in

Маш ховор De Tomaso P72 гипер автомашин олон нийтийн өмнө ил боллоо

Таван жилийн өмнө автомашин сонирхогчдын анхаарлыг татсан “De Tomaso P72” хэмээх гайхалтай концепц загвар анх удаа танилцуулагдаж байсан бол өдгөө түүний цуврал үйлдвэрлэлийн хувилбар албан ёсоор гарч ирлээ. Хамгийн гайхалтай нь, 2019 оны Гүүдвүүдийн фестиваль дээр олны нүдийг хужирласан тэр гоёмсог загвараасаа бараг огтхон ч өөрчлөгдөөгүй байна.

Маш ховор De Tomaso P72 гипер автомашин олон нийтийн өмнө ил боллоо

Зургаан оронтой тоогоор хэмжигдэхүйц үнэтэй супер автомашинууд цөөнгүй бий ч P72-ын урлаг мэт гоо зүй тэдгээрийг халхалж орхино.

Концепц автомашинууд нь олон нийтийн анхаарлыг татахад зориулагддаг тул ихэвчлэн аюулгүй байдал, хорт утааны стандарт гэх мэт үйлдвэрлэлийн бодит шаардлагуудыг үл харгалзан бүтээгддэг. Гэвч ийнхүү туршилтын шатнаас жинхэнэ зах зээлд гарах явцдаа анхны загвар нь ихэнхдээ ихээхэн “номхорч,” онцгой байдал нь бүдгэрдэг.

Харин De Tomaso энэ уламжлалт хандлагыг эвдэж, 2019 онд харуулсан тэр гайхамшигтай дүр төрхийг бодитоор амилуулж чаджээ. Шинэхэн P72 бол зөвхөн хурд, хүчний тухай бус, харин автомашины уран баримлын хэмжээнд хүрсэн загварын төгс илэрхийлэл болж байна.

De Tomaso P72: Үйлдвэрлэлд бэлэн болсон, гайхамшигтай бүтээл

V8 хөдөлгүүртэй, онцгой загвартай Pantera загвараараа алдартай De Tomaso компани 2019 онд Гүүдвүүдийн хурдны фестиваль дээр 60 жилийн ойгоо тэмдэглэн P72 загварыг анх танилцуулж байв. Энэ загварыг бүтээхэд таван жил зарцуулсан бөгөөд дахин зургаан жилийн дараа, эцэст нь De Tomaso уг машины эцсийн, үйлдвэрлэлд зориулсан хувилбарыг олон нийтэд үзүүлж байна.

Ихэнх концепц машинууд бодит үйлдвэрлэлд орохоороо эх хувилбарынхаа өвөрмөц байдлыг алддаг бол De Tomaso P72 харин ч анхны сэтгэл хөдөлгөм төрхөө хадгалж чаджээ. Маш намхан хийцтэй кузов, хунгийн хүзүү шиг толь, маш богино хамар хэсэг зэрэг нь бүгд хэвээр үлдсэн байна. Машины бүхэл бүтэн кузов болон явах эд анги нь нүүрстөрөгчийн ширхэгтээр (carbon fiber) хийгдсэн бөгөөд энэ нь жинг бууруулж, бат бөх чанарыг нэмэгдүүлдэг.

Эдгээр онцлогууд нь P72-ын гоо зүй зөвхөн гадна төрхөөрөө зогсохгүй, дотроо ч бас гүн утга агуулсан бүтээл болохыг илтгэнэ.

Зөвхөн гаднах төрхөөрөө ч сэтгэл хөдөлгөх энэ автомашины техникийн үзүүлэлтүүдийг харахад бүр ч гайхашрал төрүүлнэ. Жолоочийн ард байрлах гараар угсарсан 5.0 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүр нь Ford-ийн платформ дээр суурилсан бөгөөд өмнөх Pantera загвартай ижил угшилтай. Суперчаржерийн тусламжтайгаар энэ мотор 700 морины хүч, 604 фунт-фут (819 Нм) эргүүлэх момент гаргадаг.

De Tomaso-ийн мэдээлснээр энэ хөдөлгүүр дотроо цул төмрөөр цутгасан эд ангиуд болон тусгай гарцтай яндангийн системтэй бөгөөд энэ нь түүнийг энгийн гаралтай мэт харагдавч давтагдашгүй шинж чанартай болгодог аж.

P72 нь зөвхөн богино арааны хуваарьтай, 6 шатлалт механик хурдны хайрцагтай бөгөөд зөвхөн хойд тэнхлэгт хөтлөгддөг. Гар аргаар тохируулдаг амортизатортой push-rod түдгэлзүүлэлтийн систем нь жолоодлогын “Туйлын мэдрэмжтэй, хурц төрхтэй” байхаар бүтээгдсэн гэдгийг De Tomaso онцолж байна.

De Tomaso: Дижитал ертөнц дэх аналог тунхаглал

Pantera загварын залгамж халаа болсон P72 нь жолооч ба автомашины хоорондын шууд харилцаанд онцгойлон анхаарчээ. Үүнийг батлах ганцхан зүйл бол салон доторх зохион байгуулалт. Pagani, Spyker зэрэг брэндүүдийн механик товчлууруудын нарийн мэдрэмжийг энэ автомашин бүрэн өгч чадна. Ил байрласан хурдны хөшүүргийн холбоос, сайтар боловсруулсан хөнгөн цагаан ирмэгтэй аналог хэмжүүрүүд, мөн гар аргаар оёсон арьсан суудал, жолооны хүрд, хянах самбар гээд бүгд нь P72-г онцгой болгодог.

Үйлдвэрлэгчийнх нь хэлснээр, энэ автомашинд дэлгэц байхгүй, мэдээллийн систем байхгүй, давхар давхар интерфэйс ч байхгүй, зөвхөн цэвэр анхаарал, цэвэр жолоодлого. Үнэнч жолоочдод зориулсан жинхэнэ бүтээл. Бид дурлаж байна, харин энэ автомашиныг авах азтай 72 хүний хувьд ч ялгаагүй сэтгэл ханамжтай байх нь гарцаагүй.

Ингээд дүгнэж хэлэхэд:

De Tomaso P72-ын 72 ширхэг загварын хэд нь аль хэдийн худалдагдсан нь тодорхойгүй байгаа ч үйлдвэрлэгч бүрийг нь захиалагчийн хүсэлтээр нарийн тохируулж, бүрэн захиалгат байдлаар үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. 2019 онд De Tomaso эдгээрийг тус бүрийг “Ойролцоогоор 750,000 еврогоор” ($840,000 орчим буюу ~2.9 тэрбум төгрөгөөр) борлуулна гэж мэдээлж байсан.

Ийм үнэ ханшийн хувьд бид одоохондоо зоосоо хуримтлуулж эхлэх нь зөв бололтой. Харин тэр хооронд De Tomaso-ын онлайн тохируулгын хэрэгслээр тоглож, “Захиалга өгөхөд бэлэн” болохоор зугаацаж болох юм. Хүлээлт дуусах тун дөхсөн, De Tomaso энэ жилийн сүүлээр хүргэлтээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

autoblog.com

What do you think?

Мохамед Салах: Тэр бүхнээ зориулсан хүн, ийм байдлаар үдэх ёсгүй

Мохамед Салах: Тэр бүхнээ зориулсан хүн, ийм байдлаар үдэх ёсгүй

IEM Dallas тэмцээн FaZe ба Liquid багуудын тулаанаар эхэлнэ

IEM Dallas тэмцээн FaZe ба Liquid багуудын тулаанаар эхэлнэ