Поп од Майли Сайрус ойрын хугацаанд гарах шинэ цомог Something Beautiful-ийнхаа дөрөв дэх синглийг тавдугаар сарын 9-нд албан ёсоор цацлаа. Уг уран бүтээл нь түүний дотоод ертөнц, мэдрэмжийг илүү гүн илэрхийлсэн “эмоциональ” уур амьсгалтайгаар онцлог болжээ.
Киноны хөгжим шиг уянгалаг төгөлдөр хуур, гитар, хийл хөгжмийн аяс дээр Сайрус өөрийн хүчирхэг хоолойгоо бүрэн дүүрэн илэрхийлсэн байна. “Бидний хэн нэг нь нэг л өдөр сонголт хийх хэрэгтэй болохыг би мэдэж байсан,” хэмээн тэрээр дууны үгэндээ тунгаан дуулж, “Бидэнд алдах илүү их зүйл байгаа гэж би зүгээр л бодсон юм,” хэмээн үргэлжлүүлдэг.
Шинэ дуугаа цацахаас өмнөх долоо хоногт тэрээр дууныхаа хэсгүүдийг олон нийтийн сүлжээнд тасралтгүй цацаж байв. Түүнчлэн дуу гарахаас хоёр хоногийн өмнө YouTube сувагтаа “More to Lose” дууны хар цагаан үзүүлэн видеог байршуулжээ. Instagram хаягтаа байршуулсан нэг бичлэгтээ тэрээр дуу хэрхэн бүтсэн талаараа тайлбарлаж, хэсгээс нь эгшиглүүлсэн байна.
“Энэ дууг би нэг оролдлогоор дуулж бичихийг хичээсэн,” хэмээн тэрээр хар даашинзтайгаар камер руу ярьж байв. “Энэ бол илүү түүх шиг урсах дуу тул би түүнийг тасалдуулахыг, хэт төгс болгохыг хүсээгүй. ‘More to Lose’ төгс байх албагүй, зүгээр л уран, сэтгэл хөдөлгөм байгаасай гэж хүссэн.”
Уг сингл нь “Prelude,” “End of the World,” мөн цомгийн нэртэй гол дуу болох “Something Beautiful”-ийн араас дөрөв дэх бүтээл болж цацагдаж байгаа бөгөөд Something Beautiful цомог нь тавдугаар сарын 30-нд албан ёсоор гарах юм. Spotify-гийн Нью-Йорк дахь сонсголын үеэр Сайрус энэ 13 дуунаас бүрдэх цомгоо “миний зөвхөн хамгийн сайн цомог төдийгүй хамгийн ‘гей’ цомог” гэж хэлсэн нь шуугиан тарьсан.
“More to Lose” дууг доороос сонсоорой.
billboard.com