээд л, айгаад л. Зарим баячууд чинь гэрээсээ жил гаруй хугацаанд гараагүй гэж байна шүү дээ. Атомын бөмбөг хаячихсан юм шиг /Инээв, Сурв/.
Ер нь яасан гэнэн томоогүй, том болоогүй ард түмэн юм дээ гэж л бодсон. 100 жилийн өмнө оросууд тэмбүүнээс салгах гэж их зовсон гэсэн л дээ. Тэр сэтгэлийн хөдөлгөөн, тэр уур уцаар. Төрийн сайд дарга нарын яриа, хөөрөө. Ер нь хэн нь хэн бэ гэдэг л харагдсан. Миний найз хэн бэ. Миний хамаатан хэн бэ. Миний ээж хэн бэ. Миний дарга хэн бэ. Сүүлд бодоход нь олон хүнд ичмээр санагдаж байгаа байх.
-Та өөрөө тусав уу?
-Туссан, тусаагүйгээ мэдэхгүй. Тусвал мэдээж ханиад шиг халуурна. Халуурах үед нь эм ууж, гэртээ тайван хэвтэнэ. Ханиад ер нь тэгдэг дээ. “За, ханиад хүрэх нь байна” гээд мэдчихдэг. Тэгээд хоёр, гурван хоног нам хэвтдэг. Тэгээд гайгүй болоод босоод ирдэг. Тийм хоёр, гурван халууралт болсон, гэртээ тайван сайхан хэвтэж байгаад эдгэсэн. Тэр үеэр гурван хөх номоо бичсэн. “Монголын өчигдөр, өнөөдөр, маргааш” гэж. Гарч ч болохгүй, яаж ч болохгүй болчихоор нь номоо бичээд л суучихсан. Надад бол ямар нэг асуудал байгаагүй. Тусвал туссан л байх. Вакцинаа хийлгэлээ. Тэртэй тэргүй би нийгмийн нэг гишүүн, бусдыг бодох ёстой. Насанд хүрсэн хүн шиг байх хэрэгтэй. Хууль журам юу байна, түүнийг дагасан. Бүх нийтийн асуудал шүү дээ.
-Та их энгийн хүлээж авч л дээ. Олон нийтэд зарим хүмүүс, бүр төрийн тэргүүн хүртэл үүнийг “Эх дэлхийн сануулга” гэх зэргээр тайлбарлаж байсан?
-Бороо орохоор “Тэнгэр уйлж байна” гэж тайлбарладаг л хүмүүс шүү дээ.
-Хөл хорио тогтоосон нь ганц манайд ч биш бүх л орнуудын эдийн засаг, иргэдийнх нь сэтгэл зүйд цочир нөлөөлсөн юм биш үү?
-Ерөөс нийгэм дотор янз бүрийн хүмүүс бий. Хистери гэж ойлголт байдаг л даа. Өөрийн мэдэлгүй хэт сэтгэл нь хөдөлдөг, хистери болдог хүмүүс нийгэмд байж л байдаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс, ээж нар. Батлагдсан психологийн асуудал.
Харин ард түмний дотор сэхээтэн давхарга гэж байх ёстой. Гадаад хэлтэй, гадаад дотоодын мэдээллийг зэрэгцүүлж уншаад ерөнхий дүгнэлт гаргаад авчихдаг, түүнийгээ хүмүүст тайлбарлаад өгчихдөг сэхээтнүүд байх ёстой. Манайд үүссэнгүй л дээ. Социализмын үед жаахан үүсэх гэж байгаад больсон. Олон зуун жил эсгий гэрт, номноос, хүн төрөлхтний мэдлэгээс хол явсан генетикийн онцлог маань нөлөөлж гэмээр. Массаас ялгарахгүй профессорууд, судлаачид байгаа болохоор нийтээрээ мухар сүсгээс гарч чадахгүй байна шүү дээ.
Гурван сая хүнтэй ард түмэнд харамсалтай л байна. Хэрэв мянган сэхээтэн байсан бол тэд чинь энд тэнд бичиж, яриад нөлөөлөөд явчихна. Нэг ч гэсэн хүний нүд, чихийг онгойлгоно. Гэтэл нөгөө ямар тулгатан билээ. Тэр зуугийнхаа үгийг, лам нарын, бөхчүүдийн үгийг сонсож байна ш дээ. Тэд чинь боловсролгүй хүмүүс.
