in

Викинг булш: Хэрвээ энэ эрэгтэй хүн байсан бол бид үүнийг дайчны булш гэж нэрлэх байлаа

Зэвсэг бүхий булш Viking-ийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэгт шинэ ойлголт авчирч байна

Викинг булш: Хэрвээ энэ эрэгтэй хүн байсан бол бид үүнийг дайчны булш гэж нэрлэх байлаа

Шинэ судалгаагаар Viking-ийн үеийн Скандинавын зарим эмэгтэйчүүдийг дайны зориулалттай зэвсгүүдтэй хамт оршуулсан нь тогтоогдож, энэ нь тэдний нийгмийн байр суурийн талаарх ойлголтыг өөрчилж байна. Гэхдээ мэргэжилтнүүд энэ утгыг өөр өөрөөр тайлбарлаж байна.

Шведийн Бирка хэмээх газар 1000 жилийн настай Viking-ийн булш бий. Тэнд сэлэм, сүхний иш, жад, хутга, бамбай, сумаар дүүрэн саваа, морь унах тоноглол, хоёр дайны морьны араг яс зэрэг олон төрлийн зэвсэг олджээ. Бараг 150 жилийн өмнө энэ булшийг анх илрүүлэхэд археологичид эрэгтэй дайчны булш хэмээн үзсэн байна. Гэвч 2017 онд уг булшнаас гарсан араг ясны ДНХ шинжилгээ хийж үзэхэд тухайн хүн эмэгтэй болох нь тогтоогджээ.

Энэ баримтыг үгүйсгэхээр эрдэмтэд олон янзаар хариу үйлдэл үзүүлсэн гэж Шведийн Уппсала их сургуулийн археологич, 2017 оны судалгааны тэргүүн зохиогч Шарлотта Хеденстьерна-Йонссон хэлжээ. Хэдийгээр дараагийн судалгаанууд уг эмэгтэйн цэргийн мэргэжилтэй байсныг улам баталсан ч зарим археологичид түүнийг “жинхэнэ дайчин байгаагүй” гэж үзсээр байна.

Биркагийн энэ маргаан Viking-ийн эмэгтэй дайчдын бодит оршин байсан эсэх талаарх археологийн өргөн маргааныг тод томруун харуулж байна. Viking-ийн домог туульсаар дүүрэн эмэгтэй дайчдын тухай өгүүлдэг ч эдгээр нь бодит түүхийг илэрхийлдэг эсэх нь тодорхой бус хэвээр.

Скандинав даяар Viking-ийн үед (МЭ 793–1066 он) дайны зориулалттай зэвсэгтэй оршуулсан хэд хэдэн эмэгтэйгийн булш олджээ. Эдгээр булш нийтээрээ харахад, олон зуун жилийн турш давамгайлж ирсэн сахалтай, булчинлаг эр Viking дайчны дүр төрхтэй зөрчилдөж байна. Түүнчлэн, хүйсийн талаарх урьдчилсан ойлголтоос болж археологичид зэвсэгтэй эмэгтэйчүүдийн тоог системтэйгээр дутуу тооцоолж ирсэн байх магадлалтай.

Эдгээр олдворууд Viking-ийн нийгмийг илүү нарийн төвөгтэй, давхаргатай байсныг илтгэж байна. Ихэнх дайчид эрчүүд байсан ч хүний анги давхарга, мэргэжил нь дайн тулаанд оролцох эсэхэд илүү нөлөөлж байжээ.

“Эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан хүчтэй, чадварлаг, хурдан байх боломжтой,” хэмээн Мюнхений Людвиг Максимилианы их сургуулийн археологич, “Women and Weapons in the Viking World: Amazons of the North” номын зохиогч Лешек Гардела хэлжээ. “Биологийн хувьд тэднийг дайчин болохоос сэргийлэх зүйл байхгүй.”

Гэвч Скандинав дахь булшны олдворын муу хадгалалт, Viking-ийн оршуулгын нууцлаг шинж, түүхэн эх сурвалжийн хомс байдал нь эмэгтэйчүүдийн булшны утгыг тодорхойлоход хүндрэл учруулсаар байна. Хэрвээ эмэгтэй дайчид бодитоор байсан ч Viking-ийн соёлд тэд ямар ач холбогдолтой байсныг тодорхойлох боломж хязгаарлагдмал байгааг Дани улсын Роскилде музейн археологич Оле Кастхолм тайлбарлажээ.

