Скотт Мактоминэй Наполигийн хамтаар Сери А-гийн түрүүг хүртэж, улирлын шилдэг тоглогчоор (MVP) шалгарлаа. Тэрбээр Манчестер Юнайтедээс явсныхаа дараа Италид шинэ амжилтын хуудас нээж, багийнхаа гол тоглогчдын нэг болж чаджээ.
Баасан гарагийн орой Кальяриг 2:0-ээр хожсон тоглолтод Мактоминэй эхний гоолыг оруулж, Наполиг Интер Миланыг нэг оноогоор ардаа орхин Скудетто авахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Тоглолтын сүүлийн шүгэл үлээсний дараа талбай дээр сөгдөн нулимс унагасан тэрбээр:
“Энэ багийн тоглогч бүрийн зүтгэл үнэхээр гайхалтай. Хөгжөөн дэмжигчид эхний өдрөөс л бидний ард бат зогссон. Над шиг энд ирж, ийм зүйл мэдэрнэ гэж зүүдэлж ч байгаагүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
28 настай тоглогчийн амьдрал Наполи хотод хурдан зохицсон бөгөөд фэнүүд нь түүнийг “McFratm” гэх шинэ хочоор нэрлэж эхэлсэн. “Fratm” нь Неаполийн аялгаар “ах минь” гэсэн утгатай үг юм.
“Итали хэлээр ойлгоход гайгүй ч ярихад арай төвөгтэй. Англи хэл мэдэхгүй хүмүүстэй харилцах нь амар байдаг. Гэхдээ би энд маш их хайр, дэмжлэгийг мэдэрч байна” хэмээн тэрээр ярьжээ.
Өнгөрсөн зун Скотт Мактоминэй Наполид £25 саяын үнэ бүхий гэрээгээр нэгдсэн нь Манчестер Юнайтедтай 22 жилийн турш үргэлжилсэн замналыг нь дуусгасан томоохон өөрчлөлт болсон. Антонио Контегийн удирдлагад тэр даруй гол тоглогчийн байр сууринд гарч, улирлыг Сери А-гийн 12 гоолтой дуусгасан нь түүнд улирлын шилдэг тоглогч цолыг авчирлаа.
Конте энэ сарын эхээр Мактоминэйгийн өсөлтийн талаар ярихдаа:
“Тэр өөрийгөө илүү бүрэн гүйцэд, илүү ухаалаг тоглогч мэт мэдэрч байгаа. Одоо карьерынхаа гол шийдвэрээ гаргах үе шатанд орж ирж байна. Манчестер Юнайтедэд тэр хэзээ ч голлох үүрэг хүлээж байгаагүй, харин энд бид түүнийг тэр үүрэгт тавьсан. Тэр тууштай хөдөлмөрлөсөн, одоо бол тэр жинхэнэ бүрэн тоглогч” хэмээн онцолжээ.
Наполигийн зуны дахин бүрдүүлэлтийн бас нэг чухал шилжилт болох Ромелу Лукаку мөн Кальяритийн эсрэг тоглолтод хоёр дахь гоолыг оруулж ялалтыг баталгаажуулсан. Түүний энэ улирлын 14 дэх гоол байсан бөгөөд лигийн тэргүүлэгч 10 дамжуулалтын эзэн болж байна. Конте Наполигийн дасгалжуулагчийн ажлыг авсныхаа дараа Мактоминэй болон Лукаку хоёрыг авахыг нэн тэргүүний зорилт болгосон бөгөөд улирлын төгсгөлд Сери А-гийн “Шилдэг дасгалжуулагч”-аар нэрлэгдсэн.
Сери А-гийн улирлын шагналууд дараах байдлаар тодров:
- Шилдэг хаалгач – Ромагийн Миле Свилар
- Шилдэг хамгаалагч – Интерийн Алессандро Бастони
- Шилдэг хагас хамгаалагч – Миланы Тижжани Рейндерс
- Шилдэг довтлогч – Аталантагийн Матео Ретеги
- Шилдэг залуу тоглогч (U23) – Комогийн довтлогч Нико Пас