in

Нөлөөлөгчдийн ядаргаа нэмэгдэж байна

Онлайнаас тасралтгүй хамааралтай амьдрал, тогтворгүй орлого, олон нийтийн дарамтаас үүдэлтэй сэтгэлзүйн асуудал контент бүтээгчдийн дунд газар авсаар байна. Үүнийг шийдэх зорилготой “CreatorCare” нэртэй шинэ платформ нээгдлээ.

Нөлөөлөгчдийн ядаргаа нэмэгдэж байна

Нөлөөлөгчид өөрсдийн стресс, ядаргаа, допамины хамаарал, биеийн дүр төрхийн дарамтын талаар илүү ил тод ярих болсонтой зэрэгцэн, тэдний өвөрмөц ажлын онцлогт тохирсон шинэ сэтгэл зүйн үйлчилгээ бий болж байна.

Контент бүтээгч, нөлөөлөгч Жэйд Пауэлл ирээдүйд сошиал медиагаас бүрмөсөн холдохыг зорьж буй. Одоогоор тэрбээр LinkedIn платформ дээр өдөр бүр бичлэг нийтэлж, Uber, Delta Airlines зэрэг брэндүүдийн арга хэмжээнд оролцон, бусдад брэнд хамтын ажиллагааг хэрхэн байгуулах талаар зөвлөдөг. Хэдхэн долоо хоногийн өмнө тэрээр 2025 оны эхний улиралд 50,000 доллар (ойролцоогоор 170 сая төгрөг)-оос илүү орлого олсон тухайгаа нийтэлсэн.

Амжилттай харагдаж буй ч, Пауэлл “Үргэлж онлайн байх” нь түүнд сөргөөр нөлөөлснийг нуудаггүй. “Өглөө бүр утсаа гаргаж үзэх нь хэвийн зүйл биш гэж боддог” хэмээн хэлээд, дэлгэц ширтсэнээс үүдэлтэй толгойн өвдөлтөө бууруулахын тулд 2021 оноос хөх гэрэл шүүдэг шил зүүдэг болсон тухайгаа хуваалцсан. Тэрбээр сошиал медиад донтох, ‘engagement’ буюу хандалтын допамины хариу үйлдэлд автах нь хэвийн үзэгдэл болсныг ч хүлээн зөвшөөрч байна.

Сэтгэл зүйчтэй сардаа нэг удаа уулздаг тэрээр ихэнх уулзалтынхаа үеэр ажлын дарамт, анхаарал татахын тулд тасралтгүй шинэ зүйл хийх шаардлага, олон нийтийн дарамт шахалтын талаар ярьдаг гэнэ. Гэхдээ орлогын тогтворгүй байдлаас болж нөлөөлөгчдийн дийлэнх нь сэтгэл зүйчид хандахыг “Тансаг хэрэглээ” гэж үздэг гэжээ.

Энэ орон зайг нөхөх зорилгоор шинээр нэвтэрч буй CreatorCare гэх телемедицин үйлчилгээ сэтгэл зүйчийн тусламжийг бүтээгчдэд зориулан, уян хатан төлбөртэйгөөр санал болгож эхэлжээ. Revive Health Therapy болон Creators 4 Mental Health хэмээх байгууллагуудын хамтарсан уг санаачилга нь хүний сэтгэл зүйчтэй онлайн уулзалт зохион байгуулж, 60–180 доллар (ойролцоогоор 205,000–620,000 төгрөг)-ын хооронд үнэлгээтэйгээр үйлчилгээ үзүүлнэ.

Контент бүтээгчдийн ядаргаа нэмэгдэж буйг харуулсан бас нэг жишээ бол алдарт YouTuber Mr. Beast-ийн хэлсэн үг. Тэрбээр “Хэрвээ би сэтгэл зүйгээ нэгдүгээрт тавьсан бол одоогийнх шиг амжилтад хүрэхгүй байх байсан” хэмээн ярьсан. Судалгаагаар ч мөн олон цагаар сошиал медиа ашиглах нь сөрөг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг бөгөөд жилд 10,000 доллароос доогуур орлого олдог нөлөөлөгчид илүү их дарамт мэдэрдэг болохыг тогтоожээ.

