RIZIN холбооны аварга асан Кай Асакура UFC-д нэгдэж, анхны тулаандаа аваргын төлөө өрсөлдөх боломжийг олгосонд анхаарал татсан боловч Пантожа түүнээс түвшин дээгүүр гэдгээ харуулж, түүнийг илт илүүрхэн яллаа. Тэрээр эхний үеийг хүчтэй эхлүүлснийхээ дараа хоёрдугаар үед барилдааны арга ашиглан Асакураг газарт унагаж, хурдан хугацаанд ард нь гаран боох мэхээр тулааныг дуусгав.
Асакура тэмцэж, мултрах гэж бүх хүчээ дайчилсан ч эцэст нь боолтноос мултарч чадалгүй, шүүгч тулааныг зогсоож, Пантожаг салгах үед ухаан алдаж унтсан байв. Тулаан хоёрдугаар үеийн 2:05 минутанд дууссан юм.
“Энэ бол UFC-гийн түвшин. Энэ түвшин маш өндөр,” хэмээн гурав дахь удаагаа аваргын бүсээ хамгаалсан Пантожа ялалтынхаа дараа хэллээ. “Япон тулаанч ирээд миний бүсийг авна гэж бодоо юу? Үгүй. Найман булант тор хаагдсан л бол энэ миний газар, миний хот.”
Хэдийгээр Пантожа тулааныг богино хугацаанд дуусгасан ч Асакура эхэндээ итгэл дүүрэн тулалдаж, Пантожаг хатуу цохилтуудаар онож чадсан юм. Гэхдээ Пантожа тулааныг газарт шилжүүлэх гэж шаргуу хичээсээр байлаа. Хөнгөн жингийн хоёр тулаанч босоо байдлаа хадгалж чадсан ч Пантожа өрсөлдөгчөө дарамталсаар байсан.
Асакура хүчтэй цохилтуудаар довтлон, урагш тэмүүлсэн ч Пантожа хариу цохилтыг сайн хийж, бие рүү нь хүчтэй, оновчтой өшиглөлт хийсэн нь онцлох цохилтуудын нэг байлаа.
Пантожа дайралтаа тасралтгүй үргэлжлүүлж, дахин нэг удаа өрсөлдөгчөө газарт унагаан ард нь гарсан. Тэрээр маш нягт, ухаалгаар Асакурагийн хамгаалалтыг сулруулан давж, аажмаар хоолой руу нь гараа оруулж боолтоо бататган, татсанаар эцэст нь Асакура ухаан алдав.
Энэ ялалтаар Пантожа 125 фунтын жингийн ангилалд өөрийн байр суурийг улам баталгаажуулсан ч түүнтэй тулалдах шинэ өрсөлдөгч тодроогүй байгаа тул тэрээр бүх цаг үеийн шилдэг хөнгөн жингийн тулаанч Деметриус Жонсонд хандахаар шийджээ.
“Тэр зодог тайлсан. Энэ жил зодог тайлсан. Гэхдээ энэ бол чамд зориулав, Деметриус Жонсон,” хэмээн Пантожа ориллоо. “Би энд бүх цаг үеийн шилдэг нь. Хэрэв чи өөрийгөө шилдэг гэдгээ батлахыг хүсэж байвал эргэж ир.”
Хэдийгээр Жонсон одоо ONE Championship-тэй гэрээтэй бөгөөд эргэн тэмцээнд оролцох магадлал бага байгаа ч Пантожа өрсөлдөгчгүй энэ цаг үед өөрийн байр сууриа бататгахын тулд түүнийг дуудлаа.
mmafighting.com