Ихэнх Android утаснууд анхнаасаа Google-ийн Gboard гарын тохиргоотой ирдэг. Энэ нь найдвартай, олон үйлдэлтэй дэлгэцийн гар тул олон хүн гуравдагч этгээдийн өөр хувилбар суулгах шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ хэрэв та дугуй хэлбэрт дуртай биш бол өөр гар ашиглах талаар бодох цаг болжээ. Google сүүлийн үеийн шинэчлэлтээр товчлууруудын хэлбэр, байрлалыг өөрчилсөн бөгөөд хэрэглэгчид үүнд төдийлөн сэтгэл хангалуун бус байна.
Gboard-ийн хамгийн сүүлийн бета хувилбарт (v15.1.05.726012951-beta-arm64-v8a) Google олон жилийн турш ашиглагдаж ирсэн дөрвөлжин товчлууруудыг дугуй хэлбэртэй болгож өөрчилжээ. Хэрэв та дөрвөн мөртэй зохион байгуулалт ашиглаж байвал товчлуурууд капсул хэлбэртэй харагдана. Харин таван мөртэй горимд (тоо бүхий нэмэлт мөртэй) товчлуурууд бүр ч илүү шахагдаж, жинхэнэ дугуй хэлбэртэй болжээ. Хэрэглэгчдийн хариу үйлдэл хоёр талд хуваагдсан бөгөөд зарим нь энэ өөрчлөлтөд бухимдаж байхад зарим нь бусдын бухимдалд бухимдаж байгаа бололтой.
Өөрчлөлтөд дасах амаргүй. Ялангуяа анхааруулгагүйгээр гарын интерфэйс гэнэт өөрчлөгдөхөд хэрэглэгчид дургүйцэх нь ойлгомжтой. Хэрэв танд энэ өөрчлөлт үнэхээр таалагдахгүй байвал Gboard-ийн тохиргоонд орж, Themes цэсийг нээгээрэй. Эндээс дурын сэдвийг сонгон, Key borders-ийг унтраавал дугуй ирмэгүүд тийм ч их анзаарагдахгүй. Гэхдээ энэ бол ганц асуудал биш.
Эсэргүүцлийн гол шалтгаан нь зөвхөн гоо зүйтэй холбоотой биш бөгөөд энэ шинэчлэлт нь товчлууруудын байрлалыг бага зэрэг өөрчилсөн байна. Олон жилийн турш нэгэн ижил зохион байгуулалттай гар ашигласнаар хүмүүсийн хуруу булчингийн ой санамжтай болсон байдаг. Ялангуяа их бичдэг хүмүүс утсаа харалгүйгээр ч текст бичиж чаддаг. Харин товчлууруудын байрлалыг жаахан өөрчлөхөд л хүмүүс илүү их алдаж, буруу товч дарж эхэлдэг.

Хамгийн гол нь энэ шинэчлэлт зөвхөн бета хэрэглэгчдэд хамааралтай. Бета хувилбарт бүртгүүлсэн хүмүүс шинэ боломжуудыг түрүүлж туршихаар шийдсэн байдаг тул программ хангамжийн зарим хэсэг гэнэт өөрчлөгдөх нь тийм ч том гэнэтийн зүйл биш. Хэрэв та хүсээгүй шинэчлэлтэд бухимдах хандлагатай бол бета хувилбарт бүртгүүлэх нь танд тохиромжгүй гэсэн үг. Гэхдээ асуудал нь Google хэрэглэгчдийг бета хувилбарт маш амархан элсүүлдэг хэрнээ гарахад нь хэцүү болгосон явдал юм. Play Store-ийн одоогийн хувилбарт хэрэглэгчийн бүх бета програмын жагсаалтыг харуулах боломжгүй болсон тул хүмүүс санамсаргүйгээр олон жилийн турш Gboard-ийн бета хувилбарт бүртгэлтэй хэвээр явж байгаагаа анзаарахгүй явсаар нэг л өдөр гар нь дугуй товчлууруудтай болчихсон байх нь.
Хэрэв таны гар дээр дугуй товчлуурууд гарч ирсэн бол хуучин төрх рүү нь хэсэг зуур буцаах боломжтой. Үүний тулд Play Store дахь Gboard-ийн жагсаалтаас бета хувилбараас гарах (opt out) сонголтыг хийсний дараа Gboard-ийг устгаад дахин суулгаарай. Ингэснээр та хамгийн сүүлийн тогтвортой (stable) хувилбарыг ашиглах боломжтой болно. Гэхдээ удахгүй дугуй товчлуурууд стандарт болох магадлалтай. Хэрэв та үнэхээр энэ өөрчлөлтийг хүсэхгүй байвал Gboard-ийн автоматаар шинэчлэгдэх тохиргоог унтраагаад, шинэ хувилбаруудыг хэзээ ч суулгахгүй байж болно. Гэхдээ энэ бол ердөө хэлбэрийн өөрчлөлтөд хэт их хариу үйлдэл үзүүлж буй хэрэг ч байж магадгүй.
arstechnica.com