-МИНИЙ ҮЛГЭР ЖИШЭЭ ХҮМҮҮС БҮГД 1000 ЖИЛИЙН ӨМНӨ ҮХЧИХСЭН-
-Та өөрөө ч энэ хугацаанд их чимээгүй суулаа. Нэг хэсэг хэлсэн үг болгон тань маргаан дагуулж, адлуулдаг байсан. Хөл хорионд нам суув уу, эсвэл сэтгүүлчид тоохоо больчхов уу гэж гайхсан?
-Нийгэм тэр чигээрээ, сэтгүүлчидтэйгээ хамт хистери болчихсон л доо. Нэгэнт масс хистерид орчихсон, хөөрсөн түмэн бий болчихсон байхад үг, үйлдлээ цэнэх ёстой. 1990 онд бас л хөөрсөн түмэн гараад ирсэн. Өдөөгөөд өгөхөөр орилолдоод гараад ирдэг. Тэдэнтэй юм ярьж, харилцахад маш төвөгтэй. Учир нь ухамсрын түвшин нь алдагдаад, уур хилэн, үзэн ядалт, гомдолт гэх мэт доод сэтгэлийн түвшиндээ автчихсан байдаг. Тэнд хүнийг хайрлах, хүндэтгэх, халамжлах ёс суртахууны ямар ч үйлдэл хийгдэхгүй. Тийм үед том сэдвээр шүүмжлэл хэлж ерөөсөө болохгүй. Ёс суртахууны хувьд ч тэр.
Би Ерөнхийлөгчийн зөвлөх биш, төрөөс цалин аваад сууж байгаа хүн биш. Гэртээ номоо бичээд сууж байгаа, чөлөөт, олон нийтийн сэхээтэн хүн. Тэгэхээр хэзээ, яаж дуугарахаа бодох хэрэгтэй. Нэгэнт уйлаад эхэлчихсэн хүнд “Уйлах муухай” гэж болохгүй. Дуустлаа уйлж, дотроо онгойлгог гэхээс яах вэ.
Ер нь бүр том филосифичдын намтар луу өнгийвөл, мэдлэг боловсролгүй хүмүүсийн дунд дуугүй л байхгүй бол болдоггүй. Харин номоо бичээд хэвлүүлнэ. Түүнийг нь хүмүүс уншина.
-Энэ үеэр иргэд төв талбай дээрээ жагсаж, Засгийн газраа унагалаа. Зун “No Naadam” гэх хөдөлгөөн өрнөж, залуус идэвхтэй оролцсон. Зарим хүмүүс үүнийг Өнгөт хувьсгал гарах тохироо бүрдэж гэж тайлбарлаж байсан. Залуусын энэ үйлдлийг та юу гэж харсан бэ?
-Залуу хүн үргэлж тийм байх хэрэгтэй. Залуус анархист байдаг. Одоогийн нөхцөл байдалтай тэртэй тэргүй эвлэрдэггүй. Хурдан түргэн сайжруулъя, огцом өөрчилье гэсэн үйлдэл, сэтгэлийн хөдөлгөөн гаргадаг. Энэ нь зөв. Залуу хүн үргэлж хувьсгалч байх ёстой. Насанд хүрчихсэн, дансандаа хэдэн төгрөгтэй болчихсон хүмүүс л ямар нэг өөрчлөлтөд дургүй байдаг. “Ингээд байж л байя л даа. Юу нь болохгүй байгаа юм. Болж л байна ш дээ” гэх мэт, нөгөө нэг булчин сулруулдаг үгсээ хэлээд суучихна. “Залуу хүн гэнэн” ч гэдэг юм уу, юу гэдэг юм.
Ер нь залуу хүн социалист байдаг. Хөгшчүүд феодалист, идэж уусан шиг гэдийж хэвтээд л. Залуу хүн бол нэг их эд хөрөнгөд үнэ өгөөд байхгүй. Нэг сайн гар утастай, нөтбүүктэй байхад л болчихно. Тийм учраас Өнгөт хувьсгал гарах тохироо бүрдэж гэж байгаа чинь зөв ч байж магадгүй. Залуус гадаа гарч, нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй. Би тэр үед ёстой алга ташиж суусан.
