Түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй одон орны үзэгдэл
Хавайд ажиллаж буй одон орончид оддын дэлбэрэлтийн огт өөр, урьд өмнө мэдэгдээгүй шинэ хэлбэрийг илрүүлжээ. Энэ төрлийн үзэгдэл нь өдгөө хүн төрөлхтний ажигласан хамгийн эрчимтэй тэсрэлт болохыг тэд тогтоосон байна.
Энэ төрлийн дэлбэрэлтийг “хэт эрчимтэй цөмийн шилжилт” (extreme nuclear transients, ENTs) гэж нэрлэдэг бөгөөд Нарнаас гурав дахин хүнд оддыг асар их таталцлын хүчээр хар нүх зад татан, маш их энерги ялгаруулах үед үүсдэг байна. Хавайн Их Сургуулийн дэргэдэх Одон орон судлалын хүрээлэнгийн докторант Жэйсон Хинкл тэргүүтэй олон улсын эрдэмтдийн баг энэхүү үзэгдлийг илрүүлсэн тухай судалгаагаа Science Advances сэтгүүлд нийтэлжээ. Энэ нээлт нь одон орончдод орчлонгийн алс хязгаарыг судлах шинэ боломж олгоно хэмээн үзэж байна.
“Бид сүүлийн арван жилд одод хар нүхэнд татагдан задрах үзэгдлийг олонтоо ажигласан ч энэ шинэ төрлийн шилжилтүүд үүнээс огт өөр. Ялгаруулах гэрлийн хэмжээ нь бидний урьд нь харж байсан бүхнээс даруй 10 дахин их байна” хэмээн Хинкл тайлбарласан байна.
Хар нүхэнд татагдан задрах үзэгдэл (tidal disruption event) нь ямар нэгэн од асар том хар нүхний ойролцоо очих үед түүний таталцлын хүчээр бутран сарних үйл явц юм. Харин ENTs нь энэ төрлийн үзэгдлийн нэг хэлбэр боловч маш ховор бөгөөд илүү хүчтэй байдаг. ENTs нь ердийн хэт шинэ одны дэлбэрэлтээс хэдэн арав дахин илүү энерги ялгаруулдаг ба гэрэлтсэн байдал нь олон жилийн турш хадгалагддаг байна.
Энэ нээлт нь бараг санамсаргүй байдлаар хийгджээ. Европын Сансрын Агентлагийн Gaia хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажиглалтаас Хинкл 2016, 2018 онд бүртгэгдсэн хоёр онцгой дохионд анхаарал хандуулж, үүнээс улбаалан олон жилийн судалгаа өрнөсөн байна. Үүний зэрэгцээ, АНУ-ын Zwicky Transient Facility (ZTF) хөтөлбөр 2020 онд үүнтэй төстэй дахин нэг тэсрэлт бүртгэсэн бөгөөд Хавайн W. M. Keck одон орон судлалын төвөөс нэмэлт мэдээлэл авч, гурван үзэгдэл хоорондоо ижил шинжтэй болохыг баталжээ.
Эдгээр үзэгдэл нь шинжлэх ухаанд мэдэгдэж буй ямар ч хэт шинэ одноос илүү их энерги ялгаруулж байсныг судлаачид тогтоосон юм. Тэсрэлтийн гэрлийн муруй (light curve) болон гарсан энергийн хэмжээнээс харахад эдгээр нь хар нүхний ойролцоо хуримтлагдаж буй бодисын хэт хурдтай нягтрал буюу accretion хэмээх үзэгдлийг илтгэж байгаа аж. Гэхдээ энэхүү үзэгдэл нь энгийн accretion-оос ялгаатай нь хар нүх аварга том оддыг системтэйгээр задлан залгиж байгааг харуулж байна.
ENTs нь өдгөө орчлон ертөнцөд мэдэгдэж буй хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд бөгөөд хамгийн тодорхой бүртгэгдсэн ENTs үзэгдэл болох Gaia18cdj нь хамгийн хүчтэй хэт шинэ одноос 25 дахин их энерги ялгаруулсан байна. Өргөн утгаараа, энэхүү дэлбэрэлт бүр нь Нар 10 тэрбум жилийн турш ялгаруулах энергитэй дүйцэхүйц хэмжээний хүч гаргадаг байна. Харин ердийн хэт шинэ од нь нэг Нарны хэмжээтэй энерги ялгаруулдаг.
“Энэ төрлийн дэлбэрэлт нь зүгээр нэг аварга том одны үхлээр зогсохгүй, орчлонгийн хамгийн том хар нүхнүүд хэрхэн өсөж томордгийг ойлгоход тусална” гэж Хинкл онцолжээ. ENTs нь хэт шинэ одноос наад зах нь 10 сая дахин ховор тохиолддог ч тэдгээрийн гайхалтай гэрэлтэлт, хүч чадал нь одон орончдод алс холын хар нүхнүүдийг судлах үнэт боломж болж байна.
“Тэд маш тод гэрэлтдэг учраас бид орчлонгийн туйлын алс хязгаараас ч ажиглах боломжтой. Астрономид хэт холыг харна гэдэг нь орчлонгийн өнгөрсөн цаг хугацааг харж байна гэсэн үг” хэмээн судалгааны хамтран зохиогч, Хавайн Их Сургуулийн профессор Бенжамин Шаппи тайлбарлав. “Эдгээр урт хугацаанд гэрэлтсэн тэсрэлтийг ажигласнаар бид орчлонгийн “cosmic noon” гэж нэрлэгдэх чухал үед орчлон өнөөгийн насныхаа талд хүрч, галактикууд хамгийн эрчимтэйгээр од бүтээж, хар нүхээ тэжээж байсан тэр цагт хар нүх хэрхэн хөгжиж байсныг судлах боломжтой болж байна” гэжээ.
Хар нүхнээс цагаан нүх үүсдэг тухай онол, орчлон өөрөө хар нүхний дотор оршиж байгаа байж болох таамаг, мөн хар нүхийг бөөмс судлах коллайдерын оронд ашиглах санаа зэрэг судалгаануудтай энэхүү шинэ илрүүлэлт нэгэн адил орчлонгийн хамгийн нууцлаг үзэгдлүүдийн талаар шинэ мэдлэг өгч байна.
gizmodo.com