Каннын кино наадмын хүрээнд зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй хандивын арга хэмжээ болох amfAR Cannes Gala-д энэ жил Холливүүдийн олон од цугларлаа. The Brutalist киногоор хоёр дахь Оскарын шагналаа хүртээд удаагүй байгаа жүжигчин Эдриен Броуди уран бүтээлчийн дүрээр тайзан дээр гарч, өөрийн зурсан Мэрилин Монрогийн хөргийг танилцуулсан нь оройн хамгийн онцлох мөчүүдийн нэг байв.
Броуди зургаа танилцуулахдаа “Энэ зураг бол Мэрилин Монрогийн амьдрал түүнд өгч чадаагүй зүйлийн тухай. Амьдралаа бүрэн дүүрэн амьдрах, алдаа бүхнийг хайрлах эрхийн тухай” хэмээн хэлсэн юм. Тэр мөн “Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн биш, дотоод мөн чанар нь энэ ертөнцөд хамгийн чухал зүйл. Би үүнийг хүндэтгэн бүтээлдээ шингээхийг хүссэн” гэж онцолжээ.
Тус бүтээл $425,000-д зарагдсан бөгөөд Броуди жүжигчин Леонардо ДиКаприогийн ширээ рүү очин найрсаг тэврэлтээр баярласнаа илэрхийлжээ. Үдэшлэгийн турш ДиКаприо найз бүсгүй Витториа Череттитэй хамт байж, хар малгай өмсөн бусдын анхаарлаас зайлсхийж байв.
Үдэшлэгт оролцсон зочдын дунд Жефф Безос, сүйт бүсгүй Лорен Санчес, жүжигчид Хайди Клум, Хелен Миррен, Мишель Родригес, Колман Домингого зэрэг олон алдартан байсан бол хөтлөгчөөр Таражи П. Хенсон ажиллаж, ДОХ-ын эсрэг тэмцлийн ач холбогдлыг онцлон уриалга гаргав.
Жүжигчин Жэймс Франко ч мөн өөрийн зурсан бүтээлийг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд түүний зураг $368,000-д зарагдсан юм. Дуудлага худалдааны хөтлөгч Саймон ду Пюри түүнийг “гайхалтай хүн” хэмээн тайзан дээр урьсан нь Франкогийн эргэн ирэлтийн нэгэн дохио боллоо гэж үзэж байна.
Хөтөлбөрт дуучин Сиара, Адам Ламберт нар амьд тоглолт үзүүлсэн бол Knives Out: Glass Onion киноны тансаг харшид 16 хүн амрах эрх, James Bond-ын загварын үзүүлбэр, Спайк Лигийн дараагийн кинонд дүр бүтээх эрх зэрэг өндөр үнэтэй хандивын багцууд худалдаалагдсан. Хамгийн өндөр үнээр буюу $510,000-д зарагдсан багцыг Жефф Безос, Лорен Санчес нар худалдаж авсан байна.
Үдэшлэгийг Duran Duran хамтлагийн амьд тоглолт өндөрлүүлж, зочид бүжиглэн, дараагийн afterparty руу шилжжээ.