Реппер Меган Ти Сталлион 2020 онд хөлөндөө буудуулсан хэрэгтэй холбоотой дахин олны анхааралд орлоо. Канад уран бүтээлч Торри Лэйнз болон түүний өмгөөлөгчид хэргийг дахин сөхөж, шинэ гэрч гарч ирсэн хэмээн мэдэгдсэний дараа тэрбээр өөрийн байр суурийг цахим сүлжээнд илэрхийлжээ.
Торригийн өмгөөлөгчдийн мэдээлж буйгаар уг гэрч нь Меганы найзын бие хамгаалагч бөгөөд буудсан хүн нь Лэйнз биш гэж сонссон хэмээн мэдүүлсэн байна. Гэвч Меган энэ мэдээллийг эрс няцааж, үнэн худлыг ялгах цаг аль хэдийн өнгөрсөн гэдгийг онцолжээ.
“Надад буудуулсан гэдгээ дахин дахин санах маш хүнд. Энэ бүхнийг давж туулсан намайг байнга буруутгаж, гүтгэж байгаад үнэхээр залхаж байна. Надад буудуулсан гэдгийг олон нийтийн өмнө хэлэх нь хэн нэгнийг гутаах зорилготой худал яриа байж яаж чадах юм бэ?” хэмээн тэр бичсэн байна.
Тэрээр цааш нь: “Би яагаад өөрийгөө буудуулсан гэж худлаа ярих ёстой гэж? Надад энэ бүхнийг зохиож ярих ямар ч шалтгаан байхгүй. Яагаад буудсан хүний оронд буудуулсан намайг буруутгаад байгаа юм бэ?” хэмээн тодотгожээ.
“Баримт бол баримт. Энэ хэргийг шүүх дээр нотолсон. Торри, чи намайг буудсан. Интернэт дэх үзэн ядалт үнэнийг өөрчилж чадахгүй” гэж тэр байр сууриа илэрхийлэв.
Түүний өмгөөлөгч Алекс Спиро ч мөн 5-р сарын 15-нд XXL сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ: “Торри Лэйнз хуулийн дагуу шүүгдэж, буруутай нь тогтоогдсон. Энэ бол улс төрийн сэдэлтэй хэрэг биш, харин хүч хэрэглэсэн гэмт хэргийн шийдвэр” гэж онцолсон байна.
Торригийн дэмжигчид түүнийг өршөөхийг уриалан Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсомд хандан өргөдөл гаргаж, олон нийтийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Уг өргөдлийг Дрейк, Ye (хуучнаар Kanye West), Kodak Black, Trippie Redd зэрэг уран бүтээлчид дэмжиж, өөрсдийн цахим хуудсаар хуваалцсан байна.
billboard.com