Парис ФК өнгөрсөн баасан гарагт Мартигтай 1–1 харьцаагаар тэнцэж, 36 жилийн дараа Францын дээд лигт дэвших эрхээ авсан юм. Энэхүү амжилтын дараа ч тэд Мбаппег нутагтаа эргүүлэн авчрах бодолгүй байгаагаа мэдэгдлээ.
1972 онд Парис Сен-Жермен клубээс салж байгуулагдсан Парис ФК ирэх улирлаас эхлэн гэрийн тоглолтуудаа Stade Jean-Bouin цэнгэлдэх хүрээлэнд хийх бөгөөд энэ нь Парисын алдарт Parc des Princes цэнгэлдэхийн яг эсрэг талд оршдог. Үүний улмаас Лиг 1-д ноёрхож буй ПСЖ баг шинэ хөршөөсөө ирээдүйд бодит өрсөлдөөн хүлээж болох юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Францын тэрбумтан Бернар Арно клубын 52.4 хувийг албан ёсоор худалдан авсан бол спортын бүтэц, менежментийг удирдах зорилгоор Red Bull мөн бага хувийн хувьцаа эзэмших болсон.
Хэдий ийм дэмжлэгтэй ч клуб томоохон од тоглогчдыг, ялангуяа өнгөрсөн зун Реал Мадрид руу явсан ПСЖ-ийн хуучин од Мбаппег буцаан авчрах төлөвлөгөөгүй байна.
Парис ФК-ийн захиргааны зөвлөлийн гишүүн Мишель Денизо “L’Équipe” сонинд өгсөн ярилцлагадаа:
“Мбаппег Парист эргүүлэн авчрах санаа бидэнд байхгүй. Харин бидний зорилго бол Парисын бүс нутгаас гаралтай тоглогчдоор бүрэлдсэн баг бүрдүүлэх явдал.” гэжээ.
Парис ФК 1978–79 оны улирлын дараа анх удаа Лиг 1-д тоглох гэж байгаа ба тэдний улирлын төсөв 70–100 сая еврогийн хооронд байх төлөвтэй.
Стефан Жиллигийн удирдсан баг энэ бямба гарагт Аяччотой хийж буй тоглолтоор Лиг 2-ийн улирлаа дуусгана. Хэрэв тэд ялалт байгуулж, зэрэгцэн Лориан Мартигтай хийж буй тоглолтод ялагдвал Парис ФК аварга болж дэвших боломжтой.