Беннугийн дээжнээс гарсан гайхалтай нээлтүүд
Бенну солирын дээжнээс дэлхийн усны үүсэл, амьдралыг үүсгэж болох органик нэгдлүүд болон манай гараг, нарны аймгийн үндсэн бүтцийн материалуудын талаарх гайхалтай нээлтүүд хийгдлээ.
Эдгээр нээлтүүдийг НАСА-гийн OSIRIS-REx хөтөлбөрийн хүрээнд 2023 онд нарийн аргаар цуглуулсан ердөө 4 унци (121.6 грамм) тоос, чулуулгийн дээжнээс олж илрүүлсэн байна.
Эртний нарны аймгийн ул мөр
Purdue их сургуулийн профессор Мишель Томпсон OSIRIS-REx хөтөлбөрийн тэргүүлэх есөн судлаачийн нэг бөгөөд Беннугийн дээжийг анх судалсан багийн гишүүн юм.
Тэрээр судлаачдын хамт 72 цагийн дотор эхний хэмжилт, шинжилгээг хийж, дэлхийн гаднах биетүүд сансрын орчинд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судлах туршлагаа ашигласан байна.
Энэхүү судалгаа нь дэлхий болон нарны аймаг хэрхэн үүссэн, амьдралын бүрэлдэхүүн хэсгүүд солироор дамжин ирсэн эсэхэд хариу өгөх боломжтой.
“Солирын биетүүд бол эртний нарны аймгийн ул мөр бөгөөд цаг хугацааны капсул мэт. Тэдгээрийг судалснаар нарны аймгийн болон дэлхийн үүсэл гарлыг илүү сайн ойлгох боломжтой” гэж Томпсон онцоллоо.
Беннугийн дээжийг дэлхийд авчрах нь
OSIRIS-REx нь НАСА-гийн солироос дээж авч, дэлхийд буцааж авчирсан анхны хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөр нь нарны аймгийн үндсэн бүтцийг судлах, мөн гүн сансрын аялалд ашиглаж болох нөөц бололцоог хайхад чиглэсэн.
Олон улсын шинжлэх ухааны багийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд OSIRIS-REx нийт 4.29 унци (121.6 грамм) дээжийг Беннугаас амжилттай авчирсан нь төлөвлөсөн 60 граммын зорилтоос давсан үзүүлэлт юм.
Ховор тохиолдох боломж
Беннугийн дээж нь дэлхийн агаар мандлаар нэвтрээгүй, цэвэр хэлбэрээр хадгалагдсан солирын тоос, чулуулгийг судлах ховор боломжийг эрдэмтдэд олгож байна.
“Энэ бол амьдралд ганц тохиох – магадгүй хэдэн үе дамжин ч давтагдахгүй туршлага” гэж Томпсон хэллээ.
“OSIRIS-REx 2011 онд сонгогдсон, би тэр үед магистрт сурч байсан. 2016 онд хөөргөсөн, би докторын зэрэг хамгаалж байсан. 2018 онд Беннугийн ойролцоо хүрсэн, би Purdue-д ажиллаж эхэлсэн. Харин одоо би энэ дээжийг судалж буй цөөн хүний нэг боллоо. Энэ бол миний карьерын хамгийн чухал төсөл.”
Беннугийн органик молекулууд
Бенну нь нүүрстөрөгчөөр баялаг солир бөгөөд амьдралын химийн чухал элементүүдийг агуулдаг.
Энэхүү дээжээс илэрсэн органик молекулууд нь амьдрал үүсэхэд шаардлагатай гол бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар чухал мэдээлэл өгч байна.
“Бид Беннугийн органик молекулуудыг судалснаар эртний дэлхий дээр ямар төрлийн нэгдлүүд ирж, амьдралыг үүсгэж болохыг ойлгож байна” гэж Томпсон тайлбарлав.
“Энэ дээжээс амьдрал илрэхгүй ч, амьдралын үндэс болсон молекулуудыг судлах боломжтой.”
Аммиак – амьдралын гол бүрэлдэхүүн
Беннугийн дээжид маш их хэмжээний аммиак илэрсэн байна.
Аммиак нь амьдралд чухал үүрэгтэй, учир нь формальдегидтэй нэгдэж, тохиромжтой нөхцөлд амин хүчлийг үүсгэдэг. Амин хүчлүүд нийлж уураг болж хувирах бөгөөд энэ нь амьд биетийн бүх үндсэн үйл ажиллагаанд шаардагддаг.
Бенну ус агуулсан гарагаас үүссэн үү?
Беннугийн тоосонд фосфат, сульфат болон бусад давсны эрдэсүүд илэрсэн нь амьдралын үндсэн молекулууд үүсэхэд тохиромжтой орчин байсныг харуулж байна.
“Манай олон улсын багийн хамт олон давстай шингэн ус уурших үед үүсдэг эрдэсүүдийг Беннугийн дээжинд илрүүлсэн” гэж Schwiete Cosmo лабораторийн удирдагч доктор Шери Сингерлинг онцоллоо.
Goethe их сургуулийн профессор Франк Бренкерийн хэлснээр, Беннугийн дээжээс олон төрлийн амин хүчил илэрсэн байна.
“Энэ нь Беннугийн эх биет амьдралын молекулуудыг үүсгэх боломжтой байсан, ус агуулсан, мөн тодорхой хугацаанд шингэн төлөвт ус хадгалах эрчим хүчтэй байсан гэсэн үг” гэж Бренкер тайлбарлав.
Иймэрхүү давстай усан орчин нарны аймгийн өөр биетүүд болох жижиг гараг Церес, Сатурны сар Энцеладус дээр ч илэрсэн байна.
Дэлхийн усны үүслийн нууц
Беннугийн дээжээс ус агуулсан эрдэсүүд илэрсэн нь дэлхийн ус хэрхэн бий болсон тухай чухал мэдээлэл өгч байна.
“Шинжлэх ухааны нийгэмлэг дэлхийн ус хаанаас ирсэн талаар бүрэн нэгдсэн ойлголттой биш” гэж Томпсон хэллээ.
“Беннугийн дээжинд агуулагдах усны хэмжээ нь гаригууд үүсэх үед нарны аймагт хэр их ус байсан талаар чухал мэдээлэл өгч байна.”
Яагаад энэ бүхэн чухал вэ?
Олон улсын эрдэмтдийн баг одоо Беннугийн дээжийг нарийвчлан судалж, нарны аймгийн үүсэл, амьдралын гарал үүслийн талаар илүү гүнзгий ойлголт авахыг зорьж байна.
Эрдэмтэд эрдэс судлалын шинжилгээ хийж, тогтвортой изотопуудыг судалж, органик нэгдлүүд хэрхэн гараг хооронд дамждаг талаар таамаглалыг шалгаж байна.
Эцсийн зорилго нь амьдрал үүсэх, тогтвортой орших нөхцөл хэрхэн бүрддэгийг тодорхойлох юм.
Хүн төрөлхтөн солироос үүссэн үү?
Пансперми буюу амьдралын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд сансрын биетүүдээр дамжин тархдаг гэсэн онол бий.
Хүн төрөлхтөн чухам энэ зарчмаар үүссэн байж болох уу?
Беннугийн дээжийг үргэлжлүүлэн судалснаар энэ асуултын хариуг илүү ойрын ирээдүйд олох боломжтой болох нь гарцаагүй.
earth.com