Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиола сүүлийн үед бэртэл, сэтгэл зүйн асуудалтай байгаа Фил Фоденыг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Гэсэн ч тэр Английн шигшээ багийн дасгалжуулагч Томас Тухелд хандан Фоденыг дуудлагаас хасахыг хүсээгүй гэдгийг онцолсон байна.
Шагайн бэртэл болон хувийн амьдралын асуудлуудтай байгаа Фоден өнөөдөр зарлагдсан шигшээ багийн бүрэлдэхүүнд нэрлэгдсэнгүй. Тухелын удирдсан Английн баг ирэх зургадугаар сард Андорра, Сенегалын эсрэг тоглоно.
Гвардиола энэ талаар:
“Фил шагайн асуудалтай удсан нь үнэн. Гэхдээ би Томастай энэ талаар ярьж байгаагүй. Шигшээ багт хэн дуудагдах эсэх нь түүний бүрэн шийдвэр” хэмээн тайлбарлалаа.
Фоден өнгөрсөн улиралд Премьер лигт 19 гоол оруулж, Манчестер Ситиг аварга авахад голлох үүрэг гүйцэтгэн PFA-ийн улирлын шилдэг тоглогчоор тодорч байв. Харин энэ улиралд байдал өөрчлөгдөж, Сити ямар ч цом хүртэлгүй улирал өндөрлүүлэхээр болоод байгаа бөгөөд Фоден бүх тэмцээнд нийлээд 10 гоолтой байна.
Гэсэн ч Гвардиолагийн хувьд түүний сэтгэлзүй, эрүүл мэнд чухал хэвээр.
“Бид түүнд туслахыг хүсэж байна. Энэ л хамгийн чухал зүйл. Тэр түр амрах хэрэгтэй, дараа нь эргэн ирнэ. Би түүний тоглолтод биш, харин өөрийгөө сайхан мэдэрч, сэтгэл зүйн хувьд тайван байхыг л хамгийн их хүсэж байна. Тэр мэдрэмж ирэх үед тоглолт ч аяндаа сайжирна” гэжээ.
“All we want is to help him” 💬
Pep Guardiola on ‘tired’ Phil Foden 🤝 pic.twitter.com/uLwDlJAS49
— Sky Sports News (@SkySportsNews) May 23, 2025
Гвардиола: Родри бүрэн формдоо ороход хугацаа хэрэгтэй
Өнгөрсөн долоо хоногт Борнмутийн эсрэг ялалтын тоглолтоор удаан хүлээгдсэн сэргээлтээ хийсэн Родри найман сарын турш өвдөгний холбоосын гэмтлээр талбайд гараагүй байсан. Харин Пеп Гвардиолагийн хэлснээр түүнийг удахгүй бүрэн формдоо орно гэж найдахын хэрэггүй гэнэ.
“Түүнийг эргэж ирсэнд бид үнэхээр баяртай байна. Хөгжөөн дэмжигчдийн зүгээс ч халуун дотноор угтан хүлээж авсан нь түүнийг баярлуулсан нь дамжиггүй. Гэхдээ өмнөх Родриг харахад арай эрт байна.
Мэс заслын дараа болгоомжтой байхгүй бол булчингийн асуудал үүсч болдог. Одоо бол түүний сэтгэлзүй, өвдөгт эерэг алхам хийсэн ч бүрэн формдоо орсон Родри гэдэг утгаар харах арай болоогүй” хэмээн Гвардиола хэллээ.
Сити эхний тавд багтахын төлөө өрсөлдөнө
Манчестер Сити ирэх Ням гарагт Фулхэмийн талбайд зочлон тоглох бөгөөд дараа жилийн Аваргуудын лигт оролцох эрхээ баталгаажуулахын тулд дор хаяж нэг оноо авах шаардлагатай.
Харин өрсөлдөгч Фулхэмийн хувьд Европын тэмцээний найдвар аль хэдийн тасраад буй. Гэвч Гвардиола Марко Силвагийн багийг дутуу үнэлэхгүй байгаагаа онцолжээ.
“Сүүлчийн тоглолтын өмнө бүх зүйл өөрсдөөс чинь шалтгаална гэдэг бол давуу тал. Бид Аваргуудын лигийн эрхээ авахын тулд ганцхан оноо хэрэгтэй, гэхдээ тэр оноог авахын тулд чанга өрсөлдөгчийг хожих хэрэгтэй” гэжээ.
Энэ тоглолтод Манчестер Сити Матео Ковачичийг торгуулийн улмаас, Жон Стоунсыг гэмтлийн улмаас талбайд гаргах боломжгүй байна.