Нийгэмд залуу үе байна, тодорхой хэмжээгээр өөрсдийгөө илэрхийлж байна гэдэг их чухал. Сүүлд талбай дээр бас нэг юм болох шахсан ш дээ. Нөгөө экс-дуучин. Би хажуугаар нь хэд хэд өнгөрсөн. Тэр үед “Хэро” энтертайнментээс ярилцлага авъя гэж хандсан л даа. “Монголчууд жагсах, цуглах эрх чөлөөгөө яагаад эдэлж чадахгүй байна вэ” гэсэн сэдвээр яриа авъя гэсэн. Би “Нийгмийг хэзээ ч жагсаалд уриалан дуудахгүй. Улс төрчид нь өөрсдөө хийг” гэж хэлээд ороогүй.
-Энэ цаг хугацааны араас нийгэмд анхаарал татахуйц гэмт хэрэг, амиа хорлолтууд гарлаа. Ер залуусын сэтгэл зүйн асуудал их анхаарал татсан сэдэв болчихлоо л доо. Сэтгэл гутралд их автах болж. Сэтгэл зүйгээ яаж тогтвортой хатамжилж авч явах юм бол?
-Харин тийм ээ. Уг нь залуус оптимист, утопист, социалист байвал сайн. Даанч дэмий хүмүүсийг үлгэр жишээгээ болгож, тэдэндээ хэт автаад байна. Үлгэр жишээ хүн нь их том байх ёстой. Миний үлгэр жишээнүүд гэхэд дандаа 1000 жилийн өмнө, 500 жилийн өмнө үхчихсэн философичид. Амьд хүн нэг ч байхгүй. Манай залуусын үлгэр жишээ болохоор энэ нэг тэнэг Элон Маск, Марк Цукерберг, Жеф Безос байгаад байна л даа. Бүр хамгийн балай Билл Гейтс байна. Тэдний үнэн төрхийг танихгүй байгаа байх.
“Сургуулиа хаяад л тэрбумтан болсон гэнэ лээ” гэх мэт худал мэдээллүүдэд бүр өртчихсөн. Эсвэл “NBA”-гийн хэдэн боловсролгүй сагсанбөмбөгчдөд дурлана. Зарим нь гар утасныхаа нүүрэн дээр зургийг нь тавьчихсан ч байх шиг. Тийм жижигхэн хүмүүсээр үлгэр жишээгээ хийж болдоггүй байхгүй юу. Тэр хүмүүс дороо уначихдаг. Тийм Idol амархан байхгүй болчихно. Оюуны, мэдлэг боловсролын, өөрт сорилт болох тийм хүмүүсээр үлгэр жишээ хийж, суралцаж явсан нь дээр. “Champions League”-ийн тэнэг хөлбөмбөгчдийг шүтээд яах юм. Тэр чинь Английн сахилгагүй, архичин залуусын үзэж, хагас бүтэн сайнд цагаа өнгөрөөдөг тийм л спорт байхгүй юу. Та нар Англид очоод, стадионд нь ороод үзвэл зүгээр архичин англи залуус л орилолдоод байж байгаа. Талбай дээр гүйж байгаа нөхдүүд нь тэдний мөнгөөр саятан болчихсон. Юу нь сайхан байгаа юм. Энэ мэтээр Англи, Америкийн капиталист ертөнцийн худал төрхөнд хууртагдаж, өөрийн залуу нас, боломжийг зориулж байгаа нь харамсалтай.
Хүний амьдрал богинохон шүү дээ. Ерөнхийдөө жаахан тэнэгтэж байтал 30 нас хүрчихнэ. Ингээд “Би чинь ажилтай юу, мэргэжилтэй юу, цаашаа яамаар юм дээ” гэж байтал 45 хүрчихнэ. Ингээд биологийн талаасаа бүх юм унаж эхэлнэ. Булчин шөрмөс нөхөгдөж ургахаа байна. Харин оюуны хувьд цэнэглээд яваад байвал 60 настайд тархи жинхэнэ гоё болж ирдэг. Уншсан, мэдсэн юм бүрэлдсээр нас 50 хүрээд ирэхэд оюуны тэсрэлт болдог. Энэ филосифичид бүгдээрээ тийм хүмүүс /Танхимын адраар өлгөсөн философичдын зургийг зааж үзүүлэв, Сурв/. Бие бол тэртэй тэргүй ямбийна. Харин тархи хөгжих ёстой. Төдий насанд тархиа хөгжүүлж чадсан, түүнийгээ бусдад хуваалцахад бэлэн болчихсон байх ёстой л доо. Би одоо идэвхтэй ном бичиж байгаа нь үүний нэг жишээ. Хамгийн сүүлд, дэлхийн гурван том философичоор номоо эхлүүлсэн байгаа. Югаславын философич Славое Жижек хүртэл бий.
