in

Майкрософт гар зөөврийн компьютерийн зах зээлд Windows болон Xbox-ийг хэрхэн уялдуулж байгааг эндээс харж болно

Хоёр шинэ Xbox Ally төхөөрөмж нь гар зөөврийн тоглоомын компьютерт Майкрософтод нэн шаардлагатай байсан сайжруулалтуудыг авчирч байна.

Майкрософт гар зөөврийн компьютерийн зах зээлд Windows болон Xbox-ийг хэрхэн уялдуулж байгааг эндээс харж болно

Microsoft болон Asus компаниуд гар зөөврийн компьютеруудад зориулсан шинэ бүрэн дэлгэцтэй Xbox туршлагыг багтаасан хоёр ROG Xbox Ally төхөөрөмжийг танилцууллаа. Энэ оны эхээр Майкрософт “гар зөөврийн төхөөрөмжид Xbox ба Windows-ийн шилдгийг хослуулах” амлалт өгсөн бол одоо тэрхүү амлалтаа биелүүлж, Xbox app, Game Bar болон Windows-ийг хэрхэн шинэчлэн боловсруулж, SteamOS-той илүү өрсөлдөх чадвартай болгож байгаагаа дэлгэж байна.

Steam Deck гурван жилийн өмнө гарснаас хойш Майкрософт SteamOS-ийн давуу талд хариу өгөх шаардлагатай болсон. Үүнээс хойш тус компани Xbox-ийн app болон Xbox Game Bar-ийг Windows дээр гар зөөврийн хэрэглээнд илүү нийцтэй болгохоор шат дараатай сайжруулалт хийсээр ирсэн. Гэхдээ үүнээс гадна Windows өөрөө илүү том хэмжээний шинэчлэл шаардсан бөгөөд энэ шинэчлэлийн эхлэл өнөөдөр ил болж эхэллээ.

Xbox-ийн Төхөөрөмж, экосистемийн дэд ерөнхийлөгч Роанн Соунес The Verge сайтад өгсөн ярилцлагадаа:
“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бид энэ чиглэлд маш их ахиц гаргасан. Харин энэ төхөөрөмж бол багуудыг урамшуулж, нэг зорилго дор нэгтгэсэн, тоглогчдын гарт хүрэх мөчийг тэсэн ядан хүлээж буй бүтээгдэхүүн юм” гэж онцоллоо.

Xbox Ally X төхөөрөмж нь өөрийн гэсэн Xbox логотой тусгай асаалтын дэлгэцтэй бөгөөд шууд Windows дээрх Xbox апп руу ордог.

Microsoft энэ долоо хоногийн эхээр The Verge сайтад зориулан Windows болон Xbox-ийг гар зөөврийн төхөөрөмжид тохируулан хэрхэн нэгтгэж байгаагаа танилцуулсан боловч үзүүлбэр нь виртуал байсан тул бид бүрэн туршиж амжаагүй байна. Энэхүү шинэ туршлага нь ROG Xbox Ally төхөөрөмжийг асаахтай зэрэгцэн Xbox-ийн шинэ бүрэн дэлгэцтэй горимд шууд орж, Xbox app болон Game Bar-д төвлөрөхөөс гадна таны бүх PC тоглоомууд /Steam-ийнх ч багтана/ руу хандах эхлэл цэсийн үүрэг гүйцэтгэх юм.

“Бид Xbox-ийн үйлдлийн систем дээр 20 гаруй жил ажилласан мэргэжилтнүүдийг Windows-ийн үндсэн код дээр ажиллуулж, энэ төрлийн төхөөрөмжид зориулан ямар үйлдлийн систем байх ёстойг шинээр сэтгэн бүтээх ажилд оруулсан” хэмээн Xbox-ийн туршлагын дэд ерөнхийлөгч Жэйсон Бомонт тайлбарлалаа. “Энэ хоёр хүчин зүйл нийлснээр бид олон шинэ функц бүтээх нөхцөл бүрдсэн.”

Шинэ Xbox-ийн бүрэн дэлгэцтэй интерфэйс нь Xbox app-ийн compact (шахмал) горимыг бүрэн ашиглаж, уламжлалт Windows-ийн desktop болон taskbar-ыг халсан хэлбэртэйгээр ROG Xbox Ally төхөөрөмж дээр ажиллана. “Тоглогч бүрэн дэлгэцтэй горимд нэвтрэх үед Windows-ийн олон зүйлс огт ачаалагдахгүй” хэмээн Бомонт онцолжээ. “Жишээлбэл, desktop-ийн ханын зураг, taskbar болон Windows-ийн бүтээмжид зориулагдсан үйл явцууд ачаалагдахгүй гэсэн үг.”

