Ойролцоогоор 13.8 тэрбум жилийн өмнө нэгэн нягт, халуун гал бөмбөлөг дэлбэрч, өнөөгийн орчлон ертөнц манай Сүүн замаас эхлээд хэдэн триллион галактик үүссэн түүхтэй. Гэвч шинжлэх ухааны шинэ судалгаагаар орчлон ертөнц “Унтарч” эхэлсэн бөгөөд энэ үйл явц эрдэмтдийн урьд өмнө тооцоолж байснаас хамаагүй хурдтайгаар өрнөж буйг харуулжээ.
Нидерландын Радбаудын их сургуулийн судлаачдын тооцоолсноор орчлонгийн сүүлчийн одон орны үлдэгдэл 10⁷⁸ жилийн дараа бүрэн устах төлөвтэй. Энэ нь араас нь 78 тэг залгасан 1 гэсэн тоо, өөрөөр хэлбэл бидний төсөөлөхийн аргагүй урт хугацаа юм. Гэхдээ энэ нь өмнөх таамаглал болох 10¹¹⁰⁰ жилтэй харьцуулахад нэн эрт гэсэн үг.
Энэхүү судалгаа нь 2023 онд эхэлсэн цуврал ажлын үргэлжлэл бөгөөд хар нүх, нейтрон од зэрэг биетүүд Хокингийн онолд дурдсанчлан цацраг ялгаруулж, цаг хугацааны явцад “ууршдаг” болохыг харуулсан байна. Судалгаанд оролцсон эрдэмтэд объектын нягт нь ууршилтын хурданд хэрхэн нөлөөлдөг, мөн хар нүх өөрийн ялгаруулсан цацрагийн хэсгийг буцаан шингээдэг нь энэ үйл явцыг удаашруулдгийг тогтоожээ.
Тэдний тооцооллоор:
- Нейтрон од болон одны хар нүх нь ойролцоогоор 10⁶⁷ жилийн дараа ууршина.
- Сарны хувьд энэ хугацаа 10⁹⁰ жил хүрнэ.
“Орчлонгийн эцэс бидний урьдчилан бодож байснаас эрт тохионо. Гэхдээ одоогоор санаа зовох хэрэггүй, бидэнд хангалттай их хугацаа байна” хэмээн хар нүхний мэргэжилтэн Хайно Фалке онцолжээ.
Мөн тус судалгааны хамтран зохиогч математикч Валтер ван Сёйлеком “Бид ийм хэт туйлширсан нөхцөлийг авч үзснээр Хокингийн цацрагийн онолыг илүү гүнзгий ойлгох боломжтой болно. Нэг өдөр энэ нууцыг бүрэн тайлж чадна гэж найдаж байна” хэмээн нэмж дурдсан байна.
gizmodo.com