-Коммунист философич уу?
-Өөрийгөө шууд тэгж зарладаг. Ер нь социализм, коммунизм гэдэг чинь “Бүгдээрээ байртай, хоолтой, ажил мэргэжилтэй шиг амьдаръя л даа” гэсэн, тэгш эрхийг л шаардсан онол шүү дээ. Үүнийг биелүүлэх маш хэцүү. Яагаад гэвэл нэг талаас баячууд дургүйцнэ, нөгөө талаас лам нар уурлана. “Наадуул чинь хичээл, боловсрол яриад сүм хийд рүү ирэхээ байчих юм биш биз”. 1930 онд тэгсэн ш дээ, хүүхдүүд хийдэд шавилж суухаа болиод цагаан толгой сурсан чинь буу бариад гараад ирсэн. Ноёд, баячууд тэртэй тэргүй социализмд дургүй. Нийгмийг хөгжүүлье, урагшлуулъя, боловсролтой болгоё гээд яриад эхэлбэл нам цохино. Тэгээд дандаа неолиберализмын худал үлгэр ярьцгаана.
Би залуусыг “Өөрөө өөртөө их сургууль байгуулаач” гэж л бичээд байгаа. МУИС, ШУТИС-ийн хэрэггүй. Англи хэл хурдан сур. Эсвэл герман, франц хэл хурдан сур. Япон хэл ч юм уу, гялс сур. Тэгээд тэр хэлээрээ дэлхийн мэдлэг боловсролтой уулзсан нь дээр. Энэ МУИС-д, англиар нэг ч өгүүлбэр хэлэхгүй ардын багш дээр очоод яах юм.
-КОЙН БОДИТ ЕРТӨНЦТЭЙ ХАМААГҮЙ, ИНТЕРНЕТ, ГАР УТАСГҮЙ БОЛ БАЙХГҮЙ ЗҮЙЛ-
-Бас аль болох амар хялбараар мөнгө олох хүсэлтэй болцгоочихлоо. Койны давлагаа гарч ирлээ. Энэ криптовалютын ирээдүйг та яаж харж байна?
-Койн анх их осолтой гарч ирсэн. Бэлэн мөнгөтэй өрсөлдөж гарч ирсэн нь буруу байсан. Тогтчихсон банк, санхүүгийн системийн эсрэг гараад ирэхээр нухуулж л таарна. Ингээд өнөөдрийг хүртэл хөгжлийн замаа их хайсан л даа. Сүүлийн үед урлаг руу орж ирж байх шиг. NFT гэх мэтийг харахаар. Тэнд харин орон зайгаа зөв олоод байна уу даа.
Харин ийш орж буй мөнгө ямар эх үүсвэртэй вэ, эргэлдэж гарч ирээд юунд зарцуулагдаж байна вэ гэсэн хяналт алга. Тэгэхээр их осолтой, ямар ч мөнгийг хяналтгүйг нь далимдуулж, оруулж байж мэднэ.
Нөгөө талаар нийгэмд зүгээр л ажиллаж хөдөлмөрлөөд, сарынхаа цалингаар амьдраад болдог хүмүүст бол койн нэг их сонирхолгүй. Тодорхой нэг түвшнээс дээш мөнгөтэй, тоглогч болчихсон хүмүүс илүүтэй орж байна. Том, том тоглогчид цаана нь байгаад байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Эзэнгүй их л олон зуун сая ам.доллар эргэлддэг орон зай юм билээ.
Цэвэр дижитал юм даа. Бодит ертөнцтэй хамааралгүй, барьж болохгүй. Интернетэд холбогдсон хүнд л хамаатай. Сайн гар утастай, сайн интернеттэй байх хэрэгтэй гэсэн үг. Байхгүй бол хөдөө морь унаад л давхиж байна. Энэ дотор орон зайгаа олоод, оруулсан мөнгөө буцаагаад бүтээн байгуулалт болгож байвал болж л байна. Байр, машинтай болсон гэх хүмүүс олон байна билээ. Тийм бол ёстой болж байна ш дээ. Гэхдээ гэнэт их мөнгөтэй болсон хүмүүсийн нэг аюул нь юмны үнийг хөөрөгдүүлдэг. Одоо сайн хяналттай л болгох хэрэгтэй.