“Энэ бол бид баттай хариулт олох боломжгүй сэдэв юм” гэлээ.

Булшнаас олдсон зүйлс юуг илэрхийлж байна вэ?

Швед, Норвеги, Дани, Исланд зэрэг улсад Viking-ийн үед хамаарах хэдэн мянган булш олдоод байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнхийг эрэгтэй дайчдынх гэж үздэг. Харин эсрэгээрээ, зэвсэгт тулааны зориулалттай жадны ир, бамбай зэрэг эд зүйлстэй оршуулсан эмэгтэйчүүдийн булш нь ердөө 30 орчим тохиолдол бий. Гэтэл тэдгээрээс гуравхан нь л сэлэмтэй байжээ.

Нийт Viking-ийн үед хамаарах булшны дунд статистикийн хувьд зэвсэгтэй эрчүүдийн булштай харьцуулахад зэвсэгтэй эмэгтэйчүүдийн булш “1%-иас ч бага” байна гэж археологич Лешек Гардела Live Science-д ярьжээ.

Гэхдээ бүртгэгдсэн эдгээрээс гадна зэвсэг биш боловч дайн тулаанд хэрэглэгдэж болох эд зүйлс. Жишээ нь бамбайны төвд байрлах хамгаалалтын дугуй төмөр хэсэг (shield boss), сумны зэв, сүхний иш зэргийг агуулсан эмэгтэйчүүдийн булш цөөнгүй байдаг. Гэвч ийм булшнуудыг тайлбарлах нь илүү төвөгтэй байдаг. Учир нь сум, сүх зэрэг нь тулаанд хэрэглэгддэг зэвсэг байхаас гадна ан хийх, газар тариалангийн ажилд ашиглагддаг хэрэгсэл ч байж болох юм.

Эмэгтэй дайчдын талаарх маргаан ийнхүү хурцадмал хэвээр байгаа гол шалтгаануудын нэг нь Viking-ийн булшнуудын олонхи нь муу хадгалагдсан явдалтай холбоотой.

Жишээлбэл, Биркагийн булш. 1878 онд энэ булшийг нээхдээ ажилчид динамит ашиглан дэлбэлж онгойлгосон бөгөөд үүний улмаас булш ихээхэн гэмтсэн байна. Үүнээс гадна тухайн үед орон нутгийн мэргэжлийн бус хүмүүс малталтад оролцсон нь булшны талаарх бүрэн, нарийн баримтыг алдагдуулжээ. Энэхүү дутуу, чанаргүй малтлага нь шүүмжлэгчдэд уг булш нь анхнаасаа эрэгтэй, эмэгтэй хүнийг хамтад нь оршуулсан “хос булш” байсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэх боломж олгосон байна.

“Эмэгтэй хүн ийм зэвсэг өргөж чадахгүй” гэдэг бол эрдэм шинжилгээний биш, таамаг төдий зүйл

Эргэлзэгчдийн үзэж байгаагаар “Эмэгтэй хүн тийм зэвсгийг өргөж чадахгүй” гэж үздэг. Гэвч тухайн зэвсгүүдийг өөрийн гараар барьж үзсэн Хеденстьерна-Йонссоны хувьд энэ нь инээдэмтэй, үндэслэлгүй тайлбар байв.

“Эдгээр хэлэлцүүлгүүд нь шинжлэх ухаанч баримтаас илүүтэйгээр үзэл бодол дээр тулгуурлаж байсан” гэж Хеденстьерна-Йонссон Live Science-д ярьжээ.

Гэхдээ судалгааны хамгийн том бэрхшээл нь орчин үеийн эвдэгдэл бус, харин археологичдын очихоос өмнө яс болон чандар нь бүрэн задралд орсон байх тохиолдол юм. Энэ нь гол төлөв Скандинавын хүчиллэг хөрсний онцлогтой холбоотой. “Бид ДНХ шинжилгээ эсвэл ясны бүтцийн судалгаагаар хүйсийг тогтоохын тулд маш сайн хадгалагдсан араг яс хэрэгтэй байдаг” гэж Роскилде музейн судлаач Оле Кастхолм тайлбарлажээ. “Тиймээс Viking-ийн үеийг 150 гаруй жил судалсан ч булш бүрийн талаарх дүгнэлт тийм ч амар олдоогүй.”

