Ал Пачино Италийн Феррари, Ламборгинигийн нэгэн адил дэлхийд алдартай болсон Maserati автомашины түүхийг өгүүлэх “Maserati: The Brothers” намтарчилсан кинонд дүр бүтээхээр боллоо. Уг бүтээлийг найруулагч Бобби Мореско найруулж байна.
Кинонд Пачино бизнесмен Винченцо Ваккарогийн дүрийг бүтээх бөгөөд тэрээр Maserati-ийн гэр бүлийг дэмжиж, компанийн анхны өдрүүдэд хөрөнгө оруулж байжээ. Түүнийг кинонд оролцох болсон тухайг продюсер Андреа Йерволино зарласан ч Пачиногийн төлөөлөгчид тайлбар өгөөгүй байна.
Мөн жүжигчин Жина Ла Пиана (Intentional), Татьяна Лутер (Rudy Valentino) нар ч уг төслийн жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдээд байгаа талаар Йерволино мэдэгдсэн. Өмнө нь зарлагдсан жүжигчдийн бүрэлдэхүүнд Энтони Хопкинс, Энди Гарсиа, Жессика Алба, Микеле Морроне, Сальваторе Эспозито нар багтсан.
Maserati компани 1914 онд Италийн төв хэсгийн Болонья хотын нэгэн гараашид гурван ах дүүс — Альфьери, Этторе, Эрнесто нарын үүсгэн байгуулснаар түүх нь эхэлсэн. Компанийн бэлгэдэл болсон гурван салаа жад нь тус хотын “Нептуны хүрхрээ”-н дээрх баримлын хуулбар юм. Анхнаасаа л автомашины уралдаантай холбоотой байсан тус компани өдгөө тансаг зэрэглэлийн ховор загваруудаараа танигддаг.
Maserati-гийн анхны Гран При уралдааны машин “Type 26” нь Альфьери Мазерати 1927 оны Мессинагийн цомын уралдаанд оролцож байхдаа осолд орсон тэр машин юм. Тэрээр энэ ослын улмаас хожим 1932 оны 3-р сарын 3-нд 44 насандаа таалал төгссөн. Харин 1937 онд ах дүүс компаниа удирдсаар байсан ч хувьцааных нь хяналтын багцыг худалдсан бөгөөд өнөөдөр тус компани Fiat-ийн эзэмшилд багтдаг.
Төслийн гол продюсероор “Modì” киногоороо танигдсан Андреа Йерволино ажиллаж байгаа бол Bright White Light студийн Никки Кортезе, Уэйн Марк Годфри нар уг бүтээлийг хамтран санхүүжүүлж, гүйцэтгэх продюсероор ажиллаж байна.
Киноны зураг авалтын хоёр дахь буюу эцсийн шат 2025 оны 6-р сард Ром хотод эхлэх бөгөөд дэлхийн нээлтээ 2025 оны намрын эхээр хийхээр төлөвлөжээ.
Жүжигчин Ал Пачино CAA агентлагийн Жош Либерман, RMG-ийн Стэн Розенфилд нарын төлөөлөл дор ажиллаж байгаа бол Жина Ла Пианаг Eris Talent Agency, Татьяна Лутерийг Independent Artist Group төлөөлж байна.
variety.com