Өнгөрсөн Лхагва гарагт Польшийн Clone Robotics компани өөрийн Protoclone нэртэй бүтэн биетэй хүн хэлбэрт роботын бичлэгийг нийтэлжээ. Уг робот синтетик булчин ашиглан хүний хөдөлгөөнийг гайхалтай дуурайж байгаа бөгөөд бичлэгт таазнаас дүүжлэгдэн үе мөчүүд нь татганаж, өшиглөхийг харуулсан байна. Тус компани үүнийг айл гэрийн ажилд туслах робот бүтээх зорилгоо биелүүлэх томоохон алхам хэмээн онцолжээ.
Clone Robotics компани Protoclone-ийг 206 яс бүхий полимер араг ясны бүтэцтэйгээр зохион бүтээсэн бөгөөд уг робот ирээдүйд хүний хэрэглэдэг багаж хэрэгсэл барьж, угаалгын ажил хийх, аяга таваг угаах, хоол бэлтгэх зэрэг даалгавар гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Protoclone нь компанийн “Myofiber” технологид суурилсан 1,000 гаруй хиймэл булчинтай бөгөөд энэ нь McKibbin-ийн хийн булчингийн концепцыг улам хөгжүүлсэн хувилбар юм. Эдгээр булчин нь гидравлик шингэнээр дүүрэх үед агших торон хоолойноос бүрдэх бөгөөд хүний булчингийн үйл ажиллагааг дуурайдаг. 500 ваттын цахилгаан насос нь “Зүрх”-ийн үүрэг гүйцэтгэж, 40 литр/минут хурдтайгаар шингэн шахдаг.
Protoclone, the world's first bipedal, musculoskeletal android. pic.twitter.com/oIV1yaMSyE
— Clone (@clonerobotics) February 19, 2025
Практикт ашиглах боломжтой хүн хэлбэрт робот бүтээх өрсөлдөөнд зөвхөн Clone Robotics оролцож буйгүй. Өмнө нь Boston Dynamics, Unitree, Figure, Tesla зэрэг компаниудын хүн хэлбэрт роботыг танилцуулж байсан. Мөн Nvidia, Google, Microsoft зэрэг технологийн компаниуд хиймэл оюун ухааны загвар хөгжүүлж, ирээдүйн айл гэрийн туслах роботуудыг бүрэн автономит болгохоор өрсөлдөж байна.
279 роботоор үйлдвэрлэлээ эхлүүлнэ
Protoclone одоогоор зөвхөн дүүжлэгдэн туршигдаж байгаа прототип хэдий ч маш их технологи шингэсэн. Түүний мэдрэгчийн систем нь гавал дотор суурилуулсан дөрвөн гүн мэдрэгч камер, үеийн байрлалыг хянах 70 инерцийн мэдрэгч, хүчний хариу өгдөг 320 даралтын мэдрэгчээс бүрдэнэ. Энэ систем нь роботоор харааны оролтод хариу үйлдэл үзүүлж, хүнээс ажиглаж сурах боломж олгодог.
Бичлэгээс харахад Protoclone одоогоор хөгжлийн эхэн шатандаа байгаа тул тогтвортой байдлыг хангахын тулд таазнаас дүүжилсэн байна. Clone Robotics 2022 онд ижил Myofiber булчин ашигласан робот гар бүтээж байснаа танилцуулсан бол хэдхэн сарын өмнө энэ технологид суурилсан робот их биеийг ч мөн үзүүлсэн билээ.
Өөр компаниудын робот ихэвчлэн соленойд, цахилгаан мотор зэрэг бусад төрлийн идэвхжүүлэгч ашигладаг бол Clone Robotics-ийн даралтад суурилсан булчинт систем нь өвөрмөц шийдэл юм. Гэхдээ Protoclone-ийг өөрийн биеэр тогтвортой зогсож, хөдөлгөөн хийх чадвартай болгох нь томоохон сорилт хэвээр үлдэж байна.
Clone Robotics компани 2025 оны сүүлээр урьдчилсан захиалга авч эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний шатанд 279 ширхэг Clone Alpha робот үйлдвэрлэх аж. Гэсэн ч инженерийн олон бэрхшээл тулгарч буй тул ойрын хугацаанд бүрэн ажиллагаатай хувилбар зах зээлд гарах нь эргэлзээтэй байна.
arstechnica.com