Үүний улмаас археологичид талийгаачийн хүйсийг булшнаас гарсан эд зүйлсээр таамаглах нь элбэг байдаг. Жишээ нь толь, нэхмэлийн багаж, зүү зэрэг нь эмэгтэй хүний булш гэж үзэгддэг байсан бол зэвсэг, тулаантай холбоотой эд зүйлсийг эрэгтэй хүний булштай холбодог байв. Тухайлбал, Viking-ийн үеийн булшнаас зөвхөн сэлэм олдсон тохиолдолд бараг бүх үед энэ нь эрэгтэй хүний булш гэж дүгнэдэг байжээ.

Үүнээс шалтгаалан археологичид зэвсэгтэй оршуулсан Viking-ийн эмэгтэйчүүдийн тоог системтэйгээр дутуу тооцоолсон байх магадлалтай.

“Бидний мэдэж байгаагаас ч олон эмэгтэйчүүдийн ийм булш байж мэднэ” гэж Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейн Археологийн хэлтсийн дарга Марианн Моэн хэлээд, энэ нөхцөл байдлыг “гарцгүй тойрог” хэмээн тодорхойлов. “Та Норвегид булш малтаад, сэлэм олвол ‘Энэ эрэгтэй хүн байна’ гэж үздэг. Дараа нь ‘Яагаад бүх сэлэм дандаа эрэгтэй булшнаас олддог юм бол?’ гэж гайхдаг.”

Зарим тохиолдолд булшнаас эрэгтэй, эмэгтэйчүүдтэй холбоотой хос эд зүйлс олдвол, тэр нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамтарсан булш гэж үздэг. Гэвч энэ нь зөв дүгнэлт биш байж болзошгүй.

Ийнхүү үзэл хандлагын боломжит алдааг үл харгалзан, Viking-ийн үед Скандинав даяар зарим эмэгтэйчүүдийг тулааны зориулалттай эд зүйлстэй хамт оршуулсан нь тодорхой нотолгоотой юм. Тухайлбал, Норвегид “бамбайт эмэгтэй” гэх хочтой болсон хэд хэдэн булш бий. Эдгээр нь Скандинавын домогт гардаг эмэгтэй дайчдын нэртэй холбогддог. Тухайлбал, Сөлөр хотын хойд хэсгийн Нордре Кьолений булшнаас насанд хүрээгүй залуу хүнийг ясны шинжилгээгээр эмэгтэй байх магадлалтайг тогтоосон. Сэлэм, сүхний иш, жадны ир, сумны зэв, бамбайны төв хэсэг, морин араг яс болон багаж хэрэгслийн хамт оршуулсан байжээ.

Бас нэгэн жишээ бол Норд Трёнделагийн Аунволлоос олдсон завин доторх эмэгтэй хүний булш юм.

Тус булшнаас сэлэм, найман ширхэг тоглоомын хөл, тах (сэлүүр маягийн багаж), жадны ир, хайч, хутга болон бусад багаж бүхий эмэгтэй хүнийг оршуулсан нь илэрчээ. Шведийн Өланд арлын Клинтагийн булшнаас харин үнэтэй төмөр эдлэл бүхий хүний чандарласан шарил олдсон бөгөөд үүнийг дээд зиндааны эмэгтэй байж магадгүй гэж үзэж байна. Тэнд сүхний иш, хутга, төмөр саваа зэрэг зүйл байсан нь уг эмэгтэйг völva буюу Viking-ийн үеийн шидтэн эмэгтэй байсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

Харин хурц зэвсэггүй ч “Норвегийн баруун эргээр бамбайны төв хэсэг (shield boss)-тэй эмэгтэйчүүдийн булш цөөнгүй бий. Гэхдээ хүмүүс үүний талаар ярих дургүй байдаг” гэж Марианн Моэн Live Science-д хэлжээ.

Тайлбарлахад төвөгтэй

Гэсэн ч археологичдын хувьд ийм булшуудыг нэг мөр ойлгоход хэцүү хэвээр байна. Учир нь Viking-ийн оршуулгын зан үйл нь тогтмол бүтэц, хэв маяггүй байсан.

