Цаг хугацаа бидэнд хэтэрхий ойлгомжтой санагддаг тул түүний оршихуйг төдийлөн эргэлзэн боддоггүй. Бидний цаг түнгэнэж, цаг хугацаа урсан өнгөрөхийг мэдэрдэг хийгээд үйл явдлуудыг нэг дараалсан цагийн шугамд холбодог. Гэвч онолын физикийн олон салбарт цаг хугацааг урагш урсдаг зүйл хэмээн ойлгодог үзэлд эргэлзэж эхэлжээ.
Зарим судлаачид цаг хугацаа үндсэн утгаараа оршдоггүй байж магадгүй гэж үздэг. Тэднийхээр бидний “Одоогийн урсгал” хэмээн итгэдэг ойлголт маань зүгээр л мэдрэхүйн төөрөгдөл байж болох аж.
Өдөр тутмын амьдрал дахь цаг хугацааны төөрөгдөл
Бидний өдөр тутмын амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхойлох хэрэгцээнд тулгуурладаг. Жишээлбэл, бид төлбөрөө цагтаа төлдөг, өглөө сэрэхийн тулд сэрүүлэг тохируулдаг.
Гэвч физикчдийн “Физикийн тэгшитгэлүүд бидэнд яг одоо ямар үйл явдал өрнөж буйг хэлж өгдөггүй” гэсэн мэдэгдэл нь олон хүний хувьд тавгүйцэл төрүүлдэг.
Энэ нь бидний цаг хугацааг мэдэрдэг мэдрэмж болон физикийн орчин үеийн тэгшитгэлүүдийн тайлбар хоорондох зөрүүг илэрхийлдэг.
Энэ чиг хандлагыг дэмжигчдийн нэг болох онолын физикч, Францын Экс-Марсель их сургуулийн Теоретик Физикийн Төвийн хүндэт профессор Доктор Карло Ровелли цаг хугацааны тухай уламжлалт ойлголтыг эсэргүүцсэн бүтээлүүдээрээ олонд танигдсан. Тэрээр цаг хугацааны дэлхий нийтийн параметргүйгээр ажлыг явуулах “Гогцоон квант таталцал” гэх хандлагыг хөгжүүлсэн байна.
Цаг хугацаа, физик, зөн совин
Бидний зөн совинд одоогийн мөч онцгой, ирээдүй тодорхой бус, өнгөрсөн баттай мэт санагддаг. Гэсэн ч Эйнштейний онолоор бол бүх мөчүүд адил оршиж, түгээмэл одоо цаг гэж байдаггүй.
Судалгаанууд гравитаци цагийг удаашруулж чаддагийг харуулсан. Жишээлбэл, далайн түвшинд цаг хугацаа уулын оройтой харьцуулахад арай удаан өнгөрдөг. Учир нь далайн түвшинд дэлхийн таталцлын хүчид илүү ойрхон байдаг.
Цаг хугацаа харьцангуй байдаг буюу хэр хурдан хөдөлж байгаа эсвэл хүчтэй таталцлын талбайд хэр ойр байгаагаас хамаарч өөрчлөгдөж болно. Бид өдөр тутмын амьдралдаа үүнийг мэдэрдэггүй ч атомын цагны туршилтууд энэ үзэгдлийг баталсан. Эдгээр туршилтуудын үр дүнд хурд болон таталцлын талбайн нөлөөгөөр цаг хугацааны интервал өөрчлөгдөхийг харуулсан байна.
Цаг хугацааны урсгалын мэдрэмж
Хэрэв бид зөн совиндоо тулгуурлавал цаг хугацаа ирээдүйгээс өнгөрсөн рүү үйл явдлыг чирэх мэт урагшилж байгаа мэт санагддаг. Гэвч ерөнхий харьцангуйн онолын дагуу цаг хугацаа түгээмэл урсах шаардлагагүй.
Физикчдийн үзэж байгаагаар бидний тархи “Урсах” хэмээх мэдрэмжийг суурьдаа хөдөлгөөнгүй орших бодит байдлын дээр давхарлан мэдэрдэг аж.
Зарим судлаачид бидний “Цаг хугацааны урсгал” хэмээн нэрлэдэг ойлголт нь физик объектуудын хоорондын хамаарлаас үүсдэг гэж үздэг. Бидний түүх болон дурсамж үйл явдлуудыг “Өмнө” болон “Дараа” хэмээн ангилах сэжүүрийг бүтээж байдаг байж магадгүй юм.
Эйнштейн ба цаг хугацааны талаарх ойлголт
Альберт Эйнштейний онолууд, ялангуяа харьцангуйн онол, цаг хугацааны талаарх бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. 1905 онд нийтлэгдсэн тусгай харьцангуйн онолдоо тэрээр цаг хугацаа хүн бүрт ижил биш гэж дүгнэсэн.
