Нохдын гайхалтай аялал бодит амьдралд ч мөн давтагддаг. Жилээс жилд “Homeward Bound: The Incredible Journey” хэмээх алдарт киноны үйл явдлыг санагдуулам түүхүүд гарч ирсээр байна. Алга болсон ноход холын зайг туулан гэртээ ирж чаддаг нь үнэхээр сонирхолтой.
2015 онд Жоржиа Мэй хэмээх аврагдсан нохой Сан Диего хотод хийсэн уулын аяллын үеэр төөрч, гэр рүүгээ 35 милийн (56 км) замыг явган туулсан. Харин 2010 онд Лазер нэртэй бигль нохой Канадын Виннипег хотод амьдардаг эзэдтэйгээ 50 милийн (80 км) цаанаас салсан ч зургаан долоо хоногийн дараа гэрийнхээ ойролцоо эргэн иржээ.
Бүр 1924 онд Бобби нэртэй колли үүлдрийн эрлийз нохой гэр бүлийнхэнтэйгээ аяллын үеэр төөрч, Индиана мужаас Орегон мужийн Силвертон хот хүртэл 2,800 милийн (4,500 км) зайг зургаан сарын турш туулан гэртээ ирж байжээ. Тэрбээр хэд хэдэн уулын хяр, саадыг давсан юм. (Нохойнууд хэрхэн хүний адил ухаантай байдаг талаар мэдэж аваарай.)
Тэгвэл ноход яаж ийм гайхалтай аяллуудыг хийж чаддаг вэ? Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, ноход гэрээ олох төрөлхийн зөн совинтой төдийгүй хурц мэдрэхүйтэй байдаг аж.
Сэтгэлзүйн газрын зураг бүтээх нь
Нохдын гэр олох чадвар нь тэдний өвөг дээдэс болох саарал чононоос удамшсан байх магадлалтай. Саарал чоно Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрт амьдардаг байсан бөгөөд нохдыг анх гаршуулж эхэлсэн газар ч мөн тэнд байв.
Хүмүүстэй адил ноход өөрсдийн хүрээлэн буй орчинд “Сэтгэлзүйн газрын зураг” зохиож чаддаг бололтой хэмээн Bark! The Science of Helping Your Anxious, Fearful, or Reactive Dog номын зохиогч Зази Тодд хэлжээ. “Гэхдээ тэдний газрын зураг биднийхээс арай өөр, учир нь энэ нь голчлон үнэрт тулгуурласан байх магадлалтай.”
Нохдын хүрээлэн буй орчиндоо чиглүүлэх нэг арга нь үнэрийн ул мөрийг дагах буюу үнэр хайх чадвар юм. Нохдын үнэр мэдрэх чадвар хүнийхээс 10,000-100,000 дахин хүчтэй тул тэд тэсрэх бодисоос эхлээд COVID-19, чихрийн шижин зэрэг өвчнийг хүртэл үнэрээр илрүүлж чаддаг.
Мөн ноход харах, үнэрлэх, сонсох мэдрэхүйгээрээ танил дурсгалт газруудыг таньж чаддаг. ASPCA байгууллагын байрны зан үйлийн шинжлэх ухааны ахлах захирал Бриджет Шовиллийн үзэж буйгаар, зарим гэрээсээ төөрсөн ноход танил газар зүйн тэмдэглээний байршлыг гэртэйгээ, мөн тухайн тэмдэглээтэй харьцуулах байдлаар өөрийн байршлыг тодорхойлдог аж.
“Эдгээр лавлах цэгүүдийг ашигласнаар ноход гэртээ хүрэх харьцангуй шулуун замыг олж чаддаг” гэж тэрээр тайлбарласан юм.
Дотоод луужингийн нарийвчлал
Шилжин нүүдэллэдэг шувууд, яргай загас, халим зэрэг зарим амьтад дэлхийн соронзон орныг мэдрэх чадвартай гэдгээрээ алдартай. Гэсэн ч тэдний энэ онцгой мэдрэхүйг хянадаг эрхтэнүүд одоогоор бүрэн тайлагдаагүй байна.
Нохой ч мөн адил энэ нууцлаг чадварыг эзэмшсэн байж болохыг судалгаагаар тогтоожээ. 2020 онд Чех улсад хийгдсэн судалгаанд 27 анч нохойг гурван жилийн турш судалсан байна. Судлаачид 600 гаруй туршилтын үеэр нохдын биед GPS байршил тогтоогч болон камер суурилуулж, танихгүй ой мод бүхий газарт суллан явуулжээ.
