Intuitive Machines компани баасан гарагийн өглөө Афина хэмээх сарны буулгагчийнх нь ажиллагаа зогссоныг зарлалаа. Буулгагч газардахдаа хажуугаараа унаснаар даалгавар дуусгавар болжээ.
“Нарны чиглэл, нарны хавтангийн байрлал болон тогооны хэт хүйтэн температурын улмаас Афина дахин цэнэглэгдэх боломжгүй” гэж тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. “Даалгавар албан ёсоор өндөрлөсөн бөгөөд багийнхан цуглуулсан өгөгдлүүдийг шинжилж байна.”
Өмнө нь хамгийн өмнөд бүсэд газардсан төхөөрөмж
Хувийн хэвшлийн хөгжүүлсэн Афина буулгагч пүрэв гарагт Хьюстоны цагаар 11:28-д (17:28 UTC) сарны гадаргуу дээр хүрсэн. Буулгагч сарны Монс Моутон бүсийн байршилд, зорьсон цэгээс 250 метрийн зайтай газардсан бөгөөд энэ нь урьд өмнө ямар ч судалгааны төхөөрөмж хүрч байгаагүй сарны өмнөд туйлтай хамгийн ойр цэг болж байна.
IM-2 хөтөлбөрийн давтагдсан асуудал
Энэ нь Хьюстонд төвтэй компанийн хоёр дахь сарны даалгавар юм. Эхний даалгавар нь нэг жилийн өмнө хэрэгжиж, газардах үйл явцын өмнө лазерын зайн мэдрэгчийн доголдолд орсон. Буулгагч гадаргуу дээр зөөлөн буусан ч төлөвлөснөөс арай хурдан газардаж, илүү налуу газар хүрсэн учраас хөл нь эвдэрч, хажуугаараа унасан байна. Гэсэн хэдий ч Одиссей даалгавар ажиллагаагаа нэг долоо хоногийн турш үргэлжлүүлж, эрчим хүч үйлдвэрлэн, шинжлэх ухааны олон зорилтоо биелүүлж чаджээ.
Афина буулгагчийн газардах эцсийн мөчид яг юу болсон талаар Intuitive Machines тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэвч пүрэв гарагийн үдээс хойших хэвлэлийн бага хурал дээр компанийн албаныхан лазерын зайн мэдрэгч дахин доголдсоныг баталсан. Үүний улмаас сансрын хөлөг сарны гадаргуугаас хэр өндөрт, хаана байгаагаа нарийн тодорхойлж чадаагүй аж.
NASA-гийн санхүүжилттэй даалгавар
Афина даалгаврын санхүүжилтийн ихэнх хувийг NASA гаргасан бөгөөд агентлаг ирээдүйд сарны өмнөд туйлд хүн төрөлхтний судалгаа хийх зорилгын хүрээнд шинжлэх ухааны туршилтуудыг сарны гадаргуу дээр хүргэхийн тулд хувийн компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн юм. NASA Афина-гийн амжилт олох боломжийг өндөр гэж тооцож байв. Одиссей буулгагч хажуугаараа унасан ч ихэнх үүргээ гүйцэтгэсэн тул амжилтад тооцогдож байсан. Иймээс NASA Афина дээр хэд хэдэн туршилтын төхөөрөмж байрлуулсны дунд PRIME-1 хэмээх мөсний өрөм багтаж байв. Энэ төхөөрөмж сарны гадаргуу доорх мөсийг дээжлэн шинжилэх зорилготой байлаа.
Хүнд өдөр боловч төгсгөл биш
“Газардсаны дараа нислэгийн удирдлагын баг NASA-гийн PRIME-1 зэрэг хэд хэдэн туршилтыг түргэвчилсэн ч буулгагчийн батарей дууссан” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Энэ нь судалгааны гол туршилтуудыг бүрэн гүйцэтгэж амжаагүй гэсэн үг юм.
NASA эдгээр хувийн санхүүжилттэй сарны даалгавруудыг өндөр эрсдэлтэй ч өндөр үр өгөөжтэй хэмээн үзэж байна. (Firefly компанийн өнгөрсөн долоо хоногийн амжилттай буулт үүний тод жишээ юм.) NASA эдгээр компаниудад нэг удаагийн нислэгт дунджаар 100 сая ам.доллар эсвэл түүнээс бага зардал гаргаж байгаа нь уламжлалт хөтөлбөрийн өртгөөс хэд дахин бага юм. Гол зорилго нь анхны алдаануудаас сургамж авч, хувийн компаниудаар дамжуулан сарны гадаргуу руу хямд, найдвартай хүрэх боломжийг нээх явдал.
Гэсэн ч энэ бүтэлгүйтэл NASA болон Intuitive Machines-д хүнд цохилт болсон нь гарцаагүй. NASA үнэ цэнтэй судалгааны өгөгдлүүдээ алдаж, харин Intuitive Machines хүлээгдэж байсан ахиц дэвшлийн оронд ухралт хийсэн нь тодорхой байна.
Гэхдээ энэ бүхэн тус компанийн хувьд төгсгөл гэсэн үг биш. NASA 2026 оны эхний улиралд хэрэгжиж магадгүй гурав дахь болон дөрөв дэх Intuitive Machines-ийн даалгаврыг санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан. Түүнчлэн тус компанид сарны тойрог замд харилцаа холбоо, байршил тогтоох сүлжээ байгуулах үүрэг өгсөн. Тиймээс өнөөдөр нөхцөл байдал хүнд мэт харагдаж байгаа ч тус компанийн ирээдүй NASA-гийн судлахыг хүсэж буй сарны мөнхийн сүүдэртэй тогоонууд шиг бүрмөсөн харанхуйлаагүй юм.
arstechnica.com