Саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр Дональд Трамп гадаадад үйлдвэрлэсэн кинонуудад тариф ногдуулах санал нь Жэймс Бондын франчайзад нөлөөлөхгүй хэмээн мэдэгдлээ. 007 кинонууд Их Британид төвтэйгээр, ихэвчлэн Лондонгийн ойролцоох алдарт Pinewood Studios-д зураг авалтаа хийдэг бөгөөд дэлхийн олон хотод ч зураг авалт өрнөдөг. Гэвч Трамп энэ сард хийсэн мэдэгдлээрээ кино салбарынханд эргэлзээ төрүүлсэн. Тэрээр гадаадад хийсэн кинонуудад 100% тариф ногдуулах арга хэмжээ авахыг Худалдааны төлөөлөгч болон Худалдааны яаманд үүрэг болгосон хэмээн зарласан юм.
Лондон Таймст хариу өгсөн Трамп:
“Та бүхний мэдэж байгаагаар, бид кино, уран бүтээлчдэд тариф ногдуулж эхэлж байна. Тэд бүгд Америкт амьдардаг, мөнгө нь эндээс гардаг, бүх зүйл эндээс эхтэй. Гэхдээ тэд кинонуудыг өөр улсад хийдэг. Тиймээс бид тэднийг буцааж авчрахын тулд ямар нэгэн арга хэмжээ авна, магадгүй томоохон хэмжээнд.”
Тэр мөн нэмж хэлэхдээ:
“Харин Жэймс Бонд бол санаа зовох зүйлгүй. Тэрд санаа зовох хэрэг байхгүй. Мэдээж, Шон Коннери миний найз байсан. Абэрдинд надад газрын зөвшөөрөл авахад тэр тусалсан. Тэр хэлсэн: ‘Тэр нөхөрт гольфын талбайгаа бариулчих.’ Би тэр үед дөрөв дэх жил дээрээ явж байсан, Абэрдинд зөвшөөрөл авах бараг боломжгүй байсан. Шон бол гайхалтай хүн байсан.”
Трампын анхны мэдэгдэлд олон нийт эргэлзсэн тул Цагаан ордон дараа нь мэдэгдэл гаргаж, “кинон дээр тариф ногдуулах талаар эцсийн шийдвэр гараагүй” хэмээн тодруулсан. Тус мэдэгдэлд:
“Ерөнхийлөгч Трампын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийг хэрэгжүүлэх бүх хувилбарыг бид судалж байна. Үүний хүрээнд ‘Холливудыг дахин агуу болгох’ зорилготой ажиллаж байна” хэмээжээ.
Жүжигчин Жон Войт болон продюсер хамтрагч Стивен Пол нар Трампт хандан кино салбарыг сэргээх “цогц төлөвлөгөө” танилцуулснаа мэдэгдсэн. Тэдний саналд киноны үйлдвэрлэл, пост-продакшнд зориулсан улсын урамшуулал, гадаад орнуудтай хамтран бүтээх гэрээ, кино театруудад зориулсан дэд бүтцийн дэмжлэг зэрэг багтжээ.
Нөгөө талд, Холливудын уран бүтээлчид Трампын тарифын санаачилгыг хурцаар шүүмжилсэн. The View шоуны хөтлөгч Вүүпи Голдберг:
“Трамп аа, эхлээд өндөгний үнийг буулгачих. Тэгээд дараа нь кинонд оролцож болно шүү” гэж хошигножээ.
Голдберг мөн:
“Тарифыг хэнд ногдуулах юм бэ? Үйлдвэрлэлд үү? Студид уу? Юу яриад байгаа юм бэ? Энэ бол бидний ажлын нэг хэсэг. Хэрвээ өөрчлөлт хийх гэж байгаа бол мужуудад татварын урамшуулал бий болго, энд зураг авалт хийх боломжоор ханга. Харин биднийг гадаадад кино хийхэд хориг тавих хэрэггүй. Ингэснээр та биднийг хязгаарлаж байна гэсэн үг.”
variety.com