in

Миний хамтрагч сэтгэл зүрхний минь хань мөн үү?

Сэтгэл зүрхний хань гэж үнэхээр байдаг уу? Та “Нэг л хүнийг” олсон эсэхээ хэрхэн мэдэх вэ? Сэтгэл зүрхний хань болон жинхэнэ хайрын талаар илүү ихийг олж мэдээрэй.

Миний хамтрагч сэтгэл зүрхний минь хань мөн үү?

Би алдарт поп дуучин, телевизийн хамгийн халуухан ‘Hardy Boy’ Шон Кэссидиг жинхэнэ сэтгэл зүрхний хань минь гэж боддог байлаа. 13 настай охин байхдаа би “Tiger Beat” сэтгүүлээс зургийг нь хайчилж өрөөндөө дүүрэн наачихаад, тэр ирж намайг хөтлөөд математикийн даалгавраас минь чөлөөлөн, Беверли Хиллс руу авч явахыг хүлээдэг байлаа. Бид хамтдаа
Үүрд
Жаргалтай
Амьдарна.

Гэхдээ Шон миний сэтгэл зүрхний хань биш байжээ.

Гэсэн ч хэзээ ч уулзаж байгаагүй хүнд төрсөн тэр их хүсэл, шунал мэт татагдалт бодит мэт санагддаг байв. Цаашлаад энэ гүн гүнзгий хайрлуулж, хамгаалагдах гэсэн хүсэл минь ирээдүйд таарах бодит хайруудад минь хүртэл сүүдрээ тусгасаар байлаа.

Та анхны дурлалынхаа тухай санаж байна уу? Би энэ асуултыг олон хосуудаас асууж байсан бөгөөд тэд бүгд л галзуу дурлалын мэдрэмж нь тэднийг гэрэлтүүлж, заримдаа тарчилгаж байсан тухайгаа хуваалцдаг.

Бид өсвөр насны хүүхдүүд биш болсон. Гэсэн ч олон насанд хүрэгчид төгс тохирох нэгэн хүн тэднийг бүтэн болгоно гэсэн итгэл тээн амьдардаг. Гэвч энэ туйлын итгэл бодит амьдралын шалгууртай тулгарахад харилцааны том асуудлуудыг үүсгэж болно. Эхний шатны гал халуун дурлал буурч, амьдралын бодит байдал ил гарч ирэхэд бид хамтрагчаа хэрхэн харж, ойлгох нь сэтгэл зүрхний хань гэж юу болохыг дахин тодорхойлох боломжийг олгодог.

Сэтгэл зүрхний хань гэж юу вэ?

Сэтгэл зүрхний хань гэсэн ойлголтыг Платонтой холбож үздэг ч үнэн хэрэгтээ энэ санааг эртний Грекийн жүжгийн зохиолч Аристофан гаргаж байжээ. Тэрээр хүнийг эхээс төрөхдөө хагас сүнстэй төрдөг бөгөөд нөгөө хагасаа олохгүй бол насан туршдаа ганцаардал, шаналалтай амьдарна гэж үзсэн байна.

Гэвч энэ нь эрүүл сэтгэл зүй, эрүүл харилцаанд хүргэх хандлага биш. Хүчтэй, бат бөх харилцааг бий болгоход тууштай байдал, тэвчээр, хичээл зүтгэл шаардлагатай. Хэрэв та буруу хүнтэй гэрлэсэн гэж бодвол харилцаагаа сайжруулах хүсэлгүй болох магадлалтай.

Би хосуудтай ажиллахдаа тэднээс сэтгэл зүрхний ханийг төсөөлөх загвараа ухамсарлахыг хүсдэг. Ингэхэд тэд хэтэрхий өндөр хүлээлттэй байдаг нь илэрдэг. Гэвч бодит амьдрал дээр хэн ч төгс байх боломжгүй. Тиймээс энэ төсөөллөө бодит байдалд нийцүүлж, удаан хугацааны харилцаанд байх жинхэнэ утгыг ойлгох нь чухал юм.

Сэтгэл зүрхний ханийг ойлгох 3 үе шат

Хайр дурлалын харилцаанд итгэлцэл, үнэнч байдал, бие биедээ татагдах байдал, хүсэл тэмүүлэл, ая тух, сэтгэл санааны холбогдол зэрэг олон элементүүд байдаг. Гэвч эдгээр нь үргэлж тогтвортой байдаггүй.