Xbox Ally X дээрх бүрэн дэлгэцтэй Xbox интерфэйс.

Та хүсвэл бүрэн дэлгэцтэй горимоос гарч, Windows-ийн үндсэн desktop-ийг нээж ашиглах боломжтой. Гэсэн ч анхдагчаар энэ орчин нууцлагдсан байна. “Бид анхаарлын самбар, цонх үсрэлт зэргийг эрс багасгасан. Мөн тоглогчдын санал хүсэлтийг үргэлжлүүлэн сонсож, сайжруулалтаа үргэлжлүүлнэ” гэж Xbox-ийн дэд ерөнхийлөгч Роанн Соунес хэллээ.

Бүрэн дэлгэцтэй Xbox апп нь одоо Windows дээрх Xbox app-тэй маш төстэй харагдах бөгөөд гол ялгаа нь таны Steam болон бусад дэлгүүрээс авсан бүх PC тоглоомууд Xbox Play Anywhere болон Game Pass-ийн тоглоомуудтай хамт нэг цэсэнд харагдана. Харин жинхэнэ шинэ зүйл нь Game Bar дээр бий.

“Сүүлийн жилд бид Game Bar-д олон сайжруулалт хийсэн бөгөөд энэ бүхний гол зорилго нь яг энэ төхөөрөмж байлаа” хэмээн Xbox-ийн програм хангамжийн ахлах инженер Брианна Потвин онцлов. Xbox Ally төхөөрөмж дээрх Xbox товчийг товшмогц Game Bar интерфэйс гарч ирнэ. Үүгээр дамжуулан Wi-Fi, Bluetooth зэрэг төхөөрөмжийн тохиргоо, Asus-ийн Command Center интерфэйс болон Microsoft-ийн шинэ Gaming Copilot-д хандах боломжтой. Харин Xbox товчийг удаан дарахад controller ашиглан тоглоом, аппликэйшн хооронд шилжих боломжтой, гар зөөврийн төхөөрөмжид ээлтэй шинэ төрлийн task switcher нээгдэнэ.

Шинэ сан нь Steam болон бусад эх сурвалжаас татсан PC тоглоомуудыг үзэх боломжтой.
Game Bar нь төхөөрөмжийн тохиргоонд хандах болон систем дотор хурдан шилжих боломжийг олгодог.

Энэ шинэ интерфэйсийг бүрэн туршиж байж Windows-ийн өөрчлөлтүүдийг бүрэн мэдрэх боломжтой боловч Майкрософт энэ удаагийн шинэчлэл нь зүгээр л Windows дээр өнгөц будаг түрхсэн хэрэг биш гэж амлаж байна. “Энэ бол гаднах дүр төрхөө өөрчилсөн төдий зүйл биш. Бид жинхэнэ утгаараа томоохон сайжруулалтууд хийсэн,” хэмээн Потвин хэллээ. “Windows-ийн зарим бүрдэл хэсгийг ачаалахгүй байхаар тохируулсан туршилтын эхний үр дүнгээс харахад, бүрэн дэлгэцтэй горимд тоглож байх үед тоглоомд буцаан хуваарилагдах RAM ойролцоогоор 2GB-аар нэмэгдэж байна.”

Энэ бол гар зөөврийн төхөөрөмж дээр Windows-ийн гүйцэтгэлийг сайжруулах чухал алхам боловч хэрэглэгчдийн хамгийн их шүүмжилдэг нэг асуудал бол idle (ашиглаагүй үед) горимын зайны зарцуулалт юм. Windows суурьтай төхөөрөмжүүд унтраалттай мэт байхад ч хэт их цэнэг хэрэглэдэг гэдэг шүүмжлэл байсаар ирсэн.

“Хэрэв та төхөөрөмжөө шинэ бүрэн дэлгэцтэй горимд асааж, дараа нь унтуулахад, энэ горим нь Windows-ийн уламжлалт desktop горимоос idle үед гурван дахин бага цахилгаан зарцуулж байна” гэж Потвин тайлбарлав. Майкрософт одоогоор зайны ашиглалт болон эрчим хүчний хэмнэлт дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд энэ жилийн сүүлээр төхөөрөмжүүд албан ёсоор худалдаанд гарахаас өмнө ч нэмэлт сайжруулалтууд хийгдэх магадлалтай.

