1993 оны аравдугаар сарын 6-нд Майкл Жордан сагсан бөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарласан. Тэрээр тоглох хүсэл эрмэлзэлээ алдсан, мөн эцгийнх нь гэнэтийн нас баралттай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм.
Тухайн үед дэлхийн хамгийн шилдэг тоглогч гэгдэж байсан Жордан ердөө 30 настайдаа буюу оргил үедээ ийм шийдвэр гаргасан нь NBA ертөнцийг цочроосон билээ. Харин үүнээс ч илүү гайхаш төрүүлсэн зүйл нь түүний бейсболын замнал байсан. Жордан Чикаго Уайт Сокс багтай Minor League-ийн гэрээ байгуулж, бейсболчин болохыг мөрөөддөг байсан эцгийнхээ хүслийг биелүүлэхээр шийдсэн.
Гэвч 1995 оны гуравдугаар сард тэр бейсболыг орхиж, хоёрхон үгээр эргэн ирэлтээ зарласан нь NBA-ийн түүхэнд домог болсон: “I’m back.”
Хожим, Чикаго Буллс дахин аварга болж, 1996 оны зуны улиралд Майкл Жордан чөлөөт агент болсон. Тэр үед Жордан нөхөр, Нью-Йорк Никс багийн төвийн тоглогч Патрик Юингийн жишгээр нэг улирлын өндөр цалинтай гэрээ байгуулах сонирхолтой байжээ.
Юинг 1995/96 оны улиралд тухайн үеийн хамгийн өндөр цалин болох 18 сая ам.долларын “balloon payment” буюу нэг улиралд бөөнөөр авдаг гэрээтэй байсан юм. Энэ үеэр Нью-Йорк Никс баг ч Жорданыг элсүүлж, хоёр найзыг нэг багт тоглуулахын төлөө шаргуу хөөцөлдөж байв.
Chicago Tribune-ийн мэдээлснээр, Жордан эхэндээ Буллс багтай хэлэлцээ хийж байсан бөгөөд баг нь түүнд өмнөх улирлуудад “Бага цалин авч байсан”-ыг нөхөн төлөх маягаар нэг улирлын 20 сая ам.долларын гэрээ санал болгожээ.
Гэвч ITT-Sheraton болон Cablevision Inc.-ийн түншлэлд харьяалагдаж байсан Никс баг санхүүгийн хувьд уян хатан бодлого баримталж, цалингийн дээд хязгаараас $12 саяыг чөлөөлсөн байв. Улмаар тэд Аллан Хьюстон, Крис Чайлдс, Бак Уильямс нарыг элсүүлсэн ч гол бай нь Майкл Жордан байсан юм.
“Бид Жорданд бүх цалингийн багтаамжаа зориулж болно гэж хэлсэн,” хэмээн Madison Square Garden-ийн ерөнхийлөгч Дэйв Чекеттс хожим дурссан байдаг.
Тэр үед Жорданд зориулсан гэрээний хэлэлцээ $25 сая орчимд хүрсэн бөгөөд Жордан ч Юинг, Хьюстон, Ларри Жонсон, Чарльз Оакли нарын бүрэлдэхүүнтэй Никс баг аварга авч чадна гэдэгт итгэлтэй байсан гэдэг.
Гэсэн ч эцэст нь бүх зүйл мөнгө дээр шийдэгдсэн. Жорданын агент Дэвид Фалк илүү ихийг санал болгохыг Никс багт шахаж, улмаар Буллсын эзэн Жерри Рейнсдорфтай түүхэн яриа өрнүүлжээ. Тэр ярианд Фалк:
“Танд нэг цаг, магадгүй өнөөдөр дуусах хүртлэх хугацаа байна. Никсийн $25 саяын саналтай өрсөлдөх эсэхээ шийд.”
гэж хэлсэн байдаг.
Эцэст нь Буллс хариу арга хэмжээ авч, Майкл Жорданыг нэг улирлын $30 саяын гэрээгээр багтаа үлдээжээ. Энэ нь тухайн үеийн хувьд санаанд оромгүй өндөр дүн байсан бөгөөд өнөөгийн ханшаар ойролцоогоор $50 саятай тэнцэх юм.
Энэ бүхэн үнэхээр Никс рүү явах гэсэн шийдвэр байв уу, эсвэл зөвхөн Буллс-аас илүү мөнгө татахын тулд хийсэн төлөвлөгөө байв уу гэдэг асуулт өнөөг хүртэл хариултгүй үлдсэн NBA-ийн хамгийн том домгуудын нэг хэвээр байна.
opencourt-basketball.com