-Хөрөнгөтэй болсон залуус инстаграмаар дамжуулж, гадаадад аялж, үнэтэй машин авч буйгаа үзүүлдэг, тэгж үлгэр жишээ болдог болчхож. Үүнд нь татагдсан залуус хурдан мөнгөтэй болох хүсэлд автаад байх шиг?
-Залуу хүнд санхүүгийн тодорхой хэмжээний эрх чөлөө хэрэгтэй. Боловсролтой болох, аав ээжээсээ тусдаа биеэ даагаад амьдрах, ганцаараа ном уншаад суух эрх чөлөөнд нь мөнгө хэрэгтэй л дээ. Харин тэр мөнгөөрөө хувь заяагаа тодорхойлоод явна гэвэл өрөвдөлтэй. Мөнгө бол хэрэгсэл гэдгийг мартаж болохгүй. Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй л багаж шүү дээ. Харин мөнгө өөрөө зорилго болчихвол ёстой инээдэмтэй. Тэгээд шунал үүсээд, дараа нь өвчин болно. Койн руу орж байгаа хүмүүс дотор шуналын өвчинд баригдчихсан хүн олон байгаа байх.
Тэр инстаграмд гайхуулдаг залуус хэдэн төгрөгтэй болсон бол гадаадаар аялах ямар шаардлага байна. Зүгээр гадуур тэнэх гэж мөнгөтэй болж байгаа бол ямар хэрэг байдаг юм. “Тэр хотын буудалд нэг сар өрөө аваад ном унших эрх чөлөөтэй боллоо” гэвэл өөр хэрэг. Тодорхой зүйлд хүрэх, бүтээхэд мөнгө хэрэгтэй болохоос үрэх, цацахад зориулагдсан эд биш.
-АРДЧИЛСАН НАМ СОЦИАЛИСТ НАМ БАЙХ ЁСТОЙ-
-Сүүлийн үед МАН зүүний үзэл баримтлалыг илүүтэй тодоор баримталж байна уу гэж харсан. Улстөрчдийн бодлогод арай гэгээтэй өөрчлөлт орж байгаа шинж ажиглагдсан уу?
-Гадаадаас зөвлөмж их ирж байгаа л даа. “Арай дэндэж байна шүү. Хэрвээ ингээд байвал та нарыг санхүүжүүлэхгүй шүү” гэсэн чиг өгч байгаа. Монгол гэдэг чинь дэлхий дээр ганцаараа оршин тогтнож байгаа, онгироо хэдэн хүмүүсийн бөөгнөрөл биш шүү дээ. Сая коронавирусийн үеэр хятадууд ямар гоё замбараатай байв. Оросууд маш хурдан вакцинаа гаргаад л, иргэддээ “Хийлгэвэл хийлгээрэй” гээд явчихлаа. Энэ хоёр орон бол гайхамшигтай байлаа. Ядаж хоёр хөршөөсөө суралцах хэрэгтэй байна.
Одоо ер нь Америкийг дагаад бүтэхгүй юм байна гэдгийг нөхдүүд ойлгоо байлгүй. Бидэнтэй ямар ч хамаагүй, капиталист, том ертөнц шүү дээ. Тэндээс бидэнд хүртээмжтэй юм бараг байхгүй. 100 гаруй үндэстэн цугларчихсан тийм том ертөнц. Бид бол гуравхан саяулаа. Биднийг ер даанч тоохгүй. Даанч тоохгүй гэдгийг л сайн ухамсарлах хэрэгтэй. Аятайхан байж байгаад бензинээ тасалдуулчихалгүй, урд хилээ тас хаалгачихгүй амьдрахаа бодсон нь дээр. Тэртэй тэргүй 1990 онд хамаг үйлдвэрээ хувьчлаад устгачихсан юм чинь. Ийм л жижигхэн ард түмэн, жижигхэн орон гэдгээ мартаж болохгүй.
МАН зүүний үзэл баримтлал ярьж байгаа бол сайн л байна. Гэхдээ дандаа хуучинсаг, консерватив юм ярьдаг л даа. Ёс заншил, уламжлал яриад байвал социализмтай таарахгүй. Уг нь Ардчилсан нам социалист байх ёстой юм. Шинэчлэлийн төлөө учраас. Ийм хуучинсаг, ийм их мухар сүсэг ярьдаг юм чинь МАН социалист байхад хэцүү л дээ. Ардчилсан нам уг нь хөгжил шинэчлэл, өөрчлөлтийн төлөө байдаг юм чинь социалист болбол зүгээр.