“Viking-ийн үеийн булшнуудыг ерөнхийд нь харахад нэлээд хачирхалтай бөгөөд маш олон янз байдаг” гэж Кастхолм хэлжээ. Жишээлбэл, нэг булшинд зөвхөн хүний хөл байхад, өөр нэг булш нь гурван үе шатыг дамнасан хосолсон оршуулга байсан: эхлээд нэг эмэгтэйг оршуулж, хэдэн жилийн дараа өөр эмэгтэйг нэмж оршуулсан, түүнээс ч хожим нэг хагас насанд хүрсэн эрэгтэйг хамт оршуулсан байжээ.

Ийм нууцлаг, жигд бус булшнууд нь нэг мөр, тогтсон дүгнэлт хийхэд хүндрэл учруулдаг.

Кастхолмын дурдсан өөр нэг жишээ бол 1981 онд Данийн Гёрдруп хэмээх газар олдсон булш юм. Тэнд нэг эмэгтэйг жадтай хамт, бие дээр нь хүнд чулуу тавьсан байдалтайгаар оршуулсан байв. Хажууд нь түүний насанд хүрсэн хүү байсан бөгөөд шагай нь хүлээстэй, магадгүй дүүжлэгдсэн байж болзошгүй шинж тэмдэгтэй байжээ.

Жад нь эмэгтэй хүнийг дайчин байсан гэдгийн шинж байж болох ч…

Гэвч Кастхолм энэ булшийг өөрөөр тайлбарладаг. Түүний үзэж буйгаар, хүүг Одины төлөө дүүжлэн золиосолсон байж болзошгүй бөгөөд эмэгтэйн бие дээр тавьсан чулуу нь түүний өндөр статустайг илэрхийлдэг. Харин үнэтэй жад нь булшны ёслолын сүүлчийн үйлдлийн хүрээнд булшны ёроолд зоогдсон бөгөөд энэ нь нас барагчдыг Одинд зориулах зан үйлийн нэг хэсэг байжээ. Тэрээр энэ тухай 2021 оны хамтарсан судалгаандаа бичсэн байдаг.

Энэ төрлийн оршуулгыг “оршуулгын театр” хэмээн нэрлэж болох ба тухайн оршуулгын үеэр хийсэн дүр, хэлбэр бүхий зан үйлийг илэрхийлдэг аж. Судалгаагаар ийм төрлийн жүжигчилсэн, утга агуулгатай оршуулгууд Viking-ийн нийгэмд түгээмэл байсныг харуулж байна.

Харин Биркагийн булшны тухайд Кастхолм уг талийгаач нь биологийн хувьд эмэгтэй байсан, зэвсгүүдтэй хамт оршуулсан гэдэгт ямар ч эргэлзээгүй гэдгээ илэрхийлжээ. “Үүнд би бүрэн итгэлтэй,” гэж тэр хэлсэн. “Харин энэ нь түүнийг дайчин байсан гэсэн үг мөн үү гэдэг дээр би итгэлгүй байна. Гэхдээ яг ийм асуудал эрэгтэйчүүдийн булшинд ч мөн адил хамаарна.”

Түүхэн эх сурвалжууд юу өгүүлдэг вэ?

Эмэгтэйчүүдийг зэвсэгтэй оршуулсан булшуудын агуулгыг бүрэн ойлгохын тулд археологичид түүхэн эх сурвалжуудыг судалжээ.

Viking-үүд цөөн хэдэн мянган руны бичээс үлдээсэн боловч дайчин эмэгтэйчүүд болон “бамбайт эмэгтэйчүүдийн” талаарх дийлэнх мэдээлэл нь Viking-ийн дараах дундад зууны үед бичигдсэн хагас түүхэн зохиолууд дээр тулгуурладаг. Жишээ нь, 1150–1220 оны хооронд амьдарч байсан Саксо Грамматикусын бичсэн “Gesta Danorum” хэмээх Дани улсын түүхчилсэн зохиолд дайчин эмэгтэй Лагерта эрэгтэй хүний хувцастай эмэгтэйчүүдийн хамт аялж, хожим салсан Viking хаантай гэрлэж, чухал тулаанд түүний хамт тулалддаг тухай өгүүлдэг.

