Барселонагийн ахлах дасгалжуулагч Ханси Флик Каталоны багийг анхны улиралдаа дотоодын гурван цом хүртэл удирдсаны дараа гэрээгээ 2027 он хүртэл сунгалаа.
60 настай Германы мэргэжилтэн өнгөрсөн тавдугаар сард хоёр жилийн гэрээгээр томилогдсон ч шинэ гэрээний хүрээнд бүрэн улирал нэмж ажиллах боллоо.
Фликийн удирдлага дор Барса энэ сард Ла Лигийн түрүүг авч, өмнө нь Реал Мадридыг финалд хожин Хааны цом болон Испанийн Супер цомыг хүртсэн. Түүнчлэн Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, хоёр тулаант тоглолтын дараа Интер Миланд хожигдсон юм.
💙 𝐇𝐀𝐍𝐒𝐈 𝐅𝐋𝐈𝐂𝐊 ❤️ pic.twitter.com/XOmHZYSNbi
— FC Barcelona (@FCBarcelona) May 21, 2025
Клубийн зүгээс гаргасан мэдэгдэлд Флик багт “догдлол, эрч хүч” авчирч, Европын тавцанд Барселонаг ахин хүчтэй өрсөлдөгч болгосон хэмээн онцолсон байна.
“Ханси Флик анхны улиралдаа багт итгэл найдвар өгч, түүхэн эргэн ирэлтүүдийг авчирч, олон цом өргөснөөрөө Барса-гийн хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан.
Түүний удирдлагаар багт ирсэн сэтгэл хөдөлгөм уур амьсгал Барселонаг Европт дахин айдас төрүүлдэг өрсөлдөгч болгож чадсан.
Ханси Флик Барселонад шинэ түүх бүтээж байгаа бөгөөд энэ амжилт дараагийн улирлуудад үргэлжилнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн мэдэгдэлд бичжээ.