Баруун бүсийн финалд Оклахома Сити Тандер эхний хоёр тоглолтод дараалан ялалт байгуулж, Миннесотаг 2-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Пүрэв гарагт болсон хоёр дахь тоглолтод Тандер 118-103-аар илүүрхэн хожсон бөгөөд энэ нь улирлын 60 дахь хоёр оронтой ялалт болж, 2017 оны Голден Стэйт Уорриорстой эн зэрэгцлээ.
Энэхүү хүчирхэг тоглолтын ард тэдний өмнөх шатанд Денвер Наггетст хожигдсон эхний тоглолтын сургамж байв. Тэр үед тоглолтын төгсгөлд давуу байдалтай байсан ч довтолгооны идэвхгүй байдал, хамгаалалтын алдаа, хоёр ч чөлөөт шидэлт алдаж, 15-4 харьцаатай урсгалаар ялагдсан. Энэхүү уналт цувралын өрнөлийг эргүүлж, Тандерийг хасагдах ирмэгт аваачсан ч эцэст нь 7 дахь тоглолтод 32 онооны зөрүүгээр ялалт байгуулж дараагийн шатанд шалгарсан юм.
“Бид тэгэхэд тоглолтыг дуусгаж чадаагүй. Харин энэ удаа төгсгөлд ч хурдтай, довтолгоотой байж чадлаа” хэмээн хамгаалагч Алекс Карусо хэллээ.
Хоёр тоглолтод Тандер төгс тоглолт үзүүлээгүй ч ялалтад хүрч чадсан. Эхний тоглолтод Шэй Гилжес-Александр, Жейлен Уильямс нар нийлээд 17/45 шидэлт амжилттай болгосон ч будагтай талбайд Миннесотаг 54-20 харьцаагаар илүүрхэж, 17 бөмбөг алдуулж, ердөө 88 оноо авч чадуулсан.
Харин хоёр дахь тоглолтод Гилжес-Александр MVP цомоо өргөсөн орой 38 оноо, 8 дамжуулалт, 3 бөмбөг таслалттай тоглосон бол Жейлен Уильямс 26 оноо, 10 самбар, 5 дамжуулалт авч, довтолгоог ахалсан. Тэд 3 онооны шидэлт 9/33 байсан ч дундын зайн шидэлтийг үр дүнтэй ашиглаж, дундын зайд 14 удаагийн 2 онооны шидэлт амжилттай болгосон.
Довтолгооны олон янзын хувилбарыг хурдан ашиглаж чадсан нь Тандерийн давуу тал байлаа. “Миннесота эхний хоёр тоглолтод тактик, схемээ байнга сольж байсан. Бид хурдан шилжиж, довтолгооны дараагийн хувилбар руу орох чадвараа харуулсан нь Денвертэй эхэлж тоглох үеийнхээс илүү болсон” гэж дасгалжуулагч Марк Дайгнолт тайлбарлалаа.
Тандерын хамгаалалт энэ тоглолтод ч давамгайлсан. Миннесотагийн сэтгэлзүйн уналт ч ил тод байв. Энтони Эдвардс шүүгчийн дуунаар бөмбөгөө Гилжес-Александер руу шидэж техникийн алдаа авсан бол Жулиус Рэндл шүүгч рүү хашгирч, Жейден МакДаниелс хоёрдугаар үед Гилжес-Александерыг түлхэн зориудын алдаа хийсэн.
“Би зүгээр л фолл хийхийг хүссэн. Уурлаагүй. Ашиглах фолл байсан,” гэж МакДаниелс тайлбарласан байна. Харин Карусо “Шэйг ганцаараа хамгаална гэдэг боломжгүй зүйл. Тэр түлхэлт мэдээж хэтэрсэн. Гэхдээ энэ бол плейофф. Дараагийн довтолгоо руугаа л анхааръя” гэж хариу өгчээ.
Одоо Миннесота цувралд 2-0-оор хоцорч байгаа бөгөөд дараагийн таван тоглолтын дөрөвт нь хожиж байж дараагийн шатанд шалгарах шаардлагатай. Оклахома Сити энэ улиралд бүх өрсөлдөгчөө нийлээд 78 удаа хожоод байгаа баг гэдгийг харгалзвал энэ бол бараг боломжгүй даалгавар.
“Бидний хувьд шинэ сорилт эхэлж байна. Тэд гэртээ илүү тав тухтай, эрч хүчтэй тоглох нь тодорхой. Харин бид түүнийг давах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн Дайгнолт хэллээ.