АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп поп од Тэйлор Свифтийн талаарх шүүмжлэлээ зогсоох шинжгүй байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт (тавдугаар сарын 16) Truth Social платформ дээрээ “Би ‘Би Тэйлор Свифтийг үзэн ядаж байна’ гэж хэлснээс хойш тэр одоо халуухан биш болчихсон гэдгийг анзаарсан хүн байна уу?” хэмээн бичжээ.
Трампын энэхүү мэдэгдэл нь найман сарын өмнө хийсэн ижил агуулгатай жиргээний үргэлжлэл бөгөөд тухайн үед ч мөн “Би Тэйлор Свифтийг үзэн ядаж байна!” хэмээн бүгдийг нь том үсгээр бичин илэрхийлж байв.
Свифт сүүлийн үед Трампын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Харин өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Ардчилсан намаас дэвшиж буй дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь Трампын зүгээс хуурамч AI зураг түгээсний дараах хариу байв. Тус зургийг Свифт өөрийг нь Трампыг дэмжиж буй мэт дүрсэлсэн гэж үзжээ.
“Энэ зураг надад ирэх сонгуулийн талаар бодит байр сууриа ил тод илэрхийлэх шаардлагатайг ойлгуулсан. Худал мэдээлэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол үнэн. Би @kamalaharris-д саналаа өгөх болно. Тэр миний итгэдэг үнэт зүйлсийн төлөө тууштай тэмцэж чадна” хэмээн тэрбээр тухайн үед бичиж байв. Свифт уг мэдэгдлийн төгсгөлд муураа тэвэрсэн зургийн хамт “Хүүхэдгүй мууртай эмэгтэй” хэмээн өөрийгөө нэрлэсэн нь Бүгд Найрамдах намаас дэвшигч Жей Ди Вэнсийн Ардчилсан намын гишүүд рүү чиглэсэн шүүмжид хошигнон хариулсан хэрэг байлаа.
Хэдийгээр Трамп, Свифт хоёрын харилцаа хэзээ ч дотно байгаагүй ч тэрбээр нэгэн цагт түүнийг сайшааж байв. 2012 онд Трамп тухайн үеийн Twitter хуудсандаа “Чи гайхалтай шүү!” хэмээн бичиж, хэдхэн сарын дараа “Грэммийн нэр дэвшигчдийг зарлах” тусгай хөтөлбөрт оролцсонд нь баяр хүргэж, “Тэйлор үнэхээр гайхалтай!” хэмээн онцолж байжээ.
Гэвч 2018 онд Свифт улс төрийн байр сууриа анх илэрхийлж, Теннесси мужид Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байсан Марша Блэкбөрнийг эсэргүүцэн санал өгөхийг уриалснаар Трампын хандлага өөрчлөгдөв. Тухайн үед тэрбээр “Би Тэйлорын хөгжмийг өмнөхөөсөө 25 хувиар багахан дуртай болсон” хэмээн Цагаан ордны сэтгүүлчдэд ярьж байжээ.
billboard.com