Дээр үед З.Энхболдоос асууж байсан юм, “Ардчилсан нам зүүн үү, баруун уу” гэж. “Баруун” л гэж байсан. Тэгэхээр манайд хөгжил дэвшлийн төлөөх зүүний нам үүсээгүй байна л даа. ХҮН-ыг бас нэг гайгүй юм болов уу гэсэн чинь үгүй юм байна. Ард нь тэтгэвэрт гарсан, зөнөсөн өвгөчүүд байдаг юм билээ ш дээ.
-Ер нийгмийн бухимддаг сэдэв нь нэг намын дарангуйлал болоод байх шиг. “Намын дарангуйллаас гаръя” гэж арай эрүүл сэтгэлгээтэй хэсэг нь хэлдэг боллоо?
-Үнэндээ бид маш олон жил ганцхан намаар явж байна шүү дээ. Дандаа л МАН явж байгаа. Богино хугацаанд АН-ын нөхдүүдэд эрх мэдэл олдсон болохоос биш. Тэгэхээр өнөөдөр гэнэт үүсчихсэн асуудал биш байна. Манайх улс төрийн шинэ нам байгууллаа ч хувьсгалч залуу үеэ төрүүлж, бэлтгэдэггүй. АН ч гэсэн анхнаасаа шинэчлэл хийх нам байж чадаагүй. Зүгээр байгаа байдлаа л эсэргүүцсэн байхгүй юу. Харин юм бүтээе, шинэчлэе гэж гарч ирээгүй. Ардчилсан хөдөлгөөний хамгийн анхны зургуудыг хараарай, дунд нь лам явж байгаа. Хувьсгалт намаасаа долоон дор эхэлсэн гэхэд хилсдэхгүй л дээ. Хонхны дуу хонхны дуу байсангүй. Хүмүүсийг сэрээх биш унтуулсан.
Нэг намын дарангуйлал бидэнд байх боломж ч үгүй, чадах ч үгүй. Тэртэй тэргүй гурван сая хүнтэй ард түмэнд хоёр нам байхад л болно. Нам гэдэг улс төрийн бодлого, онолоо уралдуулдаг. Манай намуудад онол байдаггүй. Бид чинь баруун, зүүний онолоо ялгаж мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр нам ч ярих боломж алга. Эцсийн эцэст улс төрч хүний эрхэм дээд зорилго нь шударга ёс байдаг. Ямар ч улс төрч хамгийн түрүүнд шударга ёс ярьж байх ёстой. Гэтэл манай улстөрчид шударга ёсны эсрэг үйлдэл хийдэг. Энэ бүгдийг дүгнээд гаргаад ирдэг социологийн хүрээлэн ч алга.
Ер нь “100 эрхэм” гэсэн хүмүүсийн яриаг сонсоход л манай ард түмний сэтгэлгээ ямар түвшинд байгааг харж болно. Сая баахан шагнал тараахыг хараад бас л уйдлаа. Яагаад гэвэл, залуус хараад “Ийм мундаг болбол ингэдэг юм байна” гэсэн том үлгэр дуурайл авах нэг ч хүн шагнуулсангүй. Мэдээжийн, байдаг л хүмүүс шагнуулсаар байх юм.
-Та нээрэн үсээ яагаад тайрчхав?
-Үгүй одоо, хүмүүс асуугаад л байх юм. Миний үсэнд их харамссан хүмүүс байна аа. Би үсээ бүр жижигхэн болгосон. Тэртэй тэргүй гэрээс гарахаа байсан, тэгээд ном бичээд суусан чинь үс садаа болоод болдоггүй. Нүдний урдуур орж ирээд /Инээв, Сурв/. Хүн гадаад үзэмж талдаа цэвэрхэн, эстетиктэй байх ёстой л доо. Учир зүггүй гоё болгох гэж оролдоод, хүмүүст нэг их зориулж хувцаслаад байвал утгагүй.
Source: https://eguur.mn/282561/


Return to “ФИЛОСОФИДОХ ТАЛБАР”

ULAANBAATAR WEATHER
cron