CreatorCare-ийн үүсгэн байгуулагч Шира Лазар “Алга болохоос айх мэдрэмж нь биднийг ядаргаанд хүргэдэг. Энэ систем биднээс өдөр бүр фийдээ тэжээхийг шаарддаг” хэмээн хэлсэн. Контент бүтээгчид нийгмийн сэтгэлзүй, хоолны эмгэг, тогтворгүй орлого, өөрийн гэсэн бие даасан дүр төрхгүй болох зэрэг асуудалтай нүүр тулдаг гэнэ.

Түүнчлэн контент бүтээгч гэдэг мэргэжил нь Gen Z буюу шинэ үеийнхний дунд хамгийн эрэлттэй ажил болоод байна. Morning Consult-ийн 2023 оны судалгаагаар Gen Z-ийн 57 хувь нь нөлөөлөгч болохыг хүсдэг гэжээ.

Revive Health Therapy-ийн үүсгэн байгуулагч, гэр бүлийн сэтгэл зүйч Эми Келли энэ салбарыг “техник үйлчилгээ, арчилгаагүйгээр бүтээгдсэн машин” гэж зүйрлэжээ. Тэрбээр сошиал медиад байнга like, сэтгэгдэл авснаар бодит харилцаатай төстэй допамины хариу үйлдэл өгдөг ч, харин сөрөг сэтгэгдэл ирэх үед бодитоос хэд дахин илүү сэтгэл санаанд нөлөөлдөг гэж тайлбарласан.

Жишээлбэл, Пауэлл Блю Айвигийн тоглолтыг магтсан пост оруулсны дараа интернэт орчинд “тарган” гэж доромжлуулсан. Харин хар арьст эмэгтэйчүүдэд зориулсан каннабисын хамт олныг үүсгэх үедээ мөн арьс нэгтнүүдээсээ “хар арьстнуудад хар тамхийг сурталчилж байна” гэх дайралтад өртсөн байна.

Заримдаа тэрбээр гүйцэтгэх захирлуудтай ярихдаа өөрийн нөлөөлөгч гэсэн тодотголыг бус, маркетингийн туршлагыг илүү тодотгохыг хичээдэг аж. “Контент бүтээгч гэдэг үг зарим хүнд ‘жинхэнэ ажил’ шиг сонсогддоггүй нь үнэн” хэмээн тэр хэлсэн.

Гэхдээ энэ ойлголт өөрчлөгдөж байгааг АНУ-ын Creators Guild-ын ерөнхийлөгч Даниэл Абас онцолсон. Уг байгууллага 2023 онд байгуулагдсан бөгөөд 1,000 гаруй нөлөөлөгчийг төлөөлдөг. Үндсэндээ бизнес бүр хэрэглэгчийн анхааралд найдаж оршин тогтнодог тул “анхаарал бол худалдаа” гэдэг утгаар нөлөөлөгчид энэ тал дээр бусдаас түрүүлж яваа гэж Абас хэлжээ.

Гильд нь нөлөөлөгчдийн ажиллах нөхцөлийг тодорхойлсон “rider” хэмээх удирдамжийг гаргаж, үүнийг Whalar, Linktree зэрэг брэндүүд хүлээн зөвшөөрөөд байгаа. Уг удирдамжид 90 хоногийн дотор төлбөр хийх, бүтээгчид контентоо өмчлөх эрхтэй байх зэргийг тусгасан. Гэсэн ч энэ гильд нь албан ёсны үйлдвэрчний эвлэл биш бөгөөд цалин, эмнэлгийн ашиг тус үзүүлэх боломжгүй, жилд 99 долларын гишүүнчлэлтэй юм.

Лазарын хувьд нөлөөлөгчийн карьерийг орхихоор төлөвлөөгүй. Харин энэ салбарт ажиллах нөхцөлийг өөрчилж, тогтвортой, сэтгэлзүйн хувьд хамгаалагдсан орчин бүрдүүлэхийг хүсдэг. “Би Жоан Риверс шиг л нас барах хүртлээ бүтээнэ. Тиймээс өөрийгөө урт хугацаанд амжилттай авч явах орчныг бий болгохыг хүсдэг” гэжээ.

wired.com

What do you think?

Ninjas in Pyjamas баг Chiliz-тэй хамтран The Dojo платформыг хөгжүүлнэ

Ninjas in Pyjamas баг Chiliz-тэй хамтран The Dojo платформыг хөгжүүлнэ

Хау: Ньюкасл Аваргуудын лигт дахин шалгарах ёстой гэж дотроосоо мэдэрч байна

Хау: Ньюкасл Аваргуудын лигт дахин шалгарах ёстой гэж дотроосоо мэдэрч байна