in

Хөдөлгүүрээс гарах хорт утаанд тавигдах журам автомашины дизайныг хэрхэн үүрд өөрчилсөн бэ?

Хөдөлгүүрээс гарах хорт утаанд тавигдах журам автомашины дизайныг хэрхэн үүрд өөрчилсөн бэ?

Карл Бенц нь 1886 онд анх автомашиныг танилцуулсан бөгөөд тэр цагаас хойш автомашин нь дэлхий ертөнцийг өөрчилсөн гол хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, алслагдсан газруудыг ойртуулах, улс орнуудын хөгжилд хурдасгуур болох гэх мэт олон давуу талтай ч, бараг 140 жилийн турш байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж ирсэн нь бас нэг бодит байдал юм.

Дотоод шаталтат хөдөлгүүр Бенцийн патентлагдсан “Motorwagen”-ээс хойш эрс хөгжсөн ч, хамгийн орчин үеийн хэт спорт загварын автомашинууд хүртэл түлш шатааж, ялгаруулалт үүсгэдэг. Statista-гийн судалгаагаар 2022 онд зөвхөн суудлын автомашин, фургонуудын нийт хүлэмжийн хийн ялгаруулалт 3.53 тэрбум метр тонн байсан бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Агаарын бохирдол, утааны хор уршиг нэмэгдэж байгаагийн улмаас улс орнууд автомашин үйлдвэрлэгчдийг байгальд ээлтэй загвар гаргахыг шаардаж эхэлсэн.

АНУ 1955 онд Агаарын бохирдлыг хянах тухай хууль баталсан ба үүний дараа 1963 онд Цэвэр агаарын хууль гарсан. 1970 он гэхэд шинэ автомашины ялгаруулалтыг 1975 он гэхэд 90 хувиар бууруулах анхны томоохон хууль батлагдсан. Удалгүй Япон, Канад, Австрали, Европын хэд хэдэн улс өөрийн ялгаруулалтын анхны хуулиудыг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хатуу чанга дүрэм журам автомашины дизайн, бүтэц, технологид шууд нөлөөлж, өнөөдрийн автомашинуудыг илүү цэвэр, үр ашигтай болоход хүргэсэн.

Жижиг, цэмцгэр, хөнгөн

Хөдөлгүүрийн ялгаруулалтын зохицуулалтын нөлөөгөөр автомашин үйлдвэрлэгчид хөдөлгүүрийн багтаамжийг бууруулж, түлшний зарцуулалт багатай хэрнээ өндөр хүчин чадал гаргах технологийг хөгжүүлж эхэлсэн. Turbocharging, supercharging гэх мэт хүч нэмэгдүүлэх технологиудын ачаар хөдөлгүүрүүд бага түлш зарцуулж, өндөр хүчин чадалтай болж байна. Жишээлбэл, эхний үеийн Chevrolet Camaro 6.5 литрийн V8 хөдөлгүүртэй байсан бөгөөд ердөө 325 морины хүчтэй байв. Харин орчин үеийн Camaro-д багтаамж багатай V6 хөдөлгүүр суурилуулсан ч 335 морины хүчтэй болсон.

Түүнчлэн автомашины хийц, аэродинамикийг сайжруулах нь түлшний хэмнэлтэд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Ялангуяа 1970-аад оноос эхлэн загварууд илүү гөлгөр, дугуйрсан ирмэгтэй, илүү нягт бүтэцтэй болж ирсэн. Жишээлбэл, 1970 оны Cadillac Eldorado болон 2025 оны Cadillac CT5 загварыг харьцуулахад дээвэр, нүүрэн хэсэг, кузовын шугамд томоохон өөрчлөлт гарсан нь ажиглагдана.

Cadillac Eldorado 1970
2025 Cadillac CT5

Мөн автомашины жинг хөнгөлөх зорилгоор уламжлалт ган материалаас татгалзаж, илүү хөнгөн, бат бөх материалууд болох өндөр нягтралтай ган, хөнгөн цагаан, карбон файбер, хуванцар зэргийг өргөн ашиглах болсон. Жишээлбэл, 1968 оны Ford Mustang Fastback болон 2020 оны Honda Civic-ийн хэмжээ ойролцоо боловч, Civic илүү суудалтай, илүү тоноглолтой мөртлөө ердөө 2,771 фунт жинтэй байгаа нь 2,974 фунт жинтэй Mustang-аас хөнгөн байна.

Хурдан, цэвэр, илүү сайжирсан

Автомашины үйлдвэрлэл үргэлж шинэчлэгдэж, ялгаруулалтын хатуу хууль тогтоомжуудад нийцэхийн тулд илүү байгальд ээлтэй, аюулгүй, тогтвортой загвар бүтээж байна. Үүний үр дүнд хэрэглэгчид ч гэсэн илүү “ногоон” автомашин сонгох хандлагатай болж, жил ирэх тусам хосолмол болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт өсөж байна.

1990 оны Цэвэр агаарын хууль нь өмнөх журмуудыг шинэчлэн сайжруулж, цаашдаа энэ төрлийн зохицуулалтууд нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн автомашин үйлдвэрлэгчид ч бензин хөдөлгүүрээс татгалзаж, илүү тогтвортой эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихээр ажиллаж байна. Volvo, Ford, Volkswagen зэрэг компаниуд 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас бүрэн татгалзах зорилт тавьжээ.

Дэлхий даяар ялгаруулалтын стандартыг улам бүр чангатгаж, автомашины үйлдвэрлэлд тавих шаардлагыг нэмэгдүүлсээр байна. Гэхдээ технологийн дэвшлээс гадна илүү цэвэр, үр ашигтай автомашины зохион бүтээлт нь хүний амьдрал, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж буй хамгийн чухал өөрчлөлт юм.

slashgear.com

What do you think?

31 Points
Upvote Downvote

Leave a Reply

Стивен А. Смит Леброн Жеймстэй болсон “Гэнэтийн” харилцан ярианы шалтгааныг тайлбарлав

Стивен А. Смит Леброн Жеймстэй болсон “Гэнэтийн” харилцан ярианы шалтгааныг тайлбарлав

Киану Ривзийн “BRZRKR” киноны найруулагчаар “Fast & Furious”-ийн Жастин Лин ажиллана

Киану Ривзийн “BRZRKR” киноны найруулагчаар “Fast & Furious”-ийн Жастин Лин ажиллана