Жишээлбэл, хэрэв та маш өндөр хурдаар хөдөлж байгаа эсвэл гариг шиг асар их масстай биетийн ойролцоо байвал цаг хугацаа танд харьцангуй удаан өнгөрч байгаа мэт санагдана. Харин таталцлын нөлөөллөөс хол, удаан хөдөлж буй хэн нэгэнд цаг хугацаа хурдан өнгөрөх мэт мэдрэгдэнэ.
Энэ үзэгдлийг “Цаг хугацааны удаашралт” гэж нэрлэх бөгөөд хурдтай хөдөлж буй бөөмс болон GPS хиймэл дагуулуудын туршилтуудаар батлагдсан.
1915 онд нийтлэгдсэн ерөнхий харьцангуйн онолдоо Эйнштейн энэхүү ойлголтыг өргөтгөн, таталцал ч мөн цаг хугацаанд нөлөөлдгийг харуулсан. Таталцлын талбайн хүч нэмэгдэхийн хэрээр цаг хугацаа улам удааширдаг.
Эдгээр онолууд цаг хугацааг хэзээ ч өөрчлөгддөггүй тогтмол суурь зүйл гэх уламжлалт ойлголтыг эвдсэн. Цаг хугацаа нөхцөл байдлаас хамааран сунгагдаж, нугарч, гажиж болох уян хатан зүйл гэдгийг баталсан юм.
Цаг хугацааны талаарх квант ойлголтууд
Квант механик энэхүү ойлголтыг бүр ч ээдрээтэй болгодог. Уламжлалт ойлголтод цаг хугацааг туйлын хэмжигдэхүүн гэж үздэг бөгөөд хэсгүүд өөр төлөв рүү шилжих зуур “Цаг” үргэлж урсан өнгөрдөг хэмээн тайлбарладаг.
Гэвч квант туршилтууд нэг ч ажиглагч бүх орчлонгийн “Туйлын одоо”-г тодорхойлж чадахгүйг харуулсан. Зарим эрдэмтэд нэгдсэн онолд цаг хугацааг бүрмөсөн устгахыг эрмэлздэг.
Жишээлбэл, Уилер-ДеВиттийн тэгшитгэл нь квант таталцлыг тодорхойлохдоо цаг хугацааг оролцуулдаггүй. Энэ тэгшитгэл орчлон ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг бус, харин орчлонгийн өөр хэсгүүдийн хоорондын хамаарлыг дүрслэн харуулдаг.
Цаг хугацаа нь ажиглагчид “Цагаа” тодорхойлох үед л цаг хугацаагүй ертөнцийн бүтцээс гарч ирдэг ойлголт болдог аж.
Цаг хугацааны зүг чигийг хайх нь
Цаг хугацаа хий хоосон мэт гэж үзсэн ч бид өнгөрснөөс ирээдүй рүү чиглэсэн сумыг мэдэрсээр байдаг.
Жишээлбэл, бид өндөг хагарахыг хардаг ч дахин бүтэн болохыг хардаггүй. Мөн кофе, сүү хольцлохыг хардаг ч дахин салж буйг нь хардаггүй.
Ихэнх судлаачид энэ чиглэлийг системийн эмх замбараагүй байдлыг хэмждэг энтропитэй холбон тайлбарладаг.
Орчлон ертөнцийн эхлэл үеийн бага энтропит нөхцөл нь эргэж буцашгүй үйл явцын суурийг тавьсан. Тиймээс бидний мэдэрдэг цаг хугацааны чиглэл нь өөрөө цаг хугацаанд шингэсэн зүйл бус, харин эмх замбараагүй байдал руу чиглэсэн статистик хандлагаас үүсдэг аж.
Цаг хугацааны оршихуйг тойрсон оньсого
Зарим мэргэжилтнүүд цаг хугацааг нэг өдөр мөнгө шиг ердөө л ухаалаг тооцооллын хэрэгсэл болохыг ойлгож магадгүй гэж үздэг.
Гэхдээ хүмүүс үргэлж цаг мөч бүрийг чухалчлан амьдарсаар байна. Бидний зүрх секунд тутамд цохилж, цаг дээр тулгуурласан хуваарийг мөрдөж, ирээдүй хараахан болоогүй гэдэгт итгэсээр өдөр тутмын амьдралаа авч явдаг.
Цаг хугацаа хий хоосон зүйл үү, термодинамикийн үр дүн үү, эсвэл гүн гүнзгий хуулиудын гарал үүслийн шинж үү гэдгээс үл хамааран бид өдөр тутмын хэв маягтаа зангидагдсан хэвээр байна.
Магадгүй хамгийн том оньсого бол цаг хугацаа оршдог эсэхээс илүүтэйгээр бидний тархи яагаад цаг хугацааг урсаж буй мэтээр мэдэрдэг, мөн энэ ойлголтоос салах нь яагаад тийм хэцүү байдагт оршиж байж мэднэ.
earth.com