Мөн 1986 оны нэгэн судалгаагаар дурдагдсанаар Hervör and Heidrek-ийн туульс зэрэг зарим сагад Норвег эмэгтэйчүүд гэр бүлийн өмчийг хамгаалахын тулд зэвсэг барьсан тухай гардаг. Тухайн үед зөвхөн эрэгтэй хүн өмч өвлөн авдаг байсан тул хэрэв айл зөвхөн охидтой бол нэгийг нь “чиг үүргийн хувьд хүү” болгон дайчин болгох шаардлага үүсдэг байжээ.

13–14 дүгээр зуунд Viking-үүдийн шууд үр удам байж болох хүмүүс бичсэн Исландын сагууд ч эмэгтэйчүүд цэргүүдийг удирдаж, хүчирхийлэл үйлдэж буй тухай түүхүүдийг агуулдаг гэж Марианн Моэн 2021 оны өгүүлэлдээ бичжээ.

Гэхдээ эдгээр өгүүллэгүүд Viking-ийн эмэгтэйчүүд үнэхээр дайчид байсан гэдгийг батлах уу? Эсвэл эдгээр түүхүүд нь домог, ид шидийн утга агуулгатай байсан уу?

Зарим баримтууд хоёр дахь хувилбарыг илүү магадтай гэж үзүүлдэг. Сүх гэх мэт зэвсгийг хэрэглэдэг эмэгтэйчүүд гардаг сагууд ид шидийн өнгө аястай байх нь элбэг. Тухайлбал, эртний Норвегийн Ljós­vetninga сагад эмэгтэй шидтэн эрэгтэй хүний хувцастайгаар сүхээр ус цохин ирээдүйг харах оролдлого хийдэг. Скандинав, Финлянд болон Төв Европын ардын аман уламжлалд сүхийг ихэвчлэн ид шидтэй холбоотой зүйл гэж үздэг байсныг Гардела 2021 оны өгүүлэлдээ дурдсан байна.

Хүйс хувь заяа биш байжээ

Viking-ийн үе өнгөрсний дараа булчинлаг, харгис эр Viking дайчны дүр төрх дундад зууны сагуудад бий болж, улмаар 19 дүгээр зууны сүүлч үеийн Скандинав болон Исландын “Үндэсний романтизмын” үед дахин хүчтэй өрнөсөн байдаг. Гэсэн ч Viking-ийн нийгэм нь “эр эм гэсэн хоёр туйлт үзэлд биш, харин илүү уян хатан, нийгмийн чиг үүрэгт тулгуурласан байж болзошгүй” гэж Моэн 2021 оны өгүүлэлдээ бичжээ.

Энэ нь хэн юу хийх ёстой вэ гэдэг нь хүйсээр биш, нийгмийн нөхцөл байдал, чиг үүргээр тодорхойлогдож байсныг илтгэнэ. Үүний нотолгоо Viking-ийн үеийн булшнаас гарсан эд өлгийн зүйлсээс харагдана. Жишээ нь, Норвегийн Вестфолдын Viking-ийн үеийн оршуулгын газарт Моэн судалгаа хийж байхдаа зэвсэг нь ихэвчлэн эрэгтэйчүүдийн булшнаас олддог боловч эмэгтэйчүүдийн булшнаас ч мөн илэрч байсан гэдгийг тэмдэглэжээ. Мөн гоёл чимэглэл эмэгтэй булшуудад түлхүү байдаг ч эрэгтэйчүүдийн булшны 40%-д мөн адил гоёлын зүйлс байсныг онцолж, “энэ бол тооцохгүй орхиж болох хувь биш” гэж бичсэн байна.

Viking-ийн нийгэм бүхэлдээ хүчирхийлэл, зэвсэгт тэмцэл дунд оршиж байсан учраас “энгийнээр бодоход, хүн амын зөвхөн тал хувь нь үүнд оролцсон гэж үзэх нь гэнэн хэрэг” гэж Моэн тэмдэглэсэн.

Гэхдээ энэ бүхнийг “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн үүргийг гүйцэтгэсэн” гэж ойлгож болохгүй гэж Кастхолм анхааруулжээ. Харин “дайчин” гэдэг нь өнөөгийн гал сөнөөгч мэтийн мэргэжлийн нэг хэлбэр байсан байж болох бөгөөд дийлэнх нь эрэгтэйчүүд байсан ч зарим нь эмэгтэйчүүд байсан байж мэднэ гэж тэр хэлсэн.

