Майкл Чандлер Конор МакГрегортой хийх байсан тулааны хоёр жилийн сунжирсан хүлээлтээс урагшилж, Ирландын од дахин октагонд гарах эсэхэд эргэлзэж эхэлжээ.
Чандлер анх The Ultimate Fighter шоуны 31 дэх улирлыг МакГрегортой хамт дасгалжуулагчаар ажиллахаар гэрээ байгуулж байсан нь бараг л үе улирсан түүх мэт санагдаж байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд хөнгөн жингийнхэн UFC 303-т тулалдах ёстой байсан ч тулаан болоогүй. Харин Чандлер өнгөрсөн арваннэгдүгээр сард Чарльз Оливейратай таван үеийн тулаан хийж, одоо дөрөвдүгээр сард UFC 314-ийн дэд оргил тулаанд Пэдди Пимблетттэй нүүр тулан зогсохоор бэлтгэж байна.
Харин нөгөө талд, МакГрегор одоо хүртэл ямар нэгэн тулаанд ороогүй, бүр ирээдүйн тулааныхаа товыг ч зарлаагүй байгаа нь түүнийг UFC-д сүүлчийн удаа тулалдсан байх магадлалтай гэсэн таамгийг улам хүчтэй болгожээ.
“Сэтгэл зүрхнийхээ гүнээс би түүнийг эргэн ирнэ гэж бодож байна” гэж Чандлер MMA Fighting-д ярихдаа хэлжээ. “Тэр зүгээр л ийм байдлаар карьераа дуусгахыг хүсэхгүй. Сүүлчийн тулаандаа Дастин Порьегийн эсрэг хөлөө хугалж, дараа нь ‘тулааны спортын түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлт’ хийнэ гэж зарлаж, The Ultimate Fighter-д оролцож, надтай тулалдахаар гарын үсэг зурсан ч дахин гэмтэл авч, бүх зүйл нурсан.”
Гэхдээ логик сэтгэлгээгээр харвал, бооцоо тавьдаг хүн байсан бол МакГрегорын эргэн ирэлтийн магадлалыг хэрхэн дүгнэх вэ?
“Үгүй. Миний бодлоор түүний дахин тулалдах магадлал тун бага.”
МакГрегор UFC-д хамгийн сүүлд 2021 онд тулалдаж, Дастин Порьетай хийсэн гурав дахь тулаандаа хөлөө хугалж байв. Тэр гэмтлээ эдгээсний дараа Чандлертай тулалдах төлөвлөгөөтэй байсан ч сүүлийн үед Bare Knuckle Fighting Championship (BKFC)-ийн хамтран эзэмшигч болсноор энэ лигийг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, мөн өөрийн шар айрагны брэндийг өргөжүүлэхэд ихээхэн цаг зарцуулж байна.
Үүн дээр нэмээд, түүний 37 нас долдугаар сард хүрэх гэж буй нь цаг хугацаа түүний эсрэг байгааг харуулж буй. Гэхдээ тэр асар их хөрөнгөтэй учраас хэрэв хүсвэл хэзээ ч тулалдахгүй байх сонголт түүнд бий.
“Тэр ер нь л гялалзсан шинэ зүйл харагдвал тэр зүгт татагдаж явчихдаг хүн. Өөрийгөө тийм байгаагүй гэж хэлэхгүй, магадгүй бидэнд тийм боломж байсан бол бид ч бас тэгэх байсан. Тиймээс би түүнд хатуу шүүмжлэлтэй ханддаггүй. Учир нь чи тэр хүний оронд нэг өдөр ч болов амьдарч үзээгүй бол түүнийг шүүмжлэх эрхтэй юу?”
Чандлерын хувьд МакГрегорыг ирэх эсэхэд хэт их найдлага тавихгүй байгаа ч хэрэв буцаж ирвэл тулаан нь түүгээр дамжин өнгөрөх нь тодорхой гэж үзэж байна.
Гэхдээ Чандлерын хувьд МакГрегортой хийх тулаанд хэт их цаг зарцуулсан гэх шүүмжлэл байсаар ирсэн. Гэсэн ч тэр өнгөрсөн хугацаанд хийсэн сонголтуудаа харамсдаггүй.
“Конортой холбоотой бүх зүйлд би харамсдаггүй. Учир нь цаанаа UFC ч энэ тулааныг бодитоор хийхийг хүсэж байсан. Гэхдээ нэг л зүйл ойлгомжтой болсон. Тэр ойрын хугацаанд эргэж ирэхгүй. Тиймээс би цааш хөдөлж байна.”
Чандлер UFC-д элссэнээсээ хойш 28 сарын хугацаанд таван удаа тулалдаж, дэлхийн аваргын бүсийн төлөө тулаан хийж, шилдэг тулаануудын нэгийг өрнүүлсэн. Өмнө нь Bellator-д байхдаа 13 сарын дотор зургаан тулаан хийж байсантайгаа харьцуулахад тэр үргэлж тулааныг эрхэмлэдэг нэгэн байсаар иржээ.
“Хүмүүс намайг МакГрегорыг хэт их хүлээлээ, цаг алдлаа гэж шүүмжилдэг. Гэхдээ би The Ultimate Fighter-д орох, Конортой тулалдах гэрээнд гарын үсэг зурсан. Тиймээс энэ тулааныг хүлээж, бүтэх эсэхийг нь харсан. Гэхдээ тэр эргэн ирэхгүй бол би цааш үргэлжлүүлнэ.”
Тиймээс тэр одоо Пэдди Пимблетттэй хийх тулаандаа төвлөрч, улирлыг ялалтаар эхлүүлэх зорилготой байна.
“Энэ спортод ‘Чи сүүлд юу хийсэн бэ?’ гэдэг л хамгийн чухал асуулт. Тиймээс дөрөвдүгээр сарын 12-нд Майамид би гайхалтай тулаан хийх болно.”
Хэрэв МакГрегор хэзээ нэгэн цагт эргэн ирэх юм бол, Чандлер тулаанд гарахад бэлэн гэдгээ дахин мэдэгдэж байна. Гэхдээ тэр түүнийг ирнэ гэж найдахаа больжээ.
“Би буруу моринд бооцоо тавьсан. Одоо би зөвхөн өөртөө бооцоо тавина. Оливейратай тулалдаж ялагдсан ч, дахин өөрийгөө сорих цаг ирлээ. Дөрөвдүгээр сард Пимблеттийг ялж, энэ жил гурван тулаан хийх зорилготой байна. Харин Конор эргэн ирэх юм бол, түүнтэй хийх тулаан Нэшвилль хотоор дамжин өнгөрнө гэдгийг мэдэж ав!”
mmafighting.com