Харри Магуайр энэ улиралд багийн тоглолтод сэтгэл дундуур үлдсэн фенүүддээ талархал илэрхийлж, тэдний итгэлийг хариулахын төлөө бүхнээ зориулах болно гэдгээ мэдэгдлээ.
Маргааш шөнө Манчестер Юнайтед Тоттенхэмтэй Европын лигийн шигшээ тоглолтод тулж, улирлын сүүлчийн цомын төлөө, мөн Аваргуудын лигт оролцох эрхийн төлөө өрсөлдөнө.
Рубен Аморимын удирдсан баг Премьер лигийн хүснэгтийн 16-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Тоттенхэмээс нэг байр, нэг оноогоор илүү байна. Энэ нь 1992 онд Премьер лиг шинэчлэгдсэнээс хойших хамгийн доогуур байрт тооцогдож байгаа ч фенүүд нь улирал даяар багаа тууштай дэмжсээр ирсэн юм.
Тоглогчдыг ч гайхашруулсан үнэнч байдал
Магуайрын хэлснээр фенүүдийн тууштай дэмжлэг багийн хувцас солих өрөөнд хүртэл мэдрэгдэж байгаа аж.
Тэрбээр ESPN-д өгсөн ярилцлагадаа:
“[Фенүүд] энэ улиралд үнэхээр гайхалтай байсан. Бидний хувьд тэдний дэмжлэг хичнээн үнэнч, хүчтэй байгааг харах нь үнэхээр гайхмаар.
Бид тэднийг дэндүү олон удаа гонсойлгосон. Европын лигт тэдэнд баяр баясал өгсөн мөчүүд бий, мөн Этихад дээр Ман Ситиг хожсон тоглолт ч байна. Гэхдээ тэдний дэмжлэг намайг ч хүртэл гайхшруулсан.
Бид муу тоглож байсан ч тэдний өмнө тоглоход ямар сайхан мэдрэмж төрдгийг хэлэхийн аргагүй.
Тийм ч учраас би тэд энэ шагналыг хүртэх ёстой гэж бодож байна. Бидэнд энэ цомыг хүртэж, фенүүддээ мартагдашгүй өдрийг бэлэглэх боломж бий. Гэхдээ тэр өдөр зөвхөн бид ялж, цомтой ирж чадвал л гайхамшигтай байх болно” хэмээн онцолжээ.
If you do one thing today, make sure you watch this. pic.twitter.com/V7uCjISGmb
— Manchester United (@ManUtd) May 19, 2025
Премьер лиг дэх уналтад бүрэлдэхүүний эргэлт нөлөөлсөн гэж Магуайр үзэж байна
Сүүлийн долоо хоногуудад Рубен Аморим бүрэлдэхүүнээ тогтмол эргүүлэн, Премьер лигийн оронд Европын лигийг илүү чухалчилж ирсэн. Учир нь уг тэмцээнд түрүүлэх нь Аваргуудын лигт оролцох эрх авчрах том шагналтай билээ.
Харин Харри Магуайрын үзэж буйгаар энэ шийдвэр нь дотоодын лигт үргэлжилсэн муу үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн бөгөөд Манчестер Юнайтед өдгөө найман тоглолт дараалан хожоогүй байна.
“Энэ улирал бидний хувьд огтхон ч хангалтгүй болсон гэдгийг бид мэдэж байна,” хэмээн тэр нэмж хэлжээ.
“Ямар ч эргэлзээгүй, маш хүнд улирал байлаа. Сүүлийн хоёр сарын хугацаанд, их зүйл хэлэхгүйгээр хэлэхэд, бид гарааны бүрэлдэхүүнээ Европын лигт илүү төвлөрүүлсэн.
Энэ нь сэтгэл гонсойлгосон зүйл. Ийм байх ёсгүй. Хоёр сарын өмнө бид Европын лигийн эрхийн төлөө, Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж байх байр сууринд байх ёстой байсан. Энэ бол Манчестер Юнайтедын түвшин, шаардлага.
Бид бүгд энэ улирал баг болон бидний стандартын хувьд огт хүрэлцээтэй байгаагүй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ ирэх улирал бид илүү дээр тоглолт үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.