Өглөө сэрүүлэг дуугарахад орноосоо шууд босохын оронд “снүз” /snooze/ товч дараад дахин нойрсох нь олон хүнд танил зуршил. Гэвч энэ хэдхэн минутын “бэлэг” үнэндээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүйг Mass General Brigham төвийн судалгаа харуулж байна.
Уг судалгаагаар хүмүүсийн талаас илүү нь сэрүүлэг дугарсны дараа дахин нойрсох үйлдэл хийдэг бөгөөд өглөө дунджаар 10.8 минутыг хагас сэрүүн байдалд өнгөрүүлдэг аж. Харин нойрны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ үйлдэл нь REM буюу хурдан нүдний хөдөлгөөнтэй, тархинд хамгийн чухал үе шат болох унтлагын төгсгөлийн мөчлөгийг тасалдуулдаг байна.
Эмэгтэйчүүд илүү олон удаа “снүз” дардаг
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд сэрүүлгээ дунджаар 2.5 удаа дардаг бол эрчүүд 2.3 удаа дардаг байна. Мөн эмэгтэйчүүд “снүз”-ийн горимд дунджаар 11.5 минут зарцуулдаг нь эрчүүдийн 10.2 минутаас урт хугацаа юм. Судлаачдын үзэж буйгаар энэ нь эмэгтэйчүүд нойргүйдэл, хөнгөн нойр зэрэг унтах асуудалд илүү өртдөгтэй холбоотой байж магадгүй. Үүнээс гадна ажлын ачаалал, хүүхэд асрах болон бусад хариуцлагууд нойрыг нь хугасалдаг учраас өглөө хэдхэн минутын амралт нэмэхээр “снүз” дардаг хандлага түгээмэл байна.
Ажлын өдрүүдэд илүү олон удаа “снүз” дардаг
Хүмүүс ажлын өдрүүдэд илүү олон удаа “снүз” дардаг нь судалгаагаар батлагдсан. Долоо хоногийн Даваа-Баасан гарагт хүмүүс дунджаар 2.5 удаа “снүз” дардаг бол амралтын өдрүүдэд энэ тоо 2.3 болон буурдаг байна. Ажлын өдрийн эрт сэрүүлэг, тогтмол хуваарь нь өглөө сэрэхэд хүндрэл учруулдаг бол амралтын өдрүүдэд хүн өөрийн биологийн хуваарьт ойрхон сэрдэг учраас “снүз”-д бага ордог ажээ.
“Снүз”-ийг хамгийн их дардаг орон — Швед
Уг зуршил улс орон бүрд өөр өөр түвшинд ажиглагдсан. Швед дунджаар 2.7 удаа “снүз” дарж, 11.7 минутыг энэ горимд өнгөрүүлдэг бол Герман, АНУ хоёр 2.5 удаа дардаг байна. Япон болон Австрали харьцангуй бага үзүүлэлттэй байсан ба дунджаар 2.2 удаа л “снүз” дардаг аж.
Өвөл “снүз”-ийн улирал болдог
Хойд хагас бөмбөрцөгт 12-р сард “снүз” хамгийн их дардаг ба дундаж нь 2.62 удаа, 11.83 минут байдаг байна. Харин өмнөд хагас бөмбөрцөгт 7-р сар хамгийн идэвхтэй байдаг. Энэ нь өвлийн харанхуй өглөө сэрэхийг хүндрүүлдэгтэй холбоотой байж болох юм.
Цагтаа унтах нь “снүз”-ээс ангижрах түлхүүр
Судалгаанд оролцогчдын унтах, сэрэх цаг ч “снүз”-ийн хэрэглээнд нөлөөлдөг нь тогтоогджээ. Орой 8 цагт унтдаг хүмүүс дунджаар 2.5 удаа “снүз” дардаг бол орой 10 цагт унтдаг хүмүүс 5 удаа “снүз” дарж, өглөөг 26 минут сунгадаг байна. Мөн өглөө 3 цагт босдог хүмүүс 2 удаа “снүз” дардаг бол өдрийн 1 цагт сэрдэг хүмүүс дунджаар 7 удаа дарж, 37 минутыг хагас сэрүүн байдалд өнгөрүүлдэг ажээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөмж
Нойр судлаач Ребекка Роббинс дараах зөвлөмжийг өгч байна.
“Сэрүүлгээ хамгийн сүүлд босож болох цагаар тохируулж, анхны дохиогоор орноосоо босох нь хамгийн үр дүнтэй арга юм. Сэрүүлэг дахин дарах мэдрэмж тухайн үед таатай санагдаж болох ч, тухайн өдрийн эрч хүч, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг.”
Энэ судалгаа Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд унтах зуршлын талаарх шинэ ойлголт өгөх чухал баримт болж байна. Сэрүүлэг дуугарахад “дахин 5 минут” гэхээсээ илүүгээр шууд босох зуршлыг төлөвшүүлэх нь эрүүл мэндэд тустай, өглөөг илүү үр бүтээлтэй эхлүүлэх алхам болохыг эрдэмтэд онцолж байна.