Найруулагч Кристофер Нолан энэ удаа урьд өмнөхөөсөө ч илүү цар хүрээтэй бүтээлээрээ үзэгчдийн анхаарлыг татахаар бэлтгэж байна. Түүний шинэ уран бүтээл болох “Одиссей” кино бүхэлдээ Imax камераар зураг авсан анхны бүрэн хэмжээний кино болох бөгөөд 2026 оны 7-р сарын 27-нд дэлхийн кино театруудад нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Нолан энэхүү киногоо Гомерын сонгодог тууль “Одиссей”-гоос сэдэвлэн бичсэн бөгөөд “Oppenheimer” киног хамтран бүтээсэн Universal Pictures студитэй дахин нэгдэн ажиллаж байна. Тус кинонд Мэтт Дэймон, Том Холланд, Зендая, Анн Хэтэуэй зэрэг олон алдартай жүжигчид дүр бүтээж байгаа юм.
Найруулагч өмнө нь “The Dark Knight” (2008) киногоор анх Imax камерыг зарим хэсэгт ашиглаж байсан бол түүнээс хойш “Interstellar,” “Dunkirk,” “Tenet,” “Oppenheimer” зэрэг бүтээлүүддээ энэхүү технологийн хэрэглээг улам тэлсээр ирсэн. Харин “Одиссей” бол эхнээс нь дуустал зөвхөн Imax камераар зураг авсан анхны бүтээл болж түүхэнд бичигдэх гэж байна.
Киноны зураглаачаар Ноланы байнгын хамтрагч Хойте ван Хойтема ажиллаж байгаа бөгөөд тэрээр “Oppenheimer” киноны зураглалын төлөө Оскарын шагнал хүртэж байв. Түүний хэлснээр 65мм-ийн хар, цагаан хальс анхнаасаа байдаггүй байсан тул Кодиак компанитай хамтран шинэ төрлийн хальс бүтээх шаардлагатай болжээ. Мөн Imax камеруудыг ч мөн тусгайлан дахин зохион бүтээсэн байна.
Universal Pictures студийн түгээлтийн захирал Жим Оррын хэлснээр “Одиссей” нь “үе үеийн онцгой уран бүтээл болж, Гомер өөрөө бахархах байсан ч байж мэднэ” хэмээн онцолсон юм.
Ноланы шинийг эрэлхийлсэн энэхүү төсөл нь орчин үеийн кино урлагийн технологи, уран бүтээлийн дээд оргилуудын нэг болох нь дамжиггүй.
variety.com