in

Огторгуйн хамгийн төгс бөмбөлөг хэлбэртэй супернова эрдэмтдийг гайхашруулж байна

Огторгуйн хамгийн төгс бөмбөлөг хэлбэртэй супернова эрдэмтдийг гайхашруулж байна

Огторгуйн уудам орон зайд оддын дэлбэрэлт, хар нүх рүү сорогдох материал, чиглэлгүй тэнүүчлэгч гаригууд зэрэг эмх замбараагүй, хүчирхэг үзэгдлүүд тасралтгүй өрнөдөг. Ийм эмх замбараагүй байдлын дунд ямар нэгэн төгс төгөлдөр дүрс ажиглагдах нь астрономичдын сонирхлыг ихээр татдаг. Тухайлбал, нэгэн одны дэлбэрэлтийн дараа үлдсэн хий, тоосонцрын үүл яг л бөмбөлөг шиг симметр хэлбэртэй харагдсаныг саяхан илрүүлжээ.

Австралийн Дөрвөлжин Километрийн Радио Телескопын тусламжтайгаар авсан зургууд дээр илэрсэн энэ биет нь дэлбэрсэн одны үлдэгдэл бөгөөд ер бусын төгс дугуй хэлбэртэй байгаагаараа эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Судлаачид үүнийг “Телейос” хэмээн нэрлэжээ. Энэ нь грек хэлээр “төгс” гэсэн утгатай үг юм.

Сүүн замын галактик дахь энэхүү биет тийм ч тод гэрэл ялгаруулдаггүй бөгөөд супернова үлдэгдлүүд дундаа хамгийн бүдэг гэрэлтэлттэйд тооцогдож байна. Гэхдээ үүний хамгийн онцлох зүйл нь симметрийн түвшин. Телейос бараг төгс бөмбөрцөг хэлбэртэй ажиглагдсан нь уг үүл хэрхэн ийм тогтвортой хэлбэртэй болж бүрэлдсэн талаар олон асуулт бий болгожээ.

Тус биет дэлхийгээс 7175 гэрлийн жил эсвэл 25,114 гэрлийн жилийн зайд оршиж магадгүй гэсэн хоёр өөр таамаглалыг эрдэмтэд дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь түүний бодит хэмжээ, нас зэргийг тодорхойлоход хүндрэл учруулж байна. Хэрэв ойрхон бол 46 гэрлийн жилийн өргөнтэй, харин алс хол оршдог бол 157 гэрлийн жил хүрэхүйц хэмжээтэй байж болзошгүй. Үүнийг харгалзан үзвэл Телейос нь 1000 хүрэхгүй жилийн настай ч байж болох, эсвэл 10,000 гаруй жилийн өмнө үүссэн ч байж мэдэх юм.

Түүнчлэн Телейос зөвхөн радиогийн долгионы мужид илрэж байгаа нь судлаачдын хувьд дахин нэг сонирхолтой сэжүүр болж байна. Загварчлалаар бол Х-туяаны цацрал байх ёстой атал огт илрээгүй. Үүнийг Ia төрлийн супернова байж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд энэ нь хоёр од бүхий системд нэг нь цагаан од байх үед гардаг дэлбэрэлт юм. Ийм тохиолдолд ихэвчлэн нэгэн “үхсэн” од үлддэг бөгөөд Телейост ойр орших нэгэн од үүнд тохирч болзошгүй ч тухайн тохиолдолд Телейосын хэмжээ ердөө 11 гэрлийн жил байх ёстой болно. Харин хэмжигдсэн зайнууд энэ таамагтай нийцэхгүй байгаа юм.

“Бид Телейосын онцгой шинж чанаруудыг тайлбарлах хэд хэдэн хувилбарыг авч үзсэн ч бүгдэд нь тодорхойгүй зүйлс бий. Ia төрөл байх магадлал хамгийн өндөр боловч үүнийг батлах нотолгоо одоогоор алга” хэмээн судалгааны баг онцолжээ.

Эрдэмтэд энэ онцгой симметр хэлбэртэй биетийн нууцыг тайлахын тулд илүү өндөр нарийвчлалтай, мэдрэмж өндөртэй ажиглалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

gizmodo.com

What do you think?

“Сэрүүлгээ дахин дарах зуршил” эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг судалгаа харуулжээ

“Сэрүүлгээ дахин дарах зуршил” эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг судалгаа харуулжээ

Дукурэ Эвертонд сэтгэлээ шингээсэн мэндчилгээгээрээ баяртай гэж хэллээ

Дукурэ Эвертонд сэтгэлээ шингээсэн мэндчилгээгээрээ баяртай гэж хэллээ