Амьдралд гадны хүчин зүйлс болон хувь хүний өөрчлөлтөөс хамааран хайр сэтгэл янз бүрийн хэлбэрт ордог. Үүнээс үндэслэн би сэтгэл зүрхний ханийг ойлгох гурван үе шат байдаг гэж үзэж байна.

1. Ухаан алдам дурлах үе шат “Би сэтгэл зүрхний ханиа олчихлоо!”

Шинэ хайр дурлалд умбах нь хэчнээн гайхалтай вэ? Шинжлэх ухаанаар тайлбарлавал, энэ бол биохими, мэдрэлийн тогтолцоо, хүсэл мөрөөдөл холилдсон таатай мэдрэмж юм. Тиймээс л хүмүүс “Би тэр нэгнийг олсон!” гэж итгэдэг.

Гэхдээ шинжлэх ухаан үүнийг хэрхэн тайлбарладаг вэ? Прэри хулгана хосоороо амьдардаг бөгөөд үнэрээр хосоо таньдаг. Судалгаагаар хүн ч мөн адил үнэрээр нягт холбоо тогтоох чадвартайг тогтоожээ. Гэвч энэ нь сэтгэл зүрхний ханийг бодитоор батлах нотолгоо болох уу? Үгүй. Учир нь хайр дурлалын эхний шатны сэтгэл хөдлөл ердөө 18-24 сар үргэлжилдэг бөгөөд үүний дараа бид хамтрагчаа өөрөөр харж эхэлдэг.

2. Гэрлэлтийн бодит байдал “Чи миний сэтгэл зүрхний хань биш юм шиг санагдаж байна…”

Таны анхны дурлалын халуун мэдрэмж хэр удаан үргэлжилсэн бэ? Ихэнх хосуудад хайр сэтгэлийн эхний шат өнгөрсний дараа “Гэрлэлт ХХК” гэх дараагийн үе шат эхэлдэг. Энэ үед хамтрагчид шинэ байшин авах, хүүхэд өсгөх, карьераа өсгөх зэрэг бодит амьдралын хариуцлагуудыг үүрч эхэлдэг.

Ингээд харилцааны романтик байдал арилж, хоёр хүн зөвхөн амьдралаа зохицуулах түншүүд шиг болдог. Энэ үе шатанд олон хос сексгүй, үл хайхрах байдалтай, ганцаардмал болж, “Би буруу хүнтэй гэрлэсэн үү?” гэж эргэлзэх нь элбэг.

3. Урам зоригтой хайр “Бид сэтгэл зүрхний хань болсон байна!”

Хэрэв та хамтрагчтайгаа ажиллаж, харилцаандаа цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулбал урам зоригтой хайр гэх гайхалтай үе шатанд хүрэх боломжтой.

Энэ үед та хамтрагчаа өөрийн “Ганц хань” гэж үзэхээ больж, харин хамтдаа өсөж хөгжиж, амьдралын бэрхшээл, баяр хөөрийг хамтдаа туулсан хамгийн итгэлтэй хүн гэж ойлгодог. Тэд таны сэтгэлийг уншиж, сул талуудыг тань мэддэг ч гэсэн хайрласаар байдаг.

Тиймээс жинхэнэ сэтгэл зүрхний хань бол хувь тавилангаар олддог нэгэн биш. Харин та хоёул хамтдаа бий болгосон хүчирхэг холбоо юм.

Миний нөхөр сэтгэл зүрхний минь хань биш. Гэхдээ тэр миний сүнсийг харж, сул талуудыг минь ойлгож, намайг хайрладаг. Би ч мөн түүнийг хайрладаг.

Та хайрлаж байсан хүнээ ахин дахин хайрлаж чадна. Харин үүнд хичээл зүтгэл, ухаалаг хандлага л хэрэгтэй.

gottman.com

What do you think?

17 Points
Upvote Downvote

Leave a Reply

Webb сансрын дуран “Огторгуйн хар салхи”-г гайхамшигтайгаар дүрсэллээ

Webb сансрын дуран “Огторгуйн хар салхи”-г гайхамшигтайгаар дүрсэллээ

Assassin’s Creed Shadows тойм

Assassin’s Creed Shadows тойм