Шинээр нээгдсэн өдтэй, хоёр хөлтэй үлэг гүрвэл нь “Онцгой сайн хадгалагдсан, ер бусын гар”-тай байсан бөгөөд ердөө хоёр хуруутай, тус бүр нь аварга том, сарвуу хэлбэрийн хумстай байв.
Монголын зүүн өмнөд хэсгээс олдсон гайхалтай чулуужсан олдвор нь хумс бодит амьдралд ямар харагдаж байсан талаар судлаачдад тодорхой ойлголт өгсөн бөгөөд түүний кератин бүрхүүл нь тодорхой харагдахуйц хадгалагдан үлдэж, ясны үзүүрийг хурц сарвуу болгон сунгаж байжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн палеонтологич Ёшицүгу Кобаяши тэргүүтэй судлаачдын баг чулуужсан олдворын хэлбэр, ойрын төрөл зүйлүүдтэй харьцуулсан судалгаа, геологийн орчныг шинжилснээр энэ үлэг гүрвэлийг шинжлэх ухааны ямар ангилалд оруулахыг тогтоожээ.
Тэд үүнийг Duonychus tsogtbaatari гэж нэрлэсэн бөгөөд төрлийн нэр нь грек хэлнээс орчуулбал “хоёр хумс” гэсэн утгатай, харин зүйл нэр нь Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын нэрээр нэрлэгджээ.
Чулуужсан олдворыг 2012 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн судалгааны баг Говийн цөл дэх Цэрдийн галавын тунамал давхаргаас малтан гаргасан байна.
Энэхүү бүс нь Баянгийн формац (Баянширээ) хэмээн нэрлэгддэг бөгөөд хуурай уур амьсгал, царцсан шавар, шороон давхаргуудын ачаар үлэг гүрвэлийн чулуужсан олдвор элбэг байдаг. Эндээс аварга том хөлийн мөр, нисэх онгоцны хэмжээтэй птерозаврууд, алдарт “Тулалдсан үлэг гүрвэлүүд” зэрэг олдворууд илэрч байсан.
Чулуужсан олдворын ойролцоох эрдэс давхаргад уран-хар тугалганы аргаар нас тодорхойлох шинжилгээ хийж үзэхэд уг үлэг гүрвэл 90-95 сая жилийн өмнөх үед хамаарах магадлалтай гэж тогтоогджээ.

Олдворын ихэнх хэсэг нь дээд мөч, их биеийн яснаас бүрдэнэ: нурууны сээр нурууны хэсгүүд, бага зэрэг аарцаг, хавирга, мөрний нэг далны хэсэг, түүнчлэн гар, сарвууны олон яс хадгалагджээ.
Мэдээж хэрэг, Карди Би-г ч атаархмаар аварга том хумсууд хамгийн онцлох олдвор болсон. Duonychus-ийн хумс бараг 30 см (12 инч) урттай аж.
Энэ нь Цэрдийн галавын үеийн Ази, Хойд Америкт олдсон өдтэй, хоёр хөлт үлэг гүрвэлүүдийн Therizinosaur овогт багтах бөгөөд уг бүлэгт харьяалагддаг үлэг гүрвэлүүд гурван хуруутай, том хумстай гэдгээрээ онцлог байв.

“Duonychus tsogtbaatari-ийн нээлт нь маш чухал бөгөөд энэ нь хоёр хуруутай анхны теризинозавр юм” гэж Кобаяши New Scientist-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Ихэнх теропод үлэг гүрвэлүүд, үүнд бусад теризинозаврууд ч багтана, мөн гурван хуруутай байсан. Харин нэг хуруугаа алдаж, хоёр хуруутай болсон нь тун хачирхалтай.”
Тероподын бүлэгт Tyrannosaurus зэрэг алдартай төрөл зүйлүүд багтдаг бөгөөд гурав дахь хуруу нь багассан эсвэл бүрэн алга болсон тавхан төрлийн үлэг гүрвэл л мэдэгдээд буй. Эдгээр нь тус бүрдээ бие даан ийм хувьсалд орсон бөгөөд шалтгаан нь ч өөр өөр байжээ.
Duonychus яагаад хоёр хуруутай болж хөгжсөнийг нэмэлт олдвор, судалгаагүйгээр тодорхой хэлэх боломжгүй ч судлаачид үүнийг түүний хооллох арга барилтай холбоотой гэж үзэж байна.
Түүний хүчирхэг, нумарсан хумснууд нь 90 градус хөдөлгөөн хийх чадвартай байсан нь Duonychus ургамалд наалдаж, олзоо атгах, магадгүй унжиж буй навчсыг сарвуугаараа татаж, идэхэд ашигладаг байж болзошгүйг илтгэж байна.
“Теризинозаврууд урт хүзүүтэй, навч хэлбэрийн жижиг шүдтэй, өвсөн тэжээлт эсвэл холимог хоолтой тероподууд байсан. Тиймээс тэдний онцгой гарын хөгжил хооллох хэв маягтай нь салшгүй холбоотой” гэж судалгааны баг тайлбарлажээ.
“Хумс ихэвчлэн үндсэн зориулалттай байдаг ба ихэнх теризинозавруудын хувьд энэ нь модноос навч тасдах үүрэгтэй байсан бол өөр бусад зорилгоор, тухайлбал, нутаг дэвсгэр хамгаалах, өөрийгөө хамгаалах, эр хүйсний анхаарлыг татах, тоглох зэрэгт ч ашиглагдаж байсан байж болох юм.”

Судлаачид энэ нь хумсны кератин бүрхүүл болон дотор талын хурууны ястайгаа хамт гурван хэмжээстээр бүрэн хадгалагдсан хамгийн том үлэг гүрвэлийн хумс гэж тодорхойлжээ.
“Кератин ихэвчлэн чулууждаггүй. Яснаас хамаагүй түрүүлж задардаг” гэж Кобаяши New Scientist-д тайлбарлажээ.
“Бидний олдог ихэнх үлэг гүрвэлийн хумс нь ердөө дотор яс нь байдаг. Гэвч амьд үедээ бодит хумс нь зузаан кератин бүрхүүлээр хучигдсан байсан бөгөөд энэ нь илүү урт, илүү муруй харагдуулж байжээ.”
Энэхүү судалгаа iScience сэтгүүлд хэвлэгджээ.
sciencealert.com