Дэлхийн хамгийн том, хамгийн хуучин мөсөн уул болох A23a нь сар гаруй далайн эргүүлэгт эргэлдсэний дараа дахин хөдөлгөөнд орсон байна. Британийн Антарктидийн судалгааны баг өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэл хийж, энэ асар том мөсөн уул Өмнөд далайг хөндлөн туулж буйг зарлажээ. Энэ мөсөн уулын аялал нь эрдэмтдэд аварга мөсөн уулс ойр орчны экосистемд хэрхэн нөлөөлдгийг судлах онцгой боломж олгож байна.
“Удаан хугацаанд гацсан A23a дахин хөдөлж байгааг харах гайхалтай байна. Бид энэ мөсөн уул Антарктидаас салсан бусад том мөсөн уулын адил замаар явах эсэхийг, мөн хамгийн чухал нь орон нутгийн экосистемд ямар нөлөө үзүүлэхийг сонирхож байна” хэмээн Британийн Антарктидийн судалгааны багийн далай судлаач Эндрю Мэйжерс мэдэгдэлдээ дурджээ.
A23a нь ойролцоогоор нэг их наяд тонн жинтэй бөгөөд энэ оны наймдугаар сарын байдлаар 1,418 хавтгай дөрвөлжин миль (3,672 хавтгай дөрвөлжин километр) талбай эзэлдэг гэж CNN мэдээлсэн байна. Энэ нь Их Лондонгийн хэмжээнээс хоёр дахин том буюу Род-Айленд мужаас арай илүү том гэсэн үг юм. A23a нь удаа дараа дэлхийн хамгийн том мөсөн уул хэмээх цолыг авч байсан бөгөөд олон том өрсөлдөгчдийг ардаа орхиж чаджээ.
A23a нь 1986 онд Баруун Антарктидын Филчнер-Ронны мөсөн тавцангаас байгалийн үйл явцын улмаас салсан ч бараг тэр даруй Өмнөд Оркнийн арлуудын хойд хэсэгт далайн ёроолд гацсан байна. Харин 2020 онд энэ мөсөн уул чөлөөлөгдөж, Ведделлийн тэнгисээр хөвж байсан ч усан доорх уулсын орчимд эргүүлэг үүсгэдэг “Тэйлорын багана” хэмээх далайн үзэгдэлд дахин гацжээ.
DO YOU WANT TO BREAK FREE!?
— British Antarctic Survey 🐧 (@BAS_News) December 13, 2024
Well, you’re not alone – Iceberg #A23a, the world’s largest and oldest #iceberg, is on the move!
Learn how it escaped 👇https://t.co/MQHd8TfVSL pic.twitter.com/G3J0U2KfFz
A23a мөсөн уулын аялал үргэлжилсээр байна
Британийн Антарктидийн судалгааны багийн мэдээлснээр, A23a саяхан өөрийг нь хөдөлгөөнгүй барьж байсан эргэлдэх уснаас чөлөөлөгджээ. Эрдэмтэд мөсөн уулыг Антарктидийн тойрог урсгалаар хөвсөөр Өмнөд Жоржиа арал орчмын дулаан ус руу чиглэнэ гэж таамаглаж байна. Тэнд хүрсэн үедээ мөсөн уул тоо томшгүй жижиг хэсгүүд болон хагарч, эцэст нь хайлах төлөвтэй байна.
Нэг жилийн өмнө, Британийн Антарктидийн судалгааны багийн эрдэмтэд BIOPOLE төслийн хүрээнд Ведделлийн тэнгисийн туйлын экосистемийг судлах явцдаа A23a-г ажиглажээ. RRS Sir David Attenborough хөлөг онгоцноос тэд энэ асар том мөсөн уулыг гэрэл зургаар баримтжуулж, ойр орчмын уснаас дээж авсан байна.
“Эдгээр аварга мөсөн уул нь өөрсдийн хөвөх замдаа усанд тэжээллэг бодис нийлүүлж, ерөнхийдөө үржил шим багатай бүс нутагт хөгжиж буй экосистемийг бий болгож чаддаг. Гэхдээ тодорхой мөсөн уулууд, тэдгээрийн хэмжээ, гарал үүсэл энэ үйл явцад ямар ялгааг бий болгож болохыг бид одоогоор сайн мэдэхгүй байна” гэж BIOPOLE төслийн биогеохимич Лаура Тэйлор хэлжээ.
Тэрээр цааш нь “Бид мөсөн уулын араас, хажуу талаас болон өмнөөс нь далайн гадаргын усны дээж авсан. Эдгээр дээж нь A23a орчим ямар амьдрал үүсэж болохыг, мөн далай дахь нүүрстөрөгч, түүний агаар мандалтай тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоход тусална” гэж нэмж хэлэв.
A23a мөсөн уул хичнээн хугацаанд дэлхийн хамгийн том мөсөн уул хэмээх цолоо хадгалах нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүний далайн аялал Антарктидын далайн экосистемийн талаар ямар нээлтүүдийг авчрахыг харах л үлдлээ. Үнэндээ бид энэ мөсөн уулын зөвхөн “оройг” нь л олж хараад байна уу даа!
gizmodo.com