Эзэд нь нохдоо буцаан дуудахад, судлаачид тэдний хөдөлгөөнийг анхааралтай хянасан байна. Судалгаанд оролцсон бүх ноход дунджаар ой руу нэг милийн (ойролцоогоор 1.6 км) гүн ороод буцаж байсан нь тэмдэглэгдсэн юм.
Үнэр болон соронзон оронг ашиглах чадвар
Судалгаанд оролцсон нохдын бараг 60 хувь нь үнэрийн мэдрэмжээ ашиглан өөрсдийн мөрийг эргэн олж, эзэндээ хүрч байжээ.
Харин 30 орчим хувь нь өөр тактик хэрэглэсэн байна. Эдгээр ноход “Тагнах стратеги” гэж нэрлэгддэг аргыг ашигласан бөгөөд тэд эзэн нь хаана байгаагаас үл хамааран ойн Хойд-өмнөд чиглэлд богинохон зайг туулан, цоо шинэ замаар явж байжээ. Танил харааны тэмдэглээ огт байхгүй үед тэд дэлхийн соронзон оронг ашиглан замаа олж байсан байх магадлалтай.
Судлаачид энэ аргыг “Луужингийн гүйлт” гэж нэрлэж, энэ нь нохдыг зөвхөн үнэр дагах аргаар явснаас илүү хурдан эзэндээ хүргэж байсан гэж тэмдэглэсэн байна. Судалгааны дүгнэлтэд ноход төөрсөн үедээ сэтгэлзүйн газрын зургаа дэлхийн соронзон оронтой хослуулан замаа тодорхойлдог байж магадгүй гэж дурджээ.
“Нохой соронзон тэмдэглэгээг чиглэл олоход ашигласан гэдгийг нотлох хангалттай баталгаа одоогоор байхгүй ч энэ бол хамгийн магадлалтай тайлбар” гэж судалгааны хамтран зохиогч, Германы Дуйсбург-Эссений их сургуулийн амьтан судлалын хүндэт профессор Хинек Бурда хэлсэн байна.
Нохой эдгээр мэдрэхүйн аргуудыг хослуулан ашиглах чадвартай. Хэдийгээр үнэр дагах арга нь тагнах аргаас удаан ч зарим тохиолдолд илүү аюулгүй байж болно. “Нохой ч бас бидэнтэй болон энэ төрлийн асуудлыг шийдвэрлэдэг бусад амьтадтай адил өөр стратегиудыг ашиглаж, хооронд нь сольж чаддаг” гэж Бурда тайлбарлав.
Нохой гэрээ л мэднэ
Гэсэн хэдий ч, ихэнх ноход танихгүй, хол газар төөрч явж, замаа олж сурч, туршлага хуримтлуулан, дадлага хийх боломжгүй байдаг гэж Хинек Бурда хэлсэн байна.
Учир нь орчин үеийн нохдын үүлдрүүдийг эзэдтэйгээ ойр байхаар зориудаар үржүүлж буй тул ийм гайхалтай аяллууд ховордсоор байгаа юм.
“Хүмүүстэй хамт өссөн ноход хүүхэд-эцэг эхийн холбоотой төстэй харилцааг бий болгож чаддаг. Энэ холбооны гол онцлог нь салсан үедээ эргэн уулзах маш хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм” гэж Орегон мужийн их сургуулийн Хүн ба амьтдын харилцааны лабораторийн захирал Моник Уделл хэлжээ.
“Нохой алга болох нь тэдний хувьд аймшигтай туршлага байдаг” гэж Зази Тодд нэмж хэлсэн бөгөөд энэ нь нохойгоо эхнээс нь тэнэж явахаас сэргийлэх чухал шалтгаан юм.
Нохойг эзэнтэй нь эргэн уулзуулахад хялбар болгохын тулд бичил чип эсвэл утасны дугаар бүхий хүзүүвч гэх мэт таних тэмдэгтэй байх нь маш үр дүнтэй.
“Энэ бол нохойг өөрөө гэрээ хайж явахаас сэргийлэхийн тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйл юм” гэж тэрээр онцолсон байна.
nationalgeographic.com