Viking-ийн үеийн эрэгтэйчүүд дунд ч “дайчин” гэх ойлголт янз бүрийн утгатай байжээ. Газар тариаланчид, загасчид болон бусад жирийн тариачид заримдаа тулалдаанд оролцдог байсан. Гэвч ихэнх тохиолдолд жинхэнэ дайчид нь нийгмийн дээд давхаргад хамаардаг байв.

“Таны биологийн хүйс тухайн мэргэжлийг тодорхойлох нэг хүчин зүйл байсан ч гол хүчин зүйл биш,” хэмээн Шарлотта Хеденстьерна-Йонссон хэлжээ. “Гол нь таны үүрэг, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл байдал илүү чухал байв.”

Гэсэн ч эдгээр булшнаас олдсон мэдээллүүдийг Viking-ийн нийгэмд хүйс хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байсан тухай ойлголтод шууд дүгнэлт хийхэд болгоомжтой хандах хэрэгтэй гэж Моэн анхааруулжээ.

“Энэ нь заавал хүйсийн тэгш эрхийн илэрхийлэл гэж ойлгогдох албагүй,” гэж тэр хэлээд, “харин зарим тохиолдолд, тодорхой нөхцөлд эмэгтэйчүүд дайчин байсан, байж чаддаг байсныг илтгэх хангалттай баримт бий” хэмээн тэмдэглэсэн.

“Оккамын хутга” — Хамгийн энгийн тайлбар хамгийн магадлалтай нь

Моэн археологичдыг гурван бүлэгт хувааж үздэг:

  1. Булшнаас тодорхой харж болохуйц байдлаар эмэгтэй дайчид байсан гэж үзэгчид,
  2. “Тийм ээ, эмэгтэй хүн зэвсэгтэй оршуулж болно. Гэхдээ энэ юу илэрхийлж байгааг асуух ёстой” гэж боддог эргэлзэгчид,
  3. Харин булшнаас олдсон зэвсгийг эмэгтэйчүүд хэзээ ч хэрэглээгүй гэж үздэг үгүйсгэгчид.

“Сүүлийн бүлгийнхэнд энэ санаа тун төвөгтэй санагддаг. Тиймээс ч тэд үүнийг үгүйсгэхийн тулд маш нарийн төвөгтэй тайлбарууд зохиодог,” гэж Моэн хэлжээ.

Моэний хувьд Viking-ийн эмэгтэй дайчдын баримт нь нүдэн дээр ил харагдаж байгаа гэж үздэг.

“Оккамын хутганы зарчим гэж бий. Хамгийн энгийн тайлбар хамгийн оновчтой байдаг,” гэж тэр хэлээд, “Хэрвээ та сэлэмтэй эмэгтэй олвол, яг л сэлэмтэй эрэгтэй олсон мэт тайлбарлах ёстой” гэж нэмжээ.

Эцэст нь, Кастхолмын үзэж байгаагаар “энэ талаар хэзээд маргаан үргэлжлэх болно. Харин энэ маргаан археологийн баримтаас илүүтэй бидний өнөөгийн нийгмийн хүйсийн хэвшмэл ойлголтуудтай холбоотой” гэжээ.

“Viking-ийн үед дайчид байсан нь гарцаагүй, би лав зарим нь эмэгтэй байсан гэдэгт итгэлтэй байна,” хэмээн Кастхолм хэлжээ. Хэдий зарим булшийг тодорхойлох хэцүү ч, цөөнгүй булшинд жинхэнэ тулааны зориулалттай зэвсгүүд их хэмжээгээр олддог.

“Хэрвээ энэ эрэгтэй хүн байсан бол,” гэж тэр хэлээд, “бид шууд л ‘дайчны булш’ гэж нэрлэх байсан.”

livescience.com

What do you think?

Европын тойм: Кейн шийдвэрлэх гоолын хамт эргэн ирж, Серлот Атлетикогийн төлөө дөрөв дараалан орууллаа

Европын тойм: Кейн шийдвэрлэх гоолын хамт эргэн ирж, Серлот Атлетикогийн төлөө дөрөв дараалан орууллаа

Майкл Жордан 1996 онд Никс багтай гэрээ байгуулахад ганцхан цагийн зай үлдсэн байв

Майкл Жордан 1996 онд Никс багтай гэрээ байгуулахад ганцхан цагийн зай үлдсэн байв