Сүүлийн саруудад хоёр тулаанчийн нэр нэг дор байнга дурдагдаж байгаа ч Жонс түүнийг эсэргүүцэн, тулалдахаас татгалзсаар буй. Жонс одоогоор ямар ч тулаанд гарын үсэг зураагүй байгаа ч сошиал орчинд Аспиналд чиглэсэн шоглол, егөөдлөө үргэлжлүүлж байна.
Саяхан Том Аспинал домогт тулаанч Деметриус Жонст өгсөн ярилцлагадаа:
“Би Жон Жонсыг хүлээгээгүй. Зүгээр л үнэмлэхүй аварга гэдгээ батлах боломжийг хүсэж байна” хэмээн хэлсэн юм.
Харин Жонс энэ ярилцлагын талаар Verdict MMA-ийн Instagram хуудсанд “Shut your mouth and do as you’re told” буюу “Амаа хамхи, чамд гэж хэлэхэд хэлсэн шигээ хий” хэмээн сэтгэгдэл үлдээж, ээлжит дайралтаа хийв.
Жонс, Аспинал нарын боломжит тулаан UFC-ийн хүнд жингийн хуваарьт хамгийн их хүлээлттэй сэдвийн нэг болоод байгаа ч энэ мэт мэдэгдлүүд уг тулааныг ойрын хугацаанд биеллээ олох магадлалыг улам бүр бүдгэрүүлсээр байна.
Jon Jones responds to Tom Aspinall saying that he “doesn’t care about fighting Jon Jones and just wants to be undisputed champion”
“Shut your mouth and do as you’re told. ”
via @VerdictMMA IG pic.twitter.com/wpuFp1DhXL
— ACD MMA (@acdmma_) May 23, 2025
37 настай Жон Жонс дахин хэзээ октагонд гарах талаар ямар ч тодорхой хугацаа заагаагүй хэвээр байгаа нь хүнд жингийн ангиллыг тодорхойгүй байдалд оруулсаар байна.
2023 онд хүнд жингийн бүсийг гуядаж авснаас өмнө Жонс хагас хүнд жинд ноёрхож, нийт 14 аваргын тулаанд ялалт байгуулсан бөгөөд домогт тулаанчдыг ээлж дараалан ялж, түүхэнд өөрийн байр суурийг баталгаажуулсан билээ. Тэрбээр нийт 28 ялалт, 1 ялагдалтай. Ганц ялагдал нь Мэтт Хамиллтэй хийсэн тулаанд хасах онооны шийтгэл авснаас болсон бол, Даниэл Кормьетэй хийсэн нэг тулаан нь допингийн сорилд бүдэрч хүчингүйд тооцогдсон байдаг.
Ийнхүү гайхалтай замнал туулсан ч сүүлийн үед Жонсын идэвхгүй байдал, шүүмжлэл дагуулсан мэдэгдлүүд нь олон үзэгчдийг бухимдуулж эхэлсэн. Зарим нь түүнийг аваргын бүсээс нь чөлөөлөх хэрэгтэй гэж байгаа бол, Роберт Уиттакер зэрэг тамирчид Жонс-Аспиналын маргааныг “уйтгартай” хэмээн илэрхийлж байна.
Нөгөө талд, 32 настай Том Аспинал бараг нэг жил тулалдаагүй ч 2024 оны долдугаар сард болсон UFC 304-т нутгийнхаа дэвжээн дээр Кёртис Блэйдсыг ердөө 60 секундэд нокаутаар ялж, анхны UFC ялагдлаа (гэмтлийн улмаас болсон) хариулсан. Тэрбээр UFC-д 8 ялалт, 1 ялагдалтай бөгөөд бүх ялалтаа нокаут эсвэл боолтоор авсан юм.
Аспинал үнэмлэхүй аваргын төлөө тулах хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч Жонсын талд энэ тухайд ямар ч хариу алга хэвээр.