Мөн тэд Windows-ийн lockscreen (түгжээтэй дэлгэц)-ийг шинэчилсэн бөгөөд одоо тоглоомын хянагч ашиглан PIN кодоор нэвтрэх, эсвэл түгжээтэй хэсгийн цэснүүд дунд controller ашиглан чөлөөтэй навигац хийх боломжтой болсон байна.

Энэхүү гар зөөврийн төхөөрөмжид тохирсон task switcher нь таныг аппликэйшнүүд болон тоглоомуудын хооронд хялбархан шилжих боломжтой болгодог.

Шинэчлэгдсэн Xbox апп нь таны бүх PC тоглоомуудын эхлэл цэс (launcher) болж ажиллах бөгөөд бүрэн дэлгэцтэй гар зөөврийн интерфэйст Windows апп болон бусад launcher-уудтай чөлөөтэй харилцах боломж хэвээр хадгалагдана. Майкрософт одоогоор “Steam, Epic Games Store болон бусад платформуудтай нягт хамтран ажиллаж, бүрэн дэлгэцтэй интерфэйсээ оновчтой болгохоор зорьж байна” гэж Роанн Соунес онцолсон юм. Энэ нь хэрэглэгчдэд бүх дэлгүүрээс авсан PC тоглоомын сангаа төвлөрүүлэн тоглох боломжийг хялбар болгоно гэсэн үг.

“Xbox апп доторх нэгдсэн тоглоомын сан нь бүх Windows 11 төхөөрөмжид ашиглах боломжтой болно” хэмээн Соунес хэллээ. Иймд удахгүй та өөрийн Steam дээрх бүх тоглоомуудыг ямар ч PC дээрх Xbox апп-аас харах боломжтой болно.

Мөн Майкрософт Valve-ийн “Steam Deck Verified” хөтөлбөртэй төстэй өөрийн системийг боловсруулж байгаа бөгөөд энэ нь тухайн тоглоом гар зөөврийн төхөөрөмжүүдэд тухайлбал Xbox Ally болон Xbox Ally X дээр хэрхэн оновчтой ажиллахыг харуулдаг болно. Үүнээс гадна Xbox Cloud Gaming болон Xbox-ийн консолоос Remote Play ашиглан өөрийн Xbox консолын тоглоомуудад гар зөөврийн төхөөрөмжөөс хандах боломжтой. Гэхдээ ихэнх консолын тоглоомнууд тухайн тоглоомын PC хувилбар байхгүй л бол, эсвэл Xbox Play Anywhere-д хамрагдаагүй бол шууд ажиллахгүй.

Эдгээр Windows-ийн шинэчлэлүүдийн хамгийн сайн мэдээ бол эдгээрийг ашиглахын тулд заавал шинэ төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй. “Бүрэн дэлгэцтэй Xbox интерфэйс нь эхний ээлжид ROG Xbox Ally болон ROG Xbox Ally X дээр нэвтрүүлэгдэнэ. Үүний дараа бид одоо худалдаанд байгаа ROG Ally, ROG Ally X төхөөрөмжүүдэд энэхүү шинэчлэлүүдийг хүргэхээр ажиллана” хэмээн Соунес тайлбарласан. “Түүнчлэн ижил төрлийн бүрэн дэлгэцтэй Xbox туршлага нь ирэх оноос бусад Windows суурьтай гар зөөврийн төхөөрөмжүүдэд ч нэвтрэх болно.”

Valve мөн ROG Ally дээр SteamOS-ийг дэмжиж байгаа тул тун удахгүй Microsoft ба Valve-ийн гар зөөврийн үйлдлийн системүүдийг нэг ижил техник хангамж дээр шууд харьцуулан туршиж үзэх боломж бүрдэх нь. Майкрософт энэ шинэчлэлүүдээрээ Lenovo зэрэг үйлдвэрлэгчдийг SteamOS руу хальтирч орохоос сэргийлж чадах эсэх нь тодорхойгүй байгаа ч, гар зөөврийн тоглоомын PC-гийн ирээдүйн хувьд Windows болон Linux хоёрын өрсөлдөөн бодитоор эхэлж байна.

theverge.com

What do you think?

NBA-д 200 сая долларын үнэлгээтэй тоглогч болохыг хүсэгчдэд өгсөн Леброн Жеймсийн  зөвлөгөө: Хамгаал тэгээд шид

NBA-д 200 сая долларын үнэлгээтэй тоглогч болохыг хүсэгчдэд өгсөн Леброн Жеймсийн зөвлөгөө: